Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын мэргэжилтнүүд Уханьд очжээ

Цар тахлын үүсэл, гарлыг тогтоох зорилготой ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг удаан хүлээсний эцэст өчигдөр (2021.01.14) Хятадын Ухань хотод очжээ.

Шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирус анх жил гаруйн өмнө Ухань хотод албан ёсоор бүртгэгдэж, түүнээс хойш дэлхийн олон оронд маш хурдан тархан, өдгөө 92 сая гаруй хүн өвчилж, 1.9 сая гаруй хүний амийг авч одсон билээ.

ДЭМБ вирусийн үүсэл, гарлыг судалж тогтоох хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлсэн ч Хятад улсын эрх баригчид зөвшөөрөл олголгүй удсаар ийнхүү хэдэн сарын дараа багийн ихэнх гишүүд буюу 10 хүн Ухань хотод хүрчээ. Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар арай олон буюу 13 хүн Уханьд очсон бол дор хаяж хоёр гишүүн Сингапурт гацсан аж.

Тус байгууллагын багийг хүлээн авах талаар Ши Жиньпин НҮБ-тай олон сарын турш хэлэлцсэн юм. Тэгэхдээ Хятадын эрх баригчид судалгааны багийг хүлээн авах зөвшөөрөл олголгүй цааргалж, сунжруулсаар олны эсэргүүцэлтэй тулгарч, арга буюу ийнхүү зөвшөөрөл олгож байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахалд Хятадыг буруутгаж байгаа бол Хятадын эрх баригчид вирус анх Хятадад гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн хэмээн тайлбарлаж байгаа билээ. Гэвч ихэнх эрдэмтэд Хятадын тайлбарт үл итгэж байгаа юм.

Хамгийн анхны халдварын батлагдсан тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн ч түүнээс хэдэн сарын өмнө Хятад орон даяар болон Европын зарим орнуудад хүмүүс халдвар авч байсан талаар нотлох баримтууд удаа дараа олдож байгаа билээ.

Ихэнх эрдэмтэд вирусийг анх сарьсан багваахай гэх мэт амьтнаас хүнд халдсан байж болзошгүй хэмээн үзэж буй юм. Учир нь SARS-CoV2 вирус 2000-аад оны эхээр Азид сарьсан багваахай, тэмээнээс хүнд халдаж тархсан хоёр ч коронавирустэй генийн хувьд 80 хувь ижил.

Үнэхээр дээрх вирус сарьсан багваахайнаас хүнд халдсан эсэх нь одоо ч тодорхой болоогүй байгаа бөгөөд зарим эрдэмтэд вирусийг хүний гараар бүтээгдсэн хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *