Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​168: ДУУ ХӨГЖМӨӨС ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ОЛЖ АВСАН


Х.Тэнгис буюу уран бүтээлч 168-тай ярилцлаа. “Миний муужгай” дуугаар нь түүнийг хүмүүс сайн мэдэх билээ.

-168 гэж тоогоор илэрхийлсэн нэр их содон юм. Олон хүн асуудаг байх. Нэрнийх нь талаар яриагаа эхлэе.

-168 гэдэг нэр намайг өөрөө олсон гэхэд болно. Би эрж хайж олсон гэхээсээ илүү замын дунд өөрөө намайг олсон гэж хэлэх дуртай.

-Уран бүтээлчээс гадна ямар ажил эрхэлдэг вэ. “MOTR” нэртэй хувцасны брэндтэй гэж сонссон. Ямар мэргэжилтэй вэ. Хувиараа бизнес хийдэг гэж ойлгож болох уу?

-Миний хувьд СЭЗИС-ийг бизнес удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. Одоогоор 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт-ап компаниа хариуцаад ажиллаж байна. Манай компани хувцасны бренд, эвент зохион байгуулах болон артист хөгжүүлэх гэсэн гурван чиглэлд ажилладаг. Ерөнхийдөө мэргэжлээрээ мөн ажиллаж байгаа гэсэн үг.

-Х.Тэнгисийн хувьд 2020 оныг хэрхэн өнгөрүүлэв. Төлөвлөж байсан зорилтууддаа хүрч чадав уу?

-2020 он олонх хүмүүсийн хувьд хэцүү жил байсан байж болох ч миний хувьд үр бүтээлтэй, хийсэн юмтай, ахиц дэвшил гаргасан маш өгөөжтэй жил болж чадсан. Манайх хоёр ч студитай болсон. Эхний студио солиод сүүлийнх нь бүр ч гоё студио боллоо. Байгууллага маань цэгцтэй зохион байгуулалтад орж, амьдрал ер нь гайгүй цэгцэрч л байна.

Р” үсэг хэлж чаддаггүй гээд олон нийт, хүмүүс өөрийг тань өхөөрдөх, зарим нь шүүмжлэх нь тал бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би бөөрөнхий хэлтэй байгаагаараа онцгойрох дургүй. Яагаад гэвэл энэ миний сул тал. Миний сул тал дээр тоглоод, дооглоод байж болохгүй шүү дээ. Хүмүүс шоолоод гоё байдаг байж магадгүй л дээ. Гэхдээ надад бол таатай санагддаггүй. Үүгээрээ бахархаад байх нь ч хаашаа юм.

-Урлагийн хүн болох таны багийн хүсэл байсан уу. Хэзээнээс дуу, хөгжим оролдож эхэлсэн бэ?

-Ер нь багаасаа урлагт дуртай байсан л даа. Манай ээж их гоё дуулдаг, аав маань их гоё хоолойтой хүн байдаг. Би багаасаа дуулах сонирхолтой, мэдрэмжтэй хүүхэд байсан. Зураач болно гэж боддог байлаа. Бүтээлч талаа илэрхийлэх тэр хүсэл үргэлж миний дотор байсан. Түрүү жил яг өөрийгөө чөлөөлөөд, хиймээр байгаа зүйлээ хийж үзсэн чинь зураг нь шүлэг болоод, шүлэг нь дуу болоод, дуу нь бүжиг болоод одоо ингээд янз бүрийн юм хийдэг артист болчихсон байна. Одоо л өөрөөрөө байж чадаж байгаа болохоор их гоё байгаа. Дуу хөгжмөөс өөртөө итгэх итгэлийг олж , хувийн дотоод зөрчилдөөн багассан. Хуучин дургүй ажлаа хийдэг үеийг бодвол санхүүгийн багахан эрх чөлөөнд бас хүрсэн.

-Анхны уран бүтээл нь ямар дуу байсан бэ. Анхны дууныхаа мэдрэмжийг эргээд сөхвөл?

-Хамгийн анх би “Магтаал” гээд дуу хийж байсан. Тэр дуугаа хүмүүст хүргэж хийгээгүй, зүгээр л өөрөө дуу хийж үзмээр санагдаад, өөрийнхөө шүлгийг аян дээр уншвал гоё юм байна гэж бодоод хийсний дараа нь сэтгэлд хүрээд дуунуудаа хүмүүст сонсгодог болсон. Анхнаасаа хүнд сонсгох чухал байгаагүй ээ. Өөрийнхөө мэдрэмжийг л илэрхийлмээр байсан. Олон удаа давтаад, хийгээд байхаар гарт ордог гэдэг шиг хийгээд л байсан.Өөрийн уран бүтээл гэдэг зүйлийг бүтээхийн төлөө л байсан.

-Сүүлд гаргасан “Хөнгөн” нэртэй уран бүтээл нь өвөрмөц хэв маяг, клиптэй дуу болж, олон хүнд хүрч байгаа харагдсан. Тэдгээр өвөрмөц санаанууд хаанаас гарав?

-“Хөнгөн” дууны хувьд хэн нэгнийг дуурайлгүй цэвэр өөрийнхөө мэдрэмжийг л гаргахын хүссэн. Үнэнгээрээ байгаа учраас л өөр байгаа байх. Хүн болгон өөр өөрийн дотоод мэдрэмжтэй байдаг. Өөрийнхөө мэдрэмжийг зоригтой гаргаж байгаа болохоор миний уран бүтээлүүд хүмүүст хүрдэг болов уу гэж боддог.

-Уран бүтээлч хүнд таны хэлдгээр мэдрэмж их чухал. Түүгээрээ л хөглөгдөж уран бүтээлээ туурвидаг шүү дээ. Таны хувьдмэдрэмжээ яаж усалж, цэнэглэдэг вэ?

-Төрөлхийн мэдрэмжтэй төрлийн хүн л дээ. Заримдаа юм мэдрэхгүй үедээ анхаарлаа сайн төвлөрүүлээд сэтгэл санаагаа цэгцэлж байж гараас юм гардаг. Мэдрэхгүйгээр юмыг загварчлаад автоматаар хийгээд байвал тэр чинь урлаг биш ажил болчихно шүү дээ. Гэхдээ гайгүй мэдрээд л байдаг даа. (инээв)

-Дуун дээрээ өөрөө бүжиглэдэг эрэгтэй артист Монголд цөөхөн. Дуулахдаа мэдрэмжээрээ бүжиглэчихдэг үү?

-Би маш ичимхий байсан. Хүрээллээ өөрчлөөд, хөгжмийг мэдрээд, эхлээд бүжиглэх гэж үзээд, бага багаар хөдлөөд, бүжиглээд байх тусам сурдаг юм билээ. Бүжиглэсээр байгаад өөрийнхөө хэв маягийг олсон. Түүнээс угаас бүжгийн эвсэлтэй хүн бол биш ээ.

Бага насандаа ямар хүүхэд байсан бэ?Хүүхэд насных нь талаар ярилцья.

-Багадаа жижигхэн биетэй, царай муутай, сонин үстэй, бордуу, хүн тоодоггүй хүүхэд байсан. Жаахан сахилгагүй, тэгсэн мөртлөө сахилгагүй биш юм шиг гэмгүй царайтай. Хөдөө ч байж үзсэн. Тогтмол хүн дээр байдаггүй байнга ийш тийшээ нүүгээд л яваад байдаг байсан. Хамаатнууд, ээж эсвэл аав дээрээ байж өссөн. Хүссэн юмаахийж чаддаггүй, юу мэдэрч байгаагаа ойлгодоггүй жаахан хэцүү гологдсон гэх үү нэг тиймэрхүү. Үнэнийг хэлэхэд нээх жаргалтай бол өсөөгүй ээ.

-Сэтгэл тавгүй үеийг хэрхэн даван туулж байсан бэ?

-Сэтгэл гутралтай нүүр тулдаггүй хүн гэж одоо бараг байхгүй байх аа. Судлаад үзэхээр сэтгэл гутралаас гарах олон л аргууд байдаг юм билээ. Миний хувьд өглөө босоод хамгийн түрүүнд толгойд орж ирсэн 3000 үгээ цаасан дээр буулгадаг аргыг хэрэглээд үр дүнгээ өгсөн. Яагаад гэхээр түүгээрээ өөрийгөө илэрхийлчихэж байгаа болохоор. Сэтгэл хямрах нь өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс, хайрлагдаагүй байгаагаас болдог. Миний хувьд хиймээр байгаагаа хийж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, хүмүүсээр хайрлуулах үедээ гайгүй болчихдог. Одоо ч томроод депресст өртөх нь багасаад, өөрөө зохицуулж сурсан.

-Олон нийтийн өмнө ил гарна гэдэг зориг шаардсан алхамд тооцогдоно. Танд эхлэхэд ямар нэгэн айдас байсан уу?

-Намайг шоолж, муулдаг хүрээллээс би ангижирч чадсан байсанд бас учир бий л дээ. Арван жил, их сургуульд байхад ч юм уу дандаа шоолж, шүүмжилдэг хүрээлэлд байгаад байсан. Тэднээс холдоод намайг зоригжуулж, дэмждэг хүмүүстэй хамт байсан болохоор айдас байгаагүй. Хажууд байгаа хүмүүс, хүрээлэл маш чухал юм билээ.

-“Бүжье бүжье”, “Миний муужгай” дуунууд нь тэсрэлт хийсэн шинэлэг уран бүтээлүүд болсон.Үйлдвэрт бүжинэ гэдэг нь цаагуураа ямар утгатай юм бол?

-Дээр“Үйлдвэр” гэжклуб байсан. Мөн үйлдвэрт ажилладаг мөртлөө нийгмийн даатгал, татвараа төлдөг,баасан гарагт ажлаа тараад клубтээ ч орчихдог хариуцлагатай, хөдөлмөрч ангийг дөвийлгөсөн гэх юм уу. Цаагуураа нийгмийн даатгал, татвараа төлөхийг залуустаа ойлгуулаад байгаагэж мөн харж болно.

-Олон хүнд танигдахын хэрээр амьдралд нь эерэг өөрчлөлтүүд олонтоо гарч байна уу?

-Жаахан хүүхдүүд маш хөөрхөн харчхаад үнэнгээсээ баярлаад байдаг. Өдөр болгон энгийн өнгөрч байгаа хүүхдүүдийн амьдралд өөрийн сонсдог дуучинтайгаа таараад зургаа авахуулах нь тэдний хувьд онцгой үйл явдал болж байгаа. Надад бол байнга зургаа авахуулаад онцгой санагдахаа больсон ч тэр хүүхдийн хувьд онцгой байгаа болохоор би ач холбогдол өгч, сэтгэлээсээ ханддаг. Тэр нь яг үнэнээсээ аз жаргал, баяр хөөр өгч чадаж байгааг харахаар би өөрөө бас баярлаад байдаг юм.

-Тэгвэл Монголын репперүүд, уран бүтээлчдээс үнэлж, хүндэлж явдаг хүн бий юу?

-Намайг дуу хөгжимтэй холбож өгсөн хүн бол Wolfizm. Бид удаан хугацаанд нөхөрлөж байна. Анхнаасаа дуу яаж бүтдэг, хүргэдэг тэр бүхэн нь нүдэн дээр ил, мөн дуугаа гаргахад бусад хүмүүстэй хамтарч ажиллах гүүр болж өгсөн хүн. Wolfizm-ийг маш их хүндэлдэг.

-“Урлаг Монголд хөгжихийн төлөө” гээд дуулдаг шүү дээ. Таныхаар Монголын урлаг хэр хөгжиж байна гэж боддог вэ?

-Би ч нэг их тэгж хэлээд хөгжүүлсэн юм байхгүй л дээ. Гэхдээ урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг санааг хөндсөн гэдэг утгаараа энэ сэдэв яригдах болсон байна лээ. Тэрэнд их баярлаж байгаа. Залуу уран бүтээлчдэдээ хандаж хэлэхэд та бүхний хийж байгаа уран бүтээлүүд бүр чиньмонголын урлагт оруулж байгаа хувь нэмэр шүү гэж хэлмээр байдаг.Гэхдээ нэг тоглолтон дээр “Урлаг Монголд хөгжихийн төлөө” гээд баахан урлагийн томчуудын өмнө дуулахад жаахан ичиж байсан шүү. Урлагийн сургууль төгссөн, яаманд ажилладаг хүмүүсийн урд тэгээд байдаг би хэн билээ дээ. (инээв)

-Тайз болгон хүлээж авах нь болон сонсогчид нь ондоо. Дууг нь ойлгохгүй хүмүүстэй тааралдаж шүүмжлүүлж байв уу?

-Түрүү жил нэг газар ахимаг насны хүмүүсийн баяр дээр орчихсон. Намайг үнэнгээсээ ойлгохгүй, энэ яг яагаад байгаа юм бэ? гээд бүгд таг хөшчихсөн. Тэгсэн ч одоо өнгөрсөн гээд л ганцаараа дуулаад, бүжиглээд, саваад л гарсан даа. Зөндөө асуудал гарч байсан. Нэг удаа би тайзан дээр шүдээ угаачихгүй юу. Гадаадад performance art гэдэг утгаараа хөгжсөн байдаг л даа. Ийм урлаг гээд хүмүүст үзүүлчихсэн чинь газрынх нь хүн нь барьж аваад, бараг зодох гээд тэгээд зугтсан байдаг юм.

-Цомог гаргах төлөвлөгөө бий юу?

-Байгаа. Гэхдээ яаж гаргах вэ гэдэг платформ шийдлээ сайн ойлгохгүй байгаа. Хуучнаар сидин дээр хуулдаг цаг өнгөрсөн. Тэгэхээр яаж гаргах уу гэдэг дээр бодоод юмаа хийж байгаа.

-Гэр бүлийн тал дээр тэгвэл төлөвлөсөн болов уу. Найз охинтой юу?

-Одоогоор нарийн төлөвлөсөн юм алгаа. Найз охинтой. Удаан хугацаанд үерхэж байгаа.

-Цаашдын уран бүтээлийн болон хувийн зорилгуудаасаа хуваалцаач.

-Цаашид уран бүтээлээ олон улсын хэмжээнд гаргахыг зорино. Бас уран бүтээлдээ үндэсний хэв шинжтэйгээр монгол хэв маягийг шингээхийг хичээдэг. Бүжиг, нүүр царай, хэмнэл гээд бүх зүйлдээ монгол хэв маяг, онцлогоо оруулахыг хичээдэг. Студио мөн сайн хөгжүүлж, бизнесээ амжилттай авч явахыг зорино.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *