МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэтэй Үндсэн хуулийн Цэцийн өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Та энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач болохын хувьд зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ингэснээр УИХ-д алдаагаа засах, цаашид хүний эрхийг зөрчсөн хууль гарахаас сэргийлж байгаа нь сайн талтай. Гэхдээ миний мэдээлэлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож сэргээх тухай хуулийг гаргаснаар шүүх эрх мэдэлд халдсан гэж үзсэнийг Үндсэн Хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байна.
-Хуульч, судлаач хүний хувьд УИХ-аас баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн агуулгыг цөөхөн үгээр тайлбарлаач гэвэл та юуг онцлох вэ?
-Энэ хуулинд нэгдүгээрт, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон авлигын гэмт хэргийг сэргээн шалгаж, ял оногдуулах, хоёрдугаарт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, гуравдугаарт, Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй байхаар заасан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, ардчилсан ёсны зарчим, хүний эрхийг зөрчиж, хууль тогтоох байгууллага төдийгүй хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулах, хууль зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.
-Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргах болсон хамгийн гол шалтгаанаа онцлооч, ардчилсан улсад байхгүй жишгийг хуульчилсан гэх шүүмжлэл давтамжтай дуулдаж байгаа?
-Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ардчилсан улс оронд байхгүй.Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд байхгүй юм. Энэ нь Монголын хууль зүйн шинжлэх ухааныг харлуулж, хүний эрхийг зөрчсөн учраас Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.
-УИХ яагаад Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн хуулийг батласан гэж та харж байна вэ?
-УИХ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн зорилго нь зөв боловч арга нь буруу байсан. Судлаач хүний хувьд, УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаанд гажуудал бий болгосон хуулийг батлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь, Монгол Улс тухайн үед хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх үйл явц хэтэрхий удаашралтай байгаа. Олон жил мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсний эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт этгээдэд ял завших боломж болгож байгаа нь нөлөөлсөн гэж хардаг. Нөгөө талаар УИХ-д шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд үндэслэн хууль баталдаг парламентын жишиг бүрэн төлөвшөөгүй байна. Мөн улстөрчдөд улс төрийн тоглолт хийх сайхан боломж байсан болов уу.
-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх ёстой биш үү. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд нийцэж байгаа гэж зарим улстөрч тайлбарласан харагдсан. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн ял оногдуулах тухай заалт байхгүй. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх, хөхиүлэн дэмжих”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчим, үнэнч шударга байх явдлыг хангах” замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байгаа. Эдгээр заалтыг хууль тогтоогчид хууль зүйн үүднээс ойлголгүйгээр конвенцийг зөрчсөн хуулийг баталсан.
-Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний хэд хэдэн нөхцөлийг зөрчсөн гэж сонссон…?
-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаарх шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөж, тогтсон ойлголтуудыг зөрчсөн хуулийг баталснаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын олон конвенц, пактыг зөрчсөн. Дээр хэлсэнчлэн Авлигын эсрэг конвенцийн заалтыг зөрчсөнөөс гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан “хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.
-Гэмт хэрэгтэй, тэр дундаа албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тэмцэх нь хэр үр дүнтэй, хуулийн үндэслэлтэй арга вэ?
-Ийм аргыг ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд хэрэглэдэггүй. Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг, хууль зүйн шинжлэх ухааны ололт, амжилтыг харлуулсан арга болсон учраас үр нөлөөнийх нь тухай ярих боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох хууль зүйн үндэслэл, практик орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд болон ардчилсан улс орнуудад байхгүй байна. Танай сониноор дамжуулан иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай шинжлэх ухааны товч ойлголт өгөх нь зөв байх. Хүний эрх, эрх чөлөөг төр хөндөж буй тохиолдолд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуулийг буцаан хэрэглэх онцгой нөхцөлийг аль ч улс орны Эрүүгийн хуульд заадаг. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон хуучин үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэхийг хэлээд байгаа юм.
-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцэд нэгдсэн улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцвэл илүү үр дүнд хүрэх бол. Монгол Улсад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог гэсэн шүүмжлэл их байдаг. Үүний цаад шалтгаан нь юу вэ, хуульд асуудал байна уу эсвэл…?
-Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг төдийгүй аливаа гэмт үйлдэлтэй тэмцэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Юуны өмнө Эрүүгийн хуулийн хөөн хэлэцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой. Үүнээс гадна мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлж, хуульчдын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах хэрэгтэй.
-Өнөөгийн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт хангалтгүй байна гэсэн үг үү. Гадаадын улс орнуудад яаж зохицуулсан байдаг юм бол?
-Монгол Улсын Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан ч, хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтыг бүрэн сайжруулж чадаагүй, хийдэлтэй хэвээр байна. Эрүүгийн хуулинд мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын ялгаа, заагийг гаргаж хуульчлаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлүүдийг нарийвчлан хуульчлаагүй хэвээр байгаа. Харин гадаадын улс орнууд эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацаа эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусах үндэслэл, ямар гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг нарийвчлан хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, гэмт этгээд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх, харин гэмт этгээд яллагдагчаар татагдсан болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх болсон хөөн хэлэлцэх хугацааг зогсоох гэх мэт үндэслэлүүдийг нарийвчлан заасан байдаг. Харин манай улсын Эрүүгийн хуулинд ийм зохицуулалтыг хуульчилж байгаагүй.Ийм болохоор гэмт этгээд оргон зайлсан ч, яллагдагчаар татагдаагүй нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна л даа.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой гэж та түрүүн хэллээ. Гадаадын улс орнуудын Эрүүгийн хуультай харьцуулбал Монгол Улсын авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ямар байна вэ?
-Авлигын эсрэг тэмцэх Сингапурын болон Шведийн гэсэн хоёр загвар бий. Авлигын эсрэг тэмцэх Сингапурын загварын дагуу зарим улс орон авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаас гадна авлигын гэмт хэргийн төрлийг нэмэгдүүлж, нарийвчлан хуульчлах болсон. Улс орнуудын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь дунджаар дээд тал нь 10-25 жилийн хорих ялыг оногдуулахаар тусгасан байдаг.Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг конвенцэд зааснаар авлигын гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгадаг. Тэр утгаараа авлигын гэмт хэрэгт оногдуулах ял чанга, хатуу байдаг юм. Хэрвээ ялын дээд хэмжээ таван жилийн хорих ялтай бол таван жилээс дээш хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжгүй гэсэн үг. Харин Манай улсын Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ дунджаар дээд тал нь 5-12 жил байгаа.
-Монголд яагаад авлига, албан тушаалын хэргийг олон жил мөрдөн шалгадаг юм бэ?
-Хөөн хэлэлцэх хугацааны зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлийг хуульчилж өгөөгүй нөхцөлд авлига, албан тушаалын гэх мэт томоохон гэмт хэргүүдийг олон жил мөрдөн шийдвэрлэж, хугацаа ихээхэн алдаж байгаа нь ял завшуулах, эцэст нь хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна.Иймд хөөн хэлэлцэх хугацааны эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусгавар болгох үндэслэл болон ямар хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх заалтуудыг Эрүүгийн хуулинд тусгах нь авлигын төдийгүй аливаа гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга зам гэж хэлээд байгаа юм. Нөгөө арга зам нь хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, тэдний ажлын ачаалалыг багасгах нь аливаа хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх нэг нөхцөл гэж үзэж байна.
-Хэргийг олон жил мөрдөн шалгаж шийдвэрлэж байгааг хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагатай холбож байна. Хүнд хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд хугацаа орох юм биш үү?
-Аливаа хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэх хуульд заасан хугацаа бий. Энэ хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхэд хэргийн болон гэмт этгээдийн нөхцөл байдал, мөрдөгч, прокурор, шүүгчдийн ажлын ачаалал, ур чадвар, туршлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч томоохон хэргүүдийг олон жил шалгаж мөрдсөн атлаа анхан, давах, хяналтын шатны шүүхээс хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар прокурорт буцах явдал их байгаа нь мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагад эргэлзэхэд хүргэж байна л даа. Нөгөө талаар мөрдөгч, прокурор, шүүгчдийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах талаарх онол, практикийн мэдлэг ихээхэн дутмаг санагддаг. Энэ тал ч нөлөөлж байгаа.
-Шүүхийн хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрлэсэн хэргийг дахин сэргээн шалгахыг хуулиар даалгаж болох уу. Энэ нь эрх мэдэл хуваарилах зарчимд хэр нийцдэг вэ. Үндсэн хуулийн Цэц яагаад шүүх эрх мэдэлд халдаагүй гэж үзсэн юм бэ?
-Шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож, дахин сэргээн шалгаж шийдвэрлэхийг хуулиар тогтоодог онол, туршлага хууль зүйн шинжлэх ухааны түүхэнд байхгүй. Судлаач хүний хувьд олон улс орны хуулиудыг судлаад ийм зохицуулалтыг олоогүй. Хууль, шүүхийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас эрх зүйн бус (хүний эрхийг зөрчиж, хууль зүйн шинжлэх ухааны ойлголтыг гажуудуулсан) хууль батлах замаар оролцохыг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын үүднээс шүүх эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх юм бэ. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг авсны дараа Цэцийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг мэдэх боломжтой.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Энэхүү үүргийг зөрчих нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг алдагдуулж, улмаар төрийн бодлого гажуудах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Иймд УИХ алдаагаа засч, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.