Categories
гадаад мэдээ

Япон улс нэмж 7 мужид онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд covid-19 цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсын Засгийн газар энэ сарын 7-нд нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Канагава, Чиба, Сайтамад онц байдал зарлах шийдвэр гаргасан билээ. Тус улсад цар тахлын дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимжих болсон тул ийм шийдвэрт хүрсэн бөгөөд онц байдлын зэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тэгвэл тус улсын засаг захиргаа Осака, Киото, Фүкүока, Айчи, Точиги, Хиёого, Гипү гэсэн долоон мужид онц байдал зарлах шийдвэр гаргаснаа өнөөдөр /2021.01.13/ танилцууллаа.

Ингэснээр дээрх хот, мужуудад хоёрдугаар сарын 7 хүртэл хугацаанд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа ба ресторан, шөнийн цэнгээний газрууд 19:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20:00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг 5000-аас ихгүй хүнтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж.

Эрх баригчдын шийдвэрийг дагаж, ажиллах цагаа богиносгосон бизнес эрхлэгчдэд өдөрт 40-60 мянган иений дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Япон улс нь өнгөрсөн хавар мөн онц байдал зарласан бөгөөд тухайн үед бүх сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглож байв. Харин энэ удаагийн онц байдал харьцангуй уян хатан байгаа юм. Засгийн газрын зүгээс яаран онц байдал зарлахыг урьтал болгоогүй ч мужуудын захирагч нар байдал хүндэрч байгааг сануулж, яаралтай арга хэмжээ авах хүсэлтээ эрх баригчдад тавьсан байна. Түүнчлэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зүгээс ч онц байдал зарлахыг зөвлөсөн учир ийнхүү дээрх шийдвэрт хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *