Categories
мэдээ спорт цаг-үе

Цаначид “Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө Финланд улсыг зорив

“Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа нар багтжээ. Тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо /FIS/-ны олимпын оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа хоёрдугаар сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Монголын гүйлтийн цаначид “Инсбрук-1962” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа “Инсбрук-1964” олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм.

Ташрамд дурдахад, Монголын цанын шигшээ багийн 3 тамирчин Олон улсын олимпын хорооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *