Categories
амьдралын-өнгө мэдээ улс-төр

Цэцийн 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнгөрсөн сарын 25-нд хянан хэлэлцсэн. Улмаар энэхүү хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалтыг тусгасан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Харин Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ингэснээр уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд үг хэлснийг тоймлон хүргэе.

С.Одонтуяа “Би Цагаатгалын комиссын даргын хувьд олон хүн хэлмэгдсэн хэрэгтэй танилцаж байна. Улс төрийн нөлөө маш их ордог юм байна. Улстөржихгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь чухал бус уу. Авлигачдыг дэмжсэн зохицуулалтыг өмнөх парламент баталсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнийгээ засах гэж байгаад хүний эрхийн асуудлыг бүр дордуулчихлаа” гэв.

Х.Нямбаатар “2017 оны долоодугаар сарын 1-нээс өмнө тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. Харин 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог болсон. Ингэснээр гэмт хэрэгт холбогдогчид шүүх хуралдааныг хойшлуулах, хуралдуулахгүй байх арга сэдэж эхэлсэн. Өмгөөлөгчөө солих, хүндэтгэх шалтгаан хэлэх гэх мэт сөрөг үр дагаврууд гарсан.

Эрүүгийн хэм хэмжээнд хоёр маргаантай асуудал байдаг. Материаллаг хэм хэмжээ буюу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял шийтгэлийг багасгах бол буцаан хэрэглэж болно. Харин процессын хэм хэмжээг буцаан хэрэглэдэггүй. Үндсэн хуулийн Цэц нь эрүүгийн хуулийн 1.10 дахь заалтыг процессын шинжтэй хэм хэмжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна” гэлээ.

Т.Аюурсайхан “Хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаагаар олон хэргийг хэрэгсэхгүй болсон. Ийм завхралыг бий болгосон асуудлыг хэн хариуцах вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр журмын хууль баталсан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн болчихлоо. Бид өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Гэвч Цэц Их суудлын хуралдаанаараа дахиад л ингэж шийдвэрлэнэ. Ийм эвгүй байдалд парламентыг оруулж байна шүү дээ. Цаашдаа яаж алдаагаа засах юм бэ. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ бодох хэрэгтэй”хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *