Categories
мэдээ нийгэм

​Эрчим хүчний яам: Цахилгааны хэт ачааллаас сэргийлж түр журам гаргана

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төр хариуцах шийдвэрийг гаргасан билээ.

Тодруулбал, Монгол Улсын бүх өрхийн цахилгаан, 100 ам.метр талбай бүхий орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл тэглэх болсон. Энэхүү хөнгөлөлтөд шаардагдах 650 орчим төгрөгийн төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргахаар болсон юм.

Энэхүү шийдвэр гарснаар иргэд сар бүр төлдөг төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хэт их хэрэглээний үүдэлтэй цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэх, эвдрэл гэмтэл үүсэх магадлал их байгаа билээ. Иймд хэт ачааллаас сэргийлэх, хэмнэлт хийх шаардлага үүсч байгаа юм. Энэ асуудал дээр ямар зохицуулалттай ажиллахыг Эрчим хүчний яамнаас тодруулахад “Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий түр журам гаргахаар ажиллаж байна. Тус журамд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, төлбөрөөс чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгана. Бид журмаа гаргаж Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа иргэдэд танилцуулна” гэсэн юм.

Хэдий төлбөр төлөхгүй ч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Тиймээс иргэд, төлбөрөөс чөлөөлөгдөж буй аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийхийг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *