Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.

Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны энэ сарын 24-ний хуралдаанаар, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтэсэн талаарх санал, ажлын багийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны ажлын баг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын багаас асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *