Categories
мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Төрийн соёрхолт, УГЗ Б.Нямдорж: Өнөөдрийн энэ олон хамтлаг, дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү

“Баянмонгол” чуулгын уран сайхны удирдагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Бадамхандын Нямдоржтой ярилцлаа.


-Хоёулаа маш энгийн сонирхолтой ярина шүү. Яагаад ингэж хэлж байна гэхээр “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхийг ярина гэвэл барахгүй. Түрүү жилийн өдийд “Баянмонгол”-оор овоглосон найман уран бүтээлч Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн. Эндээс яриагаа эхэлье?

-Тийм ээ, ноднин өдийд, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор авсан. Ийм бэлгэтэй сайхан өдөр төрдөө үнсүүлж, төрийн шагнал хүртсэндээ баярладаг. 108 гэдэг тоо нь ч их бэлгэдэлтэй санагддаг юм. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд маш онцгой үйл явдал болсон. Учир нь урьд өмнө хэзээ ч ингэж нэг хамтлагийн олон уран бүтээлчид төрийн шагнал гэдэг дээд цолыг хүртээж байсангүй. “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхэн ойгоор хүртээсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд онцлох хоёр зүйл байдаг. Нэгд, Монголын орчин үеийн хөгжмийн эстрад жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, орчин үеийн хөгжмийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсныг үнэллээ гэсэн. Хоёрт, Та бүхэнд төрийн шагналыг өнөөдөр олгож байгаа явдал нь өнгөрсөн нийгмийн үед коммунист үзэл суртлын нөлөөгөөр Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж байгаа юм гэж хэлсэн, зарлигт ч тэр тухай орсон. Энэ бол маш онцгой өгүүлбэр л дээ. Өнгөрсөн нийгмийн үед “Баянмонгол” чуулгын уран бүтээлчдийг барууны, хөрөнгөтний урлагийг сурталчилж байна гэх өнгө аяс их цухалздаг байсан. Ялангуяа нам төрийн байгууллагаас ингэж хэлдэг, бүтээлийг маань хянадаг, цензурддэг, хөдөлмөр, бүтээн байгуулалт, найрамдал нөхөрлөлийн дуу дуулах ёстой гэж үздэг. Хайр дурлал юмуу, шалдар булдар юм дуулах ёсгүй гэсэн тийм л үзэл сурталжсан цаг үе байлаа. Тэр ч байтугай тоглож байгаа хөгжимчдийн гар хөлийг хамаа замбараагүй хөдөлж байна, үс гэзэг нь сагсалзаж байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Үндсэндээ гитараа бариад номхон зогсоод дуулахыг шаарддаг байсан. Хэрвээ түүнийг нь биелүүлэхгүй бол арга хэмжээ авдаг, дагалдан дуучин, хөгжимчин болгодог, цалин мөнгийг нь хасдаг, донгодож сануулдаг байлаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж” гэдэг бол айхавтар үг юм. Энэ өндөр шагналыг бидний найман хүн авлаа л даа. Жинхэнэ уран бүтээлээрээ мөнхийн суварга босгочихоод мөнх бусын оронд заларсан тэднийгээ авч чадаагүй буцсанд нь харамсал төрдөг.

-Мэдээж тэгэлгүй яахав, чухам хэн хэний энгэрт төрийн соёрхлын тэмдэг гялалзах байв, нэр устай нь хэлчихвэл яадаг бол?

-Тогтохын Уртнасан байна. Түүний зохиосон, Галхүүгийн дуулдаг “Хангайн магтуу” байна. “…Санаад санаад санаагаар болдоггүй Сайхан нутгийн шим юм аа” гээд хүн бүхэн мэднэ. Мөн Оюунчимэгийн дуулдаг “Намрын дурдатгал”, Төмөрбаатарын дуулсан “Хань” байна. Монголын ард түмэн бараг л мэднэ дээ. За дараа нь Лунжгайн Батаа байна. Түүний зохиосон “Намжаа дэлхий” гэж сайхан дуу бий, Оюунчимэг дуулсан. Мөн Адарсүрэнгийн “Алтай Хангайн уулс”, Бямбадоржийн “Мөнгөн шөнө” гээд олон сайхан бүтээл бий. Бизьяагийн Даваа гэж сайхан уран бүтээлч байлаа. Оюунчимэгийн “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хөдөө дуудаж байна”… энэ олон гоё дуу чинь Даваагийн хөгжим юм. Ийм л мөнхийн бүтээлийн эзэд маань энэ шагналыг авч чадаагүй. Ер нь “Баянмонгол” чуулгын гавьяа юу юм бэ гэхээр зөвхөн пянз хэвлүүлсний, хэдэн дуу гаргасны төдий биш. Тухайн үед эстрад жазз хэлбэрийн сургалт гэж огт байсангүй. Зөвхөн Баянмонголд ирж ажиллаад жазз хөгжмийн хөгжимчин, эстрад урлагийн дуучин болдог байв. Үндсэндээ “Баянмонгол” бол Монголын эстрадын урлагийн үндсэн суурь, сургалтын лаборатори төв нь болж байсан. Чуулгын зорилго чиглэл тухайн үед ямар байх ёстой вэ гэдгийг уран сайхны удирдагчийн хувьд би сургууль төгсөж ирснийхээ дараа тодорхойлсон. Уран сайхны удирдагч гэдэг зүгээр нэг хүн удирддаг, эсвэл хөгжим удирддаг хүн биш л дээ. Чуулгын урын сангийн бодлого, чиглэл, хэтийн төлөв, мөн боловсон хүчний бодлого гээд бүгдийг төлөвлөгөөтэй алсын хараатай авч явах ёстой. Тэр үед энэ олон урсгал чиглэл, биеэ даасан хамтлаг, чуулга байгаагүй. “Соёл-Эрдэнэ” дөнгөж гарч ирсэн. Өмнө нь “Соёмбо” чуулга гэж байсан. Тиймээс “Баянмонгол”-д энэ бүх чиглэлүүдийг уран бүтээлдээ багтааж явах зайлшгүй үүрэг хариуцлага ногдсон. Рокоо ч, попоо ч, жаззаа ч тоглоно, нийтийн дуугаа ч дуулна. Нэг үгээр хэлбэл одоогийн байгаа хамтлаг чуулгуудын ачааллыг ганцаараа үүрч явсан түүхэн цаг үе. Түүнээс гадна “Баянмонгол” бусдаас юугаараа ялгарч гарч ирсэн бэ гэвэл тэр үеийн жазз хөгжмүүдийн цэнгээний хэлбэрийг тайзны хэлбэрт оруулсан. Тавиад он, жараад онд соёлын орнуудын дэргэд жазз хөгжмийн хамтлаг байсан. Зөвхөн нийтийн бүжгийн хөгжим тоглодог, нийтийн цэнгээний үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин “Баянмонгол” тайзны урлаг болгосон гэдэг нь концерт тоглосон гэсэн үг. Мөн аль ч хамтлаг хийгээгүй нэг ажил нь тайз дэлгэцийн урлаг руу их орсон. Тухайлбал кино, жүжиг байна. Зундуйн Хангалын “Тань руу нүүж явна”, “Нарны унага”, Д.Жанчивын “Мартагдашгүй намар”, Н.Жанцанноровын “Би чамд хайртай”, Ц.Нацагдоржийн “Гийнгоо” гэх киноны хөгжмүүд байна. Жүжгийн хөгжим гэвэл Драмын театрт Г.Алтанхуягийн “Мартагдашгүй аялгуу”, “Гарваа”, Н.Жанцанноровын “Найрын ширээний ууц”, Хүүхэд залуучуудын театрт миний бие “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Лхасүрэн найруулагчтай хамтарч бүтээсэн хэд хэдэн жүжиг бий, “Альгебрийн дэвтэр”, “Ойн цоорхойд”, “Сүүлчийн үдэлт” гээд. Ийм ажлыг урьд өмнө ямар ч хамтлаг чуулга хийж байгаагүй, одоо ч хийгээгүй. За тэгээд нам эвлэлийн том том ойн концертууд, шинэ жилийн “Цэнхэр дэлгэц”, наадмын “Баярын мишээл” энэ бүгдэд бид зоолттой оролцдог байсан. Үүгээрээ Монголын урлагт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээсэн ажлын цараа их юм.

-“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хангайн магтуу” гээд нэрийн хуудас болсон бүх л дуунуудын үүх түүхээс асуумаар байна. Гэхдээ тэр бүгдийг ярих боломжгүй. Х.Төмөрбаатарын “Сайн байна уу, Улаанбаатар минь” бас л нэрийн хуудас болсон дуу. Таны хөгжим байх шүү?

-Уртнасан, Даваа, Лунжгайн Батаагийн дуунууд яах аргагүй “Баянмонгол”-ын нэрийн хуудас мөн. “Сайн байна уу, Улаанбаатар”-ын хувьд ганц Төмөрбаатарын ч биш Баянмонголын нэрийн хуудас бүтээл. Хөгжмийг нь би далан дөрвөн онд зохиож байлаа. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайн шүлэг. “Монголын шилдэг яруу найраг” номноос шүлэг олоод Зохиолчдын хороон дээр Явуухулан гуайтай очиж уулзсан. “Таны энэ шүлгэнд ая хийх гэсэн юм аа” гээд гарын үсгийг нь зуруулж авсан. Одоо бодоход тэнэг ч байж, юмны наад цаадахыг сайн мэдэхгүй учир зоригтой ч байж дээ. Явуухулан гуай дээр шууд орно гэдэг чинь зоригтойн шинж. “За миний хүү сайхан дуу хийгээрэй” гээд гарын үсгээ зурж билээ. Тэр цаас одоо хэр нь надад хадгалаатай байна. Ая хийчихээд Оюунчимэгээр дуулуулдаг юм билүү гээд аялуулж байтал Төмөрбаатар “Би дуулъя” гэж өөрөө хэлсэн. Ингээд түүнд зориулж найруулга хийлгэн дуулуулж, далан таван онд гаргасан жижиг пянзанд анх орж байлаа. Энэ бол миний анхны дуу. Энд нэг зүйлийг шигтгэхэд Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан Самбын Гончигсумлаа гуай сонсоод их урамшуулсан. “Ердийн монгол дууны бүтцээс арай өөр юм байна, монгол дууны бүтэц бол нэг л хэлбэрийн байдаг. Нэг өгүүлбэр нь л дөрвөн мөр дээр дөрвүүлээ давтагддаг, үүнийг өөрчиллөө” гэж магтсан. Би тэр бүтцийг нь мэдэхгүй, судалсан юм байхгүй, зүгээр л өөрийнхөөрөө хийсэн нь тэр. Агуу Гончигсумлаа гуайгаас урам авч цаашид бүтээл хийх эрмэлзэл дүүрээд ирсэн. Сүүлд гаргасан 50 жилийн ойн пянзанд тэртээ далан дөрвөн оны найруулгаараа Төмөрбаатар маань дуулсан. Хамгийн сүүлчийн удаа дуулсан нь тэр. Мөн гадаадын нэр алдартай олон дуучид дуулсан байдаг. “Анд нөхдийн ая дуу” олон улсын тоглолтод жил бүр л өөр өөр орны дуучид дуулдаг байлаа. Төмөрбаатарын талаар хүмүүс их сонирхож асуудаг. Баянмонгол чинь Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулга байж байгаад далан хоёр онд Улсын филармонид нэгдэж ирсэн. Тэр жилийн намар Баянмонголд би хөгжимчнөөр, Төмөрөө дуучнаар ирж байлаа. Орос дуу их дуулдаг, дуунуудыг нь би найруулж өгдөг, ийм л байсан. Манай Төмөрөө чинь орос ээж дээр өссөн болохоор орос хэлэнд гаргуун, яг л орос хүн шиг ярина, дуулна. Улаанбаатарыг тойрсон орос цэргийн ангиуд, Дархан, Эрдэнэтээр явж олон тоглосон доо. Хөдөө явахад бие биедээ хань түшиг болно. Ер нь манай дуучид хөгжимчдийгөө их халамжилна. Оюунчимэг гэхэд хувцас хунар угааж, хоол унд хийгээд л тун халамжтай.

-Оюунчимэг гэснээс тэр гоё дуучны тухай, мөн Янжиндуламын тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдана. “Навчин дээрх шүүдэр гэмээр…” гээд эхлэхээр мөн “Тоймгүй баяраар үнэгчлэн баясаад тохойн чинээхэн алагхан үр минь ээ, Тоонот гэрийнхээ хойморт залраад туяа татсан нар юм аа хө…

Элгэн хайраар бүүвэй аялан суудаг эх хүний жаргал байнаа хө” гээд дууг нь сонсоод нулимс гармаар…?

-Лувсангийн Оюунчимэг чинь манай том нь юм, Намсрайн Оюунчимэг гэж байдаг. Оюунчимэгийг Ховдын арван жилийн сургуулиас УГЗ Төмөрийн Чимэддорж багш анх авчирсан. Польш явж дадлага хийгээд, Баянмонгол чуулга радиогийн дэргэд байхад дуучнаар орсон. Тэнгэрийн оронд хальтлаа чуулгадаа ажиллаж амьдарсан уран бүтээлч. Хоолойны чадал нь эцэж цуцах гэдгийг мэдэхгүй, микрофон гэдгийг хэрэглэж үзээгүй дуучин. Хөдөө гадаа тоглолтоор явахад халуун хүйтэн, тоос шороотой ямар ч нөхцөлд одоогийнх шиг пнограмм тавиад ам барина гэж байхгүй, хичнээн ч дуу дуулсан хоолой нь цуцдаггүй тийм сайхан дуучин байлаа. Мөн уран бүтээлч гэхээсээ илүүтэй манай чуулгын ээж гэмээр, том эгч нь гэмээр хүн. Хөдөө бригад явахад хөгжимчдийнхөө дотуур хувцсыг хүртэл угаана, замд хоол унд хийгээд яг ээж шиг, эгч шиг халамжтай. Янжиндуламын тухай хүмүүс бас их сонирхдог, өөрөө ч гэсэн асууж байна. Манчирын Янжиндулам гэж жаахан эмэгтэй 1975 оны үеэс “Баянмонгол”-д эхэлж дуулсан. Сугарын хөгжим “Аавдаа”, Насанбуянгийн “Орь залуу нас” дуунуудыг дуулж одоогийн хэлдгээр хит болгож байлаа. Намайг оюутан байхад, тэр чинь далан есөн он юм, Орост болдог олон улсын эстрадын дуучдын тоглолтод оролцоод бид тэнд таарч зураг хөргөө авахуулж, түүнд Ленинград хотыг танилцуулж байв. Би хойноос төгсөж ирээд Янжиндуламтай уран бүтээл хамтарч, дуунуудынх нь найруулгыг хийж байсан. Их нийтэч, хамт олонч, уран бүтээлч бүсгүй байлаа. Тэр үед манай уран бүтээлчдийг дэмждэг, сайшааж урамшуулдаг нь ховор байсан юм уу даа. Өөрөө хичнээн зүтгээд, сайн сайн уран бүтээл гаргаад дэмжлэггүй болохоор зарим нь урам хугардаг, гутарч санаа сэтгэлээр унадаг байсан. Ганцхан Янжиндулам ч биш бусад уран бүтээлчдийг урамшуулж, зоригжуулж дэмжиж тусалж байгаагүй. Төр засаг нь байтугай яам тамгын газар нь харж үздэггүй байлаа. Манай чуулгынхан олон улсын жазз хөгжмийн наадмаас өндөр шагнал авчирна. Тэгэхэд улсын хэмжээнд байтугай байгууллагын хэмжээнд ч тэмдэглэдэггүй, тоодоггүй, баяр талархал дэвшүүлдэггүй, ийм л байсан. Бид чуулгаараа Оросын жазз хөгжмийн уралдаан, Новосибирск, Улаан-Үдээс тэргүүн байрыг нь олон авсан. Оюунчимэг, Төмөрбаатар, Насантогтох нар Сочи, Кубийн уралдаанаас том шагнал авч байсан “Баянмонгол”-оос лав 10 гаруй гавьяат байна. Чингисийн Жагаа намайг Ленинградад төгсөх жил барилгын билүү, биеийн тамирын билүү өөр сургуульд ирчихсэн, би энэ сургуульдаа дургүй, дуучин болох дуртай гээд уулзаж байсан. Тэр үед Орост Валерий Леонтьев их алдаршиж байсан түүнийг үздэг, дуурайж үс гэзгээ ургуулж, дууг нь дуулдаг, манай оюутны байраар ирнэ. Ингээд л дараа нь Баянмонголд ирсэн. Валерий Леонтьевийн “Пянз эргэлдэж байна” дууг би найруулж өгч, анх дуулуулж байлаа. Мөн “Шалзат баахан шарга” дуулалт жүжиг бичээд Жагаа, Баяраа хоёроор дуулуулж байсан удаатай.

-Таны хувьд Дарханы цэргийн ангид хөгжимчин байсан, дараа нь “Соёмбо” чуулгыг байгуулсан гээд түүх хөвөрнө…?

-Би чинь нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч, зургадугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд явж үлээвэр хөгжимчин болсон хүн. Одоогийн ардын жүжигчин найруулагч Мөнхдорж бид хоёр дунд сургуулийн нэг ангийнхан. Бие биенийхээрээ орж гарч наашаа цаашаа гүйдэг байлаа. Мөнхдоржийн аав нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуай. Арав төгсөх жил Бирваа гуай “Миний хүү хөгжимчин болох юм уу” гэж надаас асуулаа. Надад зорьж төлөвлөсөн юм байгаагүй учир амыг нь дагуулаад тийм гээд хариулчихсан. Мөнхдорж бид хоёр арав төгсөөд дээд сургуульд хуваарилагдаж чадаагүй. Тэр үед чинь сурлагынх нь байдлаар хуваарь өгнө, онц сурдаг хүүхэд гадаадад, тэгээд дотоодын дээд сургууль, техникум, ТМС гээд доошлоод явна, одоотой адилгүй. Бирваа гуай Мөнхдоржийг Кино үйлдвэрийн драмын ангид оруулаад намайг Циркт дагалдан хөгжимчнөөр авлаа. Энэ үед арван жилийн сурагч байхад улсын баяр наадмын гимнастикийн хөгжмийг хамт тоглож байсан нөхөд таараад, Дарханы цэргийн хөгжимд орчихсон, чи орохгүй юм уу гэхээр нь Бирваа гуайдаа ч хэлээгүй тийшээ явчихсан. Дарханд очоод яг нэг жил болдгийн даваан дээр армийн хөгжмийн албаны дарга УГЗ Цэрэнпил гуай үлгэр жишээ хөгжимд шилжүүлж авсан юм. Үлгэр жишээ хөгжимд найман жил болсон, тэнд байхдаа “Соёмбо” чуулгыг жаран долоон онд байгуулсан. Тэндээс Ц.Намсрайжав гуай дээр филармонид ирсэн, тэгж ирсэн ч бас түүхтэй. Үлгэр жишээ хөгжимд байхдаа цэргийн хөгжмийн удирдаачаар гадагшаа сургуульд явах гээд хоёр, гурван жил шалгалт өгөөд, хөгжмийн хуваарь ирээгүй. Ямар сайндаа намайг танкийн, артиллерын сургуульд явах уу гэж хүртэл асууж байхав. 25 нас хүрчихвэл цэргийн шугамаар гадагшаа сургуульд явах боломжгүй учир ээжийгээ дагуулж очин худлаа хэлж байж халагдан Намсрайжав гуай дээр ирсэн. Гончигийн Бирваа, Навааны Цэрэнпил, Цэгмидийн Намсрайжав гэх хөгжмийн нэрт зүтгэлтэн гурван том акулын гараар дамжиж, нүдэнд нь өртөж явсан гэдгээ бодоход бахархалтай санагддаг. Залуу байхад ухаардаггүй байж дээ. Ингээд далан зургаан онд эстрад хөгжмийн удирдаач, зохиолчоор Ленинград хотноо таван жил суралцсан. Алдарт Санкт-Петербургийн Ленсовета театрт Александр Журбины “Орфей Эвридика”-г үзэж рок опера балет гэж юу болохыг биширч явлаа. Оросын болон баруун Европын утсан хөгжмийн алдартай оркеструудыг үзэж дуулсны хувьд эстрад симфони найрал хөгжмийг Монголдоо бий болгохын төлөө зүтгэсэн. Үүнийгээ биелүүлэхийн тулд симфони оркестрын бүх утсан хөгжмийг Баянмонголтой нийлүүлж зохиол гарган эстрад симфони найрал хөгжмийн бүтээлүүд болох “Эрин зууны алхаа”, “Говийн хэмнэл” зэргийг бичүүлсэн нь Монголын радиогийн алтан фондод хадгалаатай бий. Ерэн нэгэн онд Дэндэдвийн Пүрэвдоржийн цомнолоор Монголын анхны рок операг бичиж байлаа. Залуучуудын соёлын төвийн Эстрад дуу бүжгийн чуулга, Улсын филармонийн эстрад симфони найрал, Цэргийн дуу бүжгийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал зэрэг олон чуулгын хувь заяатай холбогдож, уран сайхны удирдагч удирдаач нь явжээ.

-Хуучин нийгмийн үед “Баянмонгол”-ынхон бүх л аймаг сумдад очиж уран бүтээлээ тоглож байсан түүхтэй. Түүнээсээ сонирхуулах уу?

-Монгол орныхоо бүх аймаг, сумдаар очиж байлаа, зарим сумдад бүр олон удаа ч очсон байх. Хавар, намар урлагийн бригад гээд нэг сараас 45 хоног явна. Пааз автобусанд хөгжмийн хэрэгслээ ачиж аваад л гарч өгнө. Бригад явахад хөгжимчид дуучид, дуу хөгжим сурахаасаа гадна хамт олон дотор хүмүүжлийн том сургуульд суралцаад ирдэг байсныг онцлох нь зөв. Алслагдсан сумдад очиход хөгшин залуугүй гайхаж сонирхоно. “Сэрэлт” кинон дээр машин хараад хүүхдүүд тойрч гүйлддэг шиг юм болно. Сумын клуб рүү хөгжмөө зөөж оруулахад бүр гайхаад л, барьж үзэх нь холгүй, клуб цөөхөн сандалтай, түүнд дарга нар нь суугаад, ард иргэд хоёр талаар нь явган суугаад, хүүхэд залуус бүр тайзан дээр гарч суух нь холгүй цугладаг байлаа. Нэг суманд тоглочихоод дараагийн сум руу хөдлөхдөө холбооноос мэдээ өгнө. Клубийн эрхлэгчийг айлаас эрж хайж олоод, клубийг нь онгойлгуулж пийшинг нь галлаж байгаад тоглолтоо эхлэх энүүхэнд. Ерэн он хүртэл ингэж явсан, энэ бүх түүхийг ахмад үеийнхэн нуруундаа үүрч ирсэн. Гадаад руу мөн олон явсан. Тухайн үеийн социалист 14 оронд бүгдэд нь айлчлан тоглосон. Түүнээс гадна “Баянмонгол” чуулгын бас нэг онцгой юм гэвэл олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолт болдог байлаа. Өнөө социалист 14 орон чинь орно. Нэг орноос хоёр дуучин гэхээр 30-аад дуучид ирнэ, нэг дуучин хоёроос гурван дуу дуулна гэхээр 60, 70 дуу болно. Бэлтгэх хугацаа ердөө л хоёр, гуравхан хоног. Энэ богино хугацаанд орон орны онцлог, хэлбэр маягтай дуунуудыг дуулна гэдэг бол хөгжимчид, удирдаачдаас маш өндөр чадвар шаарддаг байсан. Гэвч бид давж туулаад л, бусад орны уран бүтээлчдийн өмнө бишрүүлээд л гардаг байлаа. Ер нь тухайн үед гадаадад тоглолтоор явж байхад “Монголд ийм жазз хөгжим байдаг юм уу, орчин үеийн ийм дуучид, хөгжимчид байдаг нь сонин юм аа” хэмээн гайхаж, ардын дуугаа орчин үеийн урлагт тааруулан зохиомжилсныг маань мэргэжлийн түвшинд өндөр үнэлдэг байлаа. Миний хувьд эдгээр зүйлийг зөвхөн хэдэн дуу пянзанд бичүүлээд төрийн шагнал авсан зүйл биш шүү гэдгийг одоогийн залуу хамтлагуудад ойлгуулах зорилгоор тодотгож хэллээ. Тэгэхээр залуучууд хоёр пянзанд хэдэн дуу бичүүлээд төрийн шагнал авчихлаа гэж арай бодож болохгүй байх. Мөн өнөөдрийн энэ олон хамтлагууд, өнгө өнгөөр алаглаж байгаа дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Мэдэхгүй уран бүтээлчид бас байдаг шиг байна. Бид ямар түүхэн замнал туулж, 50 жилийн хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж, улс орны нэр нүүр болж явсныг ойлгоосой гэдэг үүднээс хэлж байна. Бидний үзүүлсэн амжилт зүгээр ч нэг бүтчихсэн зүйл биш. Дуу хөгжим, урлаг уран сайхан гэдэг хүнийг зүгээр баясгадаг зугаацуулдаг гэх ойлголт бий, энэ бол маш өнгөцхөн ойлголт юм. Үүний цаана хүнийг хүмүүжүүлдэг, хүн болгодог, сэтгэл оюуныг нь хөгжүүлдэг, ажил хөдөлмөрт уриалан дууддаг энэ бүх механизмыг дуу хөгжим урлаг гээч чинь хийдэг. “Баянмонгол”-ынхоо түүхийг ингээд ярихад сайхан байна. Ахмад үеэс тромбон хөгжимчин Адъяшаагийн Хишигдорж бид хоёр л торойгоод үлдлээ. “Хуучцуулаас хоёулаа л үлдлээ” гээд хоорондоо утсаар ярьж, мэнд усаа мэдэлцдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *