УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
-Улсын Их Хурлын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлтүүд юу вэ?
-Юуны өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зарчмын өөрчлөлтүүдийг хуульд оруулах шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага байсан. Иймд одоогийн хэлэлцүүлгийн байдлаар дараахь зарчмын өөрчлөлтүүд энэ хуульд тусгагдаж байна.
Нэгдүгээрт, орон нутаг, ялангуяа суманд сумын өмч гэж байдаггүй, бүгд аймгийн, эсхүл төрийн өмчид хамаардаг байсан. Аймаг, сум өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор өмч хөрөнгөтэй байх боломжийг энэ хуулиар нээж байгаа юм. Тухайн орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн татварын орлогын тодорхой хувийг аймагт нь үлдээх, сумын нийт татварын орлогын тодорхой хувийг суманд нь үлдээх гэх мэтээр орон нутгийн орлогыг болон төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр байгаа юм.
Хоёрдугаарт, орон нутаг дахь улстөржилтийг бууруулах, сумын иргэд улсын төрийн намаараа хоёр хуваагдчихдаг байдлыг арилгах зорилгоор ИТХ-д намын бүлэг байгуулахгүй байх, аймаг, сумын Засаг даргыг намын бүлгээс нэр дэвшүүлэхгүй байх, Засаг дарга улс төрийн намын байр суурь илэрхийлж, төлөөлөхгүй байх зэрэг дэвшилттэй зохицуулалт анхны төсөлд тусгагдсан. Гэхдээ харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн санал хураалтын үр дүнгээр зарим хэсгээс нь буцаж байна. Тухайлбал, аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ намын бүлэг дэвшүүлэх одоогийн зохицуулалтыг сэргээж байна. Гэхдээ ямар ч байсан орон нутаг дахь улстөржилтийг бууруулахад мэдэгдэхүйц үр дүн гаргах байх аа.
Дараагийн нэг асуудал бол, аймаг, сумын хооронд, сум, багийн хооронд чиг үүргээ булаалдах, давхцах, эсхүл хийдүүлэх зэрэг байдал одоогийн хуулийн зохицуулалтаас болж үүсдэг. Үүнтэй холбоотой практикт, яг нэг асуудлаар хоёр шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр өөр шийдвэр гаргах гэх мэт асуудлууд гардаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх, нөгөөтэйгүүр ер нь чиг үүрэг, бүрэн эрх, харьяалах асуудлыг тодорхой болгох зорилгоор аймаг, сум, нийслэл, дүүрэг, баг, хороо тус бүрдээ ямар чиг үүрэгтэй, тэдгээрийн удирдлагууд ямар бүрэн эрхтэй вэ гэдэг ажил үүргийн хуваарийг нарийвчилж байна.
Энэ хуулийн бас нэг ач холбогдол нь хот, тосгоныг хөгжүүлэх асуудлыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны нэгж буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн чиг үүрэг, хариуцах асуудлыг тодорхой болгож, үүнээс хот, тосгонд шилжүүлэх чиг үүргийн хүрээг гаргана. Яг одоогийн хуулийн чиг үүргийн хүрээнд хот, тосгон гэж байх ямар ч ач холбогдолгүй байгаа тул, нэгжээс зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдсэн. Үүний дараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэнэ. Харин хот, тосгоныг өөрчлөн байгуулах асуудал нь эдгээр хууль батлагдсаны дараагийн асуудал гэх мэтчилэн зарчмын өөрчлөлт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд хийгдэхээр байгаа. Одоогоор эцэслэн батлагдаагүй, Дэгийн хуулийн дагуу дахин өөрчлөгдөх боломжтой тул илүү нарийвчлан ярихад арай эрт байна.
-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Ерөнхий агуулгаар нь яривал, улсын төсөв нь төрөөс иргэдэд үзүүлэх ёстой үйлчилгээг хүргэхэд зарцуулагддаг. Тухайлбал, ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй иргэн бүрт олгох үүрэгтэй. Тиймээс суманд сургууль барих, уг сургуулийн цахилгаан, дулаан гэх мэт урсгал зардлыг хариуцах, тэр сургуульд ажиллах багш, ажилтны цалинг хариуцах, сургуулийн тавилга тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх гэх мэт. Харин орон нутгийн төсвийн тухайд цэвэр орон нутаг өөрийн асуудлаа шийдвэрлэх, бусад аймаг, сумтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ илүү тав тухтай амьдруулах гэх мэт орон нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын шаардлагатай гэж үзсэн асуудалд зарцуулагдах ёстой.
Тэгэхээр орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, зарим татвар тогтоох эрх өгөх нь орон нутаг өөрөө дотооддоо шаардлагатай асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас орон нутгийг хөгжүүлэхэд илүү үр дүнтэй юм.
-Хуулийн төсөлд аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд санал болгодог байхаар тусгасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд санал болгож болохоор зохицуулалт төсөлд тусгагдаж байгаа. Ерөнхий зарчмын дагуу ИТХ Засаг даргад нэр дэвшүүлнэ. Гэхдээ дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд мөн нэр дэвшигчид хэн нэгнийг санал болгож болно. Энэ нь Засаг дарга гэдэг албан тушаал бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өмнө ажлаа хариуцдаг субьектийн хувьд хийгдэж байгаа зохицуулалт.
Төрийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд энэ нь байж болох асуудал гэж бодож байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын санал болгосон хүн аймгийн Засаг даргаар томилогдлоо гэхэд тухайн орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлын зарчмыг хангахад анхаарч ажиллах нь тодорхой. ИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд томилдог зарчим хуулийн төслөөр хэвээр байгаа.
-2021 оны төсвийг УИХ-аар баталсан. Ирэх жилийн төсөв цаг үе, нөхцөл байдалдаа хэр нийцсэн гэж дүгнэж байна вэ?
-2021 оны улсын төсөвтэй холбогдуулан хөрөнгө оруулалтыг царцаах, зарим төсөл, арга хэмжээний төсвийг цар тахлын арга хэмжээ, вакцин худалдан авахад зориулах шаардлагатай зэрэг саналыг зарим хэсэг нь ярьж байгаа.
2021 оны төсвийн хувьд ердийн, цар тахалгүй үеийн төсвөөс ялгаатай, гэхдээ одоогийн нөхцөлд төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийг зогсоох хэмжээнд хүртэл төсвийн зардлыг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн.
Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн хөрөнгө, мөн вакцинжуулалтын зардал гэх мэт хөрөнгө төсөвт тусгагдаж явдаг. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэхдээ Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдсанаар илүү түргэн хугацаанд вакцин олж авах боломжтой гэж үзэж байгаа учраас энэхүү зээлийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг хэлэлцэж, холбогдох гэрээ хэлцэл хийгдэж байна.
Мэдээж, нөхцөл байдал одоогийн байдлаас эрс өөрчлөгдвөл Улсын Их Хурал төсөвт хурдан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулиар цар тахлын үед төрийн үйл ажиллагаа, саадгүй, түргэн явах боломж бүрдсэн. Түүнчлэн Засгийн газар одоогийн хууль тогтоомж, төсвийн хүрээнд “Ковид-19” цар тахлын нөлөөллөөс эдийн засаг, ард иргэд, аж ахуйн нэгжид учирч байгаа хүндрэлийг тодорхой хэмжээнд зөөлрүүлж ажиллах боломжтой.
Р.ХИШИГЖАРГАЛ