Categories
гадаад мэдээ

Шинэ коронавирусийн эх үүсвэрийг тогтоох ДЭМБ-ын баг Хятадад айлчлахаар болжээ

Эх газрын Хятадад даваа гаригт шинээр коронавирусээр халдварласан 103 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь сүүлийн таван сар гаруйн хугацаанд нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол анх удаа гурван оронтой тоонд шилжсэн үзүүлэлт байв. Тодруулбал, Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр батлагдсан тохиолдлуудын 85 нь дотоодын гаралтай байсан ба үүнээс 82 нь Хэбэй, 2 нь Ляонин, 1 нь Бээжин хотод тус тус бүртгэгдлээ.

Хятадын хойд нутгийн Хэбэй мужид сүүлийн үед халдвар нэлээд өргөн хүрээтэй тархаад байгаа бөгөөд мужийн төв болох Ши Жиажуан хотод 77 тохиолдол, Шинтай хотод 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Эх газрын Хятадад хамгийн сүүлд нэг өдөрт 100 гаруйгаар халдвар нэмэгдэж байсан тохиолдол нь өнгөрсөн оны 7-р сарын 30-ны өдөр байжээ. Өчигдөр Ши Жиажуан хотын 7 газрыг дунд зэргийн эрсдэлтэй бүсээр зарласан бол өнөөдөр Шинтай хотын 2 газрыг мөн дунд зэргийн эрсдэлтэй бүсэд хамааруулав. Ингэснээр одоогоор Хятадад нийтдээ дунд зэргийн эрсдэлтэй 75 газар байгаагийн 20 нь Ши Жиажуан хотод байгаа юм. Мөн тус хотын нэг дүүргийг өндөр эрсдэлтэй газарт хамааруулаад байна. Ши Жиажуан, Шинтай хотуудад бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажил хийгдсэн буюу 13 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад 364 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Мөн Ши Жиажуан хотод хоёр дахь удаагийн бүх нийтийн шинжилгээний ажлыг эхлүүлээд байгаа ба хоёр өдрийн дотор шинжилгээг авч дуусах юм.

Түүнчлэн, Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Гао Жянийн мэдээлснээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Бээжин хотод коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн тоо 1 сая давсан бөгөөд Бээжин хотод вакцинжуулалтын 241 цэгт 8700 гаруй эмнэлгийн албан хаагч ажиллаж байна гэж мэдэгдэв. Даралт ихэсдэг, чихрийн шижин, бамбай булчирхай зэрэг суурь өвчтэй иргэдтэй холбоотой асуудал болон аюулгүй байдал, хориглох зүйлийн талаар иргэдийн асуултад “Эрүүл мэндийн Бээжин” гэх Вичат хаягийг ашиглан мэдээлэл өгөхийн зэрэгцээ 12345 гэсэн дугаарын утсаар мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгч байгаа аж.

Мөн Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын албан вэбсайтад мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусийн эх үүсвэрийг мөрдөн шалгах ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний баг нэгдүгээр сарын 14-нд тус улсад айлчилж, шинэ коронавирусийн эх үүсвэрийг мөрдөн илрүүлэх талаар Хятадын эрдэмтэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа өрнүүлнэ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *