Их Британид коронавирусийн шинэ хувилбар дэгдсэнтэй холбоотой нөхцөл байдал хяналтаас гарсан талаар тус улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдлээ. Тэрээр “Хүмүүс зул сарын баярыг тэсэн ядан хүлээж буй ч мутацилагдсан шинэ хувилбар хэт эрчимтэй тархаж байна. Тиймээс Их Британийн Засгийн газар шийдвэртэй алхам авахаас өөр аргагүйд хүрлээ. Нийслэл Лондон болон Английн зүүн, зүүн өмнөд нутагт хатуу хөл хорио тогтоолоо. Эрдэмтдийн үзэж буйгаар коронавирусийн шинэ хувилбар нь өмнөхөөсөө 70 хувиар илүү халдвартай ч хоруу чанар нь одоогоор тогтоогдоогүй гэжээ. Их Британид ковидоор халдварлагсдын тоо хоёр саяыг давж, 68 мянга орчим хүн нас бараад байна. Тус улсад коронавирусийн шинэ төрөл дэгдсэнтэй холбогдуулан Канад, Франц, Итали, Бельги зэрэг 20 гаруй орон агаарын харилцаагаа түр зогсоохоо мэдэгджээ. Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон Лондон хотноо хатуу хөл хорио тогтоох тухай мэдэгдэл хийсний дараа олон мянган оршин суугч хотоос гарах зорилгоор галт тэрэгний буудалд бөөгнөрөл үүсгэж, авто зам дээр олон км үргэлжилсэн түгжрэл бий болсон талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР