Categories
мэдээ нийгэм

Р.Дагдан: Цахилгааны төлбөрийг ойлгомжтой байх үүднээс хэрэглэгчдэд билл олгоно

Засгийн газрын тогтоолоор тог, цахилгаан, дулаан, уур ус буюу суурь хэрэглээний үнийг өнгөрсөн сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаад буй.

Үүнтэй холбоотой иргэдийн цахилгааны үнэ хэт өндөр гарсан гэх шүүмжлэл гарсан. Иймд ШӨХТГ-аас мэдээлэл хийж, иргэдийн гомдол мэдээллийн дагуу УБЦТС ТӨХК-д шалгалт хийхээр боллоо.

Дээрх асуудалтай холбоотой УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манай хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлөн ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар бид мэдээлэл өгөх арга хэмжээ авч байна. Гомдолын дагуу мэдээлэл өгөхөөр тодорхой ойлголттой болж эхэлсэн. Бид соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх ажлаа цааш үргэлжлүүлнэ. Засгийн газрын тогтоол гарснаас хойш иргэд тогны хэрэглээ үнэгүй болж байгаа юм байна гэж ойлгоод задгай хэрэглээнд шилжсэн. Гэхдээ журмаар зохицуулахаар болж, иргэд цахилгаанаа хамаагүй хэрэглэж болохгүй гэж ойлгосон. Бичилттэй холбоотой гол маргаан нь зургаан циклд хуваагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын хэрэглээ арван хоёрдугаар сард орсон байгаа юм. Энэ маргааныг бид ойлгомжтой тайлбарлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчдэд ойлгомжтой байх үүднээс билл өгөхөөр боллоо. Үүнд аль нь одоогийн хэрэглээ вэ, аль нь хөнгөлөлтөд орох вэ гэдэг тодорхой мэдээллийг багтаасан байна. Мөн иргэд өмнөх оны хэрэглээгээ мартчихсан учраас урьдчилсан байдлаар хэрэглэгчид мессеж илгээх ажлыг зохион байгуулахаар болсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *