Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагыг таны зүгээс хэрхэн харж байна вэ?
-Ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, ОУ-ын хэм хэмжээнд нийцүүлж, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөрийн шинэ харилцааг зохицуулах зорилго агуулсан гэж харж байгаа.
Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин дэх зөрүү улам ихэсч байгаа. Уг зөрүүг багасгахад дээрх хуулийн шинэчлэл бодитой нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
-Жендерийн Үндэсний Хорооноос энэхүү хуульд санал хүргүүлсэн байсан. Ямар саналууд хүргүүлсэн бэ?
-Жендерийн үндэсний хороо Жендерийн шинжээчдийн бүлэгтэй хамтран уг хуулийн төсөлд хоёр үндсэн саналыг хүргүүлсэн байгаа. Энэ саналууд дэмжигдээд явж байгаад баяртай байна. Нэгдүгээрт, ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд бага насны хүүхэдтэй (гурван нас хүртэлх) эх болон ганц бие эцгийн хөдөлмөрлөх нөхцөлийг харгалзах. Энэ нь эмэгтэйчүүд эдийн засгийн хараат бус байх, мөн нөхрийн нуруун дээр төвлөрдөг гэр бүлийн санхүүгийн ачааллыг хуваалцах, хамтдаа хөдөлмөрлөх, хүчирхийлэл, гэр бүл салалтад тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт зэргээс урьдчилан сэргийлэх гээд их өргөн агуулгатай байдаг. Ажил, ар гэрийн тэнцвэрийг хангаснаар төрөлт нэмэгдэж, улс орон урт хугацаанд ажиллах хүчээр тасрахгүй байх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх гээд олон давуу талтай байдаг.
Хоёрдугаарт, Ажлын байрны бэлгийн дарамтыг байгууллагууд дотоод журамдаа тусгах замаар урьдчилан сэргийлэх боломжтой гэх саналыг хүргүүлсэн.
-Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцооны түвшин дэх ялгаа ихэсч байгаа гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-“Ковид-19” цар тахлаас үүдэж ганц манай улсад ч гэлтгүй дэлхий дахинд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо улам буурсаар байна. 2019 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувьтай байна. Оролцоонд сөргөөр нөлөөлдөг зүйл бол нийгэмд бат бөх тогтсон жендерийн хэвшмэл ойлголт юм. Харин хөдөлмөрийн харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийг холбогдох хуулиар, тэнцвэртэй байдлаар зохицуулахаар ажиллаж байгаад Жендерийн үндэсний хорооны ажлын албаны зүгээс баяртай байгаа.
Одоогийн байдлаар олон нийтэд нээлттэй тавигдсаныг хуулийн төслийг харвал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ахицтай зүйл заалтууд тусгагдсанг харж болно. Тухайлбал, ажлын цагийг ажил олгогчтой зөвшилцөж багасгах боломж, зайнаас ажиллах нөхцөл, хүүхэд хөхүүлэх өрөөг ажил олгогч өөрийн боломжоор тохижуулах, хүүхэд хөхүүлэх нэг цагийг хоёр цаг болгосон, эхээс гадна эцгийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг харгалзсан байгаа юм. Энэ бүгд нь дарамтгүй зохистой ажлын байр бий болгох Тогтвортой Хөгжлийн зорилтыг дэмжиж байна.
-Эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил тэгш цалин хөлс олгох талаар дээрх хуульд оруулах нь зүйтэй юү?
-Монгол Улс Тэгш шан хөлс олгох тухай НҮБ-ын 100-р конвенц (1969) –д нэгдэн орсон орны нэг бөгөөд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулинд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно (49.2) хэмээн заасан ба Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд ч энэ заалт бий. ОУХБ-аас адил (ижил) үнэ цэнэ бүхий өөр төрлийн ажил хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг адил тэгш үнэлэх тухай конвенцийн зарчимд нийцүүлэхийг зөвлөдөг. Энэ утгаараа үүнийг холбогдох хуулиудаар зохицуулах нь зүйтэй.
-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хөдөлмөрийн арай өөр харилцаа, нөхцөл байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдлын үед хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ?
-Зайнаас ажиллах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа нь эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийн ч хөдөлмөрийн оролцоонд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Энэ харилцаа нь олон улсад дэлгэрээд байсан ч одоогийн үүссэн нөхцөл байдалд улам өргөжиж байна. Энэ зохицуулалтыг цаг үеэ мэдэрсэн, мэдрэмжтэй зохицуулалт гэж харж байгаа.
-Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим дотор хүйсээр ялгаварлахгүй байх зарчмыг тодорхой тусгаж өгсөн үү?
-Хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн 7 дугаар зүйл бүхэлдээ Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтууд тусгагдсан байгаа. Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.Энэ хууль батлагдаж хэрэгжих нь урт болон богино хугацаандаа ажил олгогч, ажилтан хоорондын үл ойлголцлыг арилгаж, итгэлцэлд хүргэсэн хууль байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.