АНУ-ын засгийн газрын эм, хүнсний хэрэг эрхлэх газар (FDA) Moderna компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг аюулгүй, 94 хувийн үр дүнтэй гэсэн дүгнэлтийг өчигдөр гаргажээ.
Ингэснээр тус улсын эрх баригчид коронавирусийн эсрэг хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгоход бэлэн болж байна.
Өнгөрсөн Бямба гарагт Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосноор энэ долоо хоногт Америк даяар вакцинжуулалтын аян эхэлсэн билээ. Маргааш буюу Пүрэв гарагт FDA байгууллагын экспертүүдийн хороо хуралдаж, Moderna-гийн вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэнэ.
Pfizer/BioNTech-ийн вакциныг Цельсийн -75 хэмийн температурт хадгалах нөхцөлтэй бол Moderna компанийн вакцин -20 хэмийн температур шаарддаг.
Тиймээс уг вакциныг түгээх, хадгалахад хүндрэл бага юм. Moderna-гийн вакциныг 28 хоногийн зайтай хоёр тун хийснээр хүнд дархлаа тогтдог.
Хоёр вакцин хоёул вирусийн генетик кодыг ашигладаг RNA хэмээх шинэ технологиор бүтээгдсэн юм.
АНУ-ын засгийн газар Moderna компаниас 200 сая тун вакцин авах гэрээтэй. Зөвшөөрөл гарсны дараа шууд 6 сая тунг нийлүүлэхэд бэлэн байгаа ажээ.
Канад улс Moderna-гаас 56 сая тун вакцин авахаар захиалсан бол Их Британи улс 7 сая тунг урьдчилан захиалсан байна.
Moderna-гийн вакцин аюулгүй, үр дүнтэй нь батлагдсаны дараа 80 сая тунг авах болсноо Европын Холбоо өнгөрсөн сард зарлаж байв. Эдгээрээс гадна Япон улс 50 сая, Өмнөд Солонгос 20 сая, Швейцарь 7.5 сая тун вакцин захиалаад байгаа ажээ.
2010 онд байгуулагдсан Moderna компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 700 орчим хувь өсөөд байна.
Эх сурвалж: BBC