Categories
мэдээ спорт цаг-үе

Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан: Хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй том хөрөнгө оруулалт

Шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт Дэлхийн шатрын холбооны мастер Энхсайханы Хулантай ярилцлаа. Тэрбээр сая Иранд зохион байгуулагдсан шатрын оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа юм. Сонирхуулахад, түүний хувьд олимпийн их наадмын хүрэл медальт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар Ардын багш Ч.Насантогтох нарын дүүгийн хүүхэд юм.


-Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн танд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ жилийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад зохион байгуулагдлаа. Тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Иран гээд шатрын спортын хөгжлийг тодорхойлдог шилдэг улсын тамирчид өрсөлдлөө. Эмэгтэй ангилалд 37 тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Өрөг бүр л ширүүн өрсөлдөөнтэй байлаа. Сүүлийн өрөгт Индонезийн тамирчинг ялж түрүүлэх болзлоо хангасан. Надтай оноо ижил өрсөлдөөн үзүүлж байсан Ираны тамирчин сүүлийн өрөгт Казахстаны тамирчинд ялагдаж байр ухарсан. Миний тухайд есөн өрөг тоглоход зургаа хожиж гурав тэнцэж 7.5 оноотой тэргүүлсэн.

-Таны хувьд өмнө нь онлайнаар олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан бил үү?

-Өмнө нь цахимаар зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Анхных нь саяны тэмцээн байлаа. Гэхдээ Монголд зохион байгуулагддаг тэмцээнүүдийг алгасалгүй оролцдог байсан юм. Манайд тивийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олон тамирчид бий. Тэдэнтэйгээ өрсөлдөж байсан туршлага сая их хэрэг боллоо. Би спортын багш дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байгаа учраас энэ удаагийн тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийж амжаагүй. Тэмцээний үеэр өрөг бүрийн өмнө их мастер Г.Мөнхгал ахтай зөвлөөд л тоглолтоо эхлүүлж байсан.

-Таны тухайд олон улсын тэмцээнд онлайнаар оролцож байгаагүй гэж байна. Бодит байдал дээр тоглохоос хэр ялгаатай байна вэ. онцлог давуу тал юу байна?

-Онлайнаар тоглоход өөрийнхөө тааваар сайтар бодоод нүүнэ. Интернэт л гацахгүй бол ямар ч асуудалгүй юм билээ. Сая сүүлийн өргийн үеэр техникийн саатал гарч бага зэрэг асуудал тулгарсан. Тухайн үед өөрийн илүүгээ мэдэрсэн байсан учраас нэг их сандраагүй шүү.

-Тэмцээний үеэр өөртөө ямар орчин бүрдүүлж тоглож байв. Тоглолтын үеэр хажуунаас хүн зөвлөхийг зөвшөөрдөг үү?

-Тэмцээний өрөг манай цагаар өдрийн 13:00 цагаас явагдаж байлаа.12:30 цагийн орчимд өрөөндөө ороод л чимээгүй орчинг бүрдүүлж, хажуудаа аяга кофе тавиад л суучихдаг юм. Screen share –ээр шүүгч нар хянаж байдаг учраас хажуу талаас хэн нэгэн зөвлөх, хэн нэгнээс туслалцаа авах ямар ч боломжгүй. Анхаарал сарниулах чимээ гаргах хориотой байдаг юм.

-Хоёулаа шатрын спортын ач холбогдолын талаар ярилцъя л даа. Мэдээж хичээллэсэн хүн бүр өндөр амжилт үзүүлээд байхгүй ч зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй байх… энэ спортын гол ач холбогдол, давуу тал юу вэ?

-Таны хэлдэг үнэн. Зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй. Шатрын спорт өөрөө шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин мэдэхүйн салбар байдаг. Хүүхдийг багаас нь шатар тоглуулснаар нэгдүгээрт тэвчээр сууна. Мөн төлөвлөгөө гарган тооцоолон бодож аливаад дүн шинжилгээ хийж зөв сонголт хийх чадварт суралцдаг. Үүнээс гадна чухал мөчид оновчтой шийдвэр гаргахаас гадна сэтгэлгээний чадваруудыг эзэмшинэ. Математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлд илэрхий сайжирдаг нь батлагдсан байдаг.

-Таны хувьд шатрын спортоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Хулан гэх хувь хүн шатрын спортоос өдөр тутмын амьдралд хэрэгтэй ямар зүйлийг олж авсан бэ?

-Зөв төлөвшил гэж хариулъя. Төлөвшил чинь өөрөө бүх зүйлийн суурь байдаг. Багадаа их хөдөлгөөнтэй, тогтож суудаггүй хүүхэд байсан гэж аав минь надад хэлдэг юм. Тийм ч болохоор бөхийн бэлтгэлд явдаг байлаа. Тодорхой шалтгааны улмаас орхиж шатрын спортоор хичээллэх болсон. Ингээд л өөрийгөө нээсэн гэж ойлгодог юм. Шатар тоглодог хүмүүсийн аливаа зүйлийг харах өнцөг нь бусад хүмүүсээс ялгардаг л даа. Асуудлын шийдэл, гарц гаргалгаа олох тал дээр шатарчин хүмүүс бусдаас эрс ялгарч байгааг олон жишээн дээр анзаарч байлаа.

-Шатрын спортын ач холбогдлыг ойлгож хүүхдээ хичээллүүлж байгаа нь сайшаалтай юм даа.

-Тийм шүү. Бага насны хүүхдийг шатрын спортод дуртай сонирхолтой болгож хичээллүүлэх нь таны зүгээс хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Манайхан үүнийг ч ухамсарладаг болсон байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхдээ шатрын спортод дур болгоход хамгийн тохиромжтойг онцолмоор байна. Шатар өөрөө бусад спорт шиг өндөр үнэ өртөгтэй хэрэглэгдэхүүн шаардахгүй. Онлайнаар сурахад тохиромжтой спорт.

-Шатар тоглох гоц авьяастай өнчин охин Бетийн талаар өгүүлэх “The Queens gambit” цуврал хүн бүрийн л ярианы сэдэв болж байна. энэ нь манайханд хүүхдээ шатрын спорт руу оруулахад нөлөөлж байх шиг…

-Тийм байж болно. Найруулагч Скотт Фрэнкийн “The Queens gambit” цуврал бүтээхэд шатрын их мастер Гарри Каспаров болон Брюс Пандолфини нар зөвлөхөөр ажилласан юм билээ.

-Ингэхэд та шатрын спортод хэрхэн орж байсан юм бэ?

-Би чинь бөх болно гэж шийдчихсэн хүүхэд байсан шүү. Энэ тухайгаа Ч.Дамдиншарав(олимпийн наадмын хүрэл медальт) ахад хэлэхэд “Тамирчин хүн сэтгэн бодох чадвар, гүйлгээ ухаан сайтай байх хэрэгтэй. Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө шатар тоглож оюунаа сайн хөгжүүл” гэж зөвлөсөн юм. Ингээд ааваараа шатар заалгаж энэ спорттой танилцаж байсан. Миний аав спортын дэд мастер цолтой шатарчин хүн. Одоо би бөхийн спортод их сонирхолтой шүү. Бөх гарахад л зурагтын өмнө суучихдаг юм.

-Таны хувьд сонирхогчдын ангиллын дэлхийн хошой аварга цол хүртэж байсан шүү дээ. Цаашид ямар зорилго тавьж байна вэ?

-Би дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Эхний ээлжинд олон улсын мастер, цаашлаад их мастер цол авах зорилго тавиад явж байна. Хажуугаар нь сайн шавь бэлтгэхийг зорьж өдөр тутам л ажиллаж байгаа. Гэхдээ хүүхэдтэй ажиллаад ирэхэд хувь тамирчны амжилт буурдаг гэх ойлголт шатрын спортод байдаг. Үүнийг өөр дээрээ мэдэрч байна шүү.

-Монголын өсвөрийн тамирчид тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирэхээрээ л амжилт мууддаг жишиг манайд байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай нөхцөлд зөвхөн шатар тоглоод амьжиргаагаа залгуулаад явах нөхцөл алга. Цол зэрэг ахиулахын тулд тэмцээнд оролцох шаардлагатай. Тэмцээний үеэр шаардлагатай зардал мөнгөө хувь тамирчид өөрсдөө зохицуулна. Тэмцээн дөхөөд ирэхэд л санхүүгийн асуудал тулгарна, пүүс компаниудын үүдийг сахина, таньж мэддэг хүн рүү утсаар ярина. Энэ нь сэтгэл зүйн дарамт болж тухайн тэмцээнд зориулж хийсэн бэлтгэл ч цалгардах тохиолдол бий. Зөвхөн шатар тоглоод явахад тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлээд явах чадамжтай тамирчин манайд олон бий. Монгол хүүхдүүдийн тухайд зардал мөнгөний асуудлыг нь шийдчихвэл илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж би хувьдаа хардаг юм.

-Таны тухайд дэлхийн топ зэрэглэлийн ямар тамирчинтай нүүж байв?

2013 оны ОХУын Казанд зохион байгуулагдсан дэлхийн оюутны универсад их наадмын үеэр Казахстаны их мастер Нахбаеватай тоглож хожиж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *