Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатартай ярилцлаа.
-Цар тахлын үед ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл хэр байна вэ. Танай байгууллагын цахим хуудаснаас харахад алба хаагчид болон тэдний ар гэрээс гомдол санал нэлээд ирүүлж байгаа харагдах юм?
-Манай холбоо байгуулагдсан цагаасаа олон нийтийн цахим сүлжээ ашиглаж “ Цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” facebook групп нээн ажиллуулж, түүгээрээ дамжуулан цагдаагийн алба хаагчид болон тэдний гэр бүл, иргэдээс ирэх гомдол, мэдээлэл санал хүсэлтийг хүлээн авах, тэдний дуу хоолойг сонсох, ирсэн санал гомдлыг ЦЕГ, ХЗДХ-ийн сайд бусад холбогдох хүмүүст хүргэж шийдвэрлүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр манай групп 20 мянга гаруй гишүүнчлэлтэй болоод байна. Энд нэг зүйлийг тодотгоход цагдаагийн алба хаагчдыг холбооныхоо гишүүнээр албан ёсоор бүртгэх боломж хязгаарлагдмал. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.8-д Цагдаагийн алба хаагч нам, Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүн дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчилах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор заасан. Манай байгууллага бол ямар нэгэн нам эвслийн үзэл суртлыг сурталчилдаг байгууллага биш. Тухайн алба хаагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, тэдгээрийн үзэл бодлыг хамгаалах ийм л холбоо. Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа 8800 гаруй цагдаагийн алба хаагчид,тэдний гэр бүл, ахмад ажилтан гэх мэтчилэн 20 мянга гаруй гишүүнчлэлтэй болсон байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ хугацаанд олон нийтийн аюулгүй байдлыг хангахад цаг наргүй ажиллаж байгаатай холбоотой тэдний эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал нэлээд гарч байна.
-Цагдаагийн алба хаагчдаас гадна Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудын асуудал хүндхэн байгаа талаар бичсэн байсан?
-Арваннэгдүээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой Дотоод хэргийн Их сургуулийн офицер дамжааны оюутнууд болон эчнээ ангид суралцаж байгаа алба хаагчид орон нутгаас ирж суралцаж байсан. Эдгээр алба хаагчид бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор цагдаа болон дотоодын цэргийн хүн хүч дутмаг учраас эдгээр алба хаагчдыг татан оролцуулсан. Алба хаагчид есдүгээр сард Улаанбаатар хотод ирэхдээ найз нөхөд, ах дүү хамаатан садан, танил талындаа байрласан. Гэсэн хэдий ч цар тахлаас улбаалан хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ажиллагаанд татан оролцсонтой холбоотойгоор хүндрэлүүд тулгарч эхэлсэн. Нэгдүгээрт, дулаан хувцас форм байхгүй. Учир нь хавар намрын нэг ээлжийн хувцастай ирсэн байсан. Өвлийн хүйтэн тачигнасан эдгээр өдрүүдэд шөнөдөө хэдэн градус хүрч байгаа билээ. Ийм нөхцөлд тэнхимд хичээллэж байсан хувцастайгаа гадаа ажиллана гэдэг хүндрэлтэй шүү дээ. Хоёрдугаарт, халдвар тархсантай холбоотой гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, оюутнууд эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа учраас байрлаж байсан айлууд нь халдвар авчих вий гэхээс болгоомжилж алба хаагчдыг гэртээ байлгахаас дургүйцэж эхэлсэн. Ингэхээр гэр орноосоо хол байгаа алба хаагчид дулаан хувцасгүй, халуун хоолгүй, орох оронгүй болсон. Арга бараад зарим нэг нь хамтарч түрээсийн байранд байрласан байна. Харин танил тал, мөнгө төгрөггүй нь орцонд хонох нь холгүй явна. Зарим нь сургуулийн жижүүрт үнэн учраа хэлж хоног төөрүүлсэн ч тохиолдол бий.
-Ялангуяа эмэгтэй алба хаагчдын хувьд асуудал бүр хүнд байгаа гэж ойлгосон?
-Эчнээ буюу офицер дамжаанд 40 гаруй эмэгтэй алба хаагч суралцаж байгаа юм. Эдгээр алба хаагчид маань бага насны хүүхдээ хөдөө орон нутагтаа орхиод ирсэн. Гэтэл бага насны хүүхэд нь өвдөж, зовсон асуудал гарч байна. Хэдийгээр орон нутгаас дулаан хувцсыг нь татан авчирсан боловч нэг ээлжийн хувцастайгаа бүтэн сар үүрэг гүйцэтгэлээ шүү дээ. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна л даа. Угаагаад өмсөж болдоггүй юм уу л гэх байх. Өглөөний найман цагт ээлжинд гараад орой 16 цагт бууна. Харих гэсээр байтал 1-2 цаг болно. Орой нь очоод угаалаа гэхэд өглөө нь хатахгүй шүү дээ. Энэ тэнд айл амьтан царайчилж байгаа хүмүүс чинь өмссөн хувцсаа угаах, халдваргүйжүүлэх боломж хомс байна.
-Алба хаагчдад тулгамдаад байгаа бодит асуудлын талаар шийдвэр гаргах түвшинд дуулгасан уу?
-Эдгээр асуудлыг бид ХЗДХ-ийн сайдад хоёр удаа уламжилсан. Орон нутгаас ирсэн алба хаагчдаа зохих журмын дагуу буцаах асуудалд арга хэмжээ аваач ээ гэсэн санал тавьсан. Сайдаас цаашид хөл хориог сунгах эсэх Засгийн газар, УОК-ын шийдвэрийг харж байгаад холбогдох хүмүүст саналаа хүргүүлж, шийдвэрлэнэ гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр энэ хэмжээгээр алба хаагчдын асуудал хойшилно гэсэн үг.
-Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудад энэ асуудлын талаар саналаа хүргүүлээгүй юм уу?
-ЦЕГ-ын удирдлагуудад энэ асуудлыг тавьсан. ЦЕГ-ын удирдлагууд тухайн алба хаагчдын дулаан хувцас, формыг орон нутгаас нь татан авч ирэх үйл ажиллагааг зохион байгуулсан.
-Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өгч байгаа хоолтой холбоотой гомдол санал сүүлийн үед шүүмжлэл дагуулаад байгаа?
-Цагдаагийн Ерөнхий газраас өөрсдийн нөөц боломж бололцооны хэрээр зохион байгуулж байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Хөл хорионы үед үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа учраас үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг хангахын тулд ЦЕГ, зарим хэлтэсүүд дээрээ эмэгтэй алба хаагчдаа хоол хийх ажилд татан оролцуулж байгаа. Гэсэн хэдий ч олон алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа учраас хол ойроосоо хамаараад чанартай, чанаргүй, халуун хүйтэн хоол цай очиж байгаа асуудал бий. Тиймээс цаашид УОК, Засгийн газраас үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хоол хүнсний асуудалд зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн гол нь коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хөл хорионы үед ажиллах зардал ЦЕГ-ын төсөвт суугаагүй гэнэтийн зардал учраас илүү их төсөв хөрөнгө гаргах боломж тэдэнд байхгүй. Тиймээс Засгийн газраас энэ алба хаагчдын төсөвийг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй байна.
-Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдын санаачилгаар ковидын үед ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчид болон оюутнуудад нэг удаа урамшуулал олголоо. Дахин асуудал тавих хэр зохимжтой вэ?
-Нэгдүгээрт, Засгийн газрын 153 дугаар тогтоолд Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ үзүүлэх жишиг нормативыг заасан байдаг. Тухайлбал, дүүргийн цагдаагийн хэлтэст 50 мянган хүн ам тутамд нэг тасаг байх ёстой. Баянзүрх дүүргээр жишээ татахад албан ёсоор 240 гаруй мянган иргэн бий. Тэгвэл тус тогтоолын дагуу таван тасаг байх ёстой бол одоо хоёр тасаг ажиллаж байна. Мөн 4000 хүн ам тутамд нэг хэсгийн байцаагч байх ёстой гэсэн жишиг норматив бий. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд 28 мянган хүн амьдарч байна. Гэтэл ганцхан хэсгийн байцаагч ажиллаж байна. Гэтэл норм ёсоор зургаан хэсгийн байцаагч ажиллахаар байгаа.Тэгэхээр Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу бол цагдаагийн байгууллагад хүн хүчний хомсдолд орсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж нэг хүнд 4-5 хүний ажил ногдож байгааг тодотгосон. Өөрөөр хэлбэл, жишиг нормоор 6000 гаруй албан хаагчдын орон тоо дутуу байгаа. Дараагийн асуудал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52.53 дугаар зүйлд заасан илүү цагаар ажилласан буюу амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласан нэмэгдэл хөлсийг тооцож олгох ёстой боловч цагдаагийн алба хаагчид дээр дурдсан нөхцөлд ажилласан нөхцөлд амралтгүй,нэмэгдэл цалингүй ажилладаг. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тооцоод үзвэл өнөөдөр Засгийн газраас олгосон 800 мянган төгрөгийн урамшуулал хажууд нь юу ч биш ээ. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэмэгдэл хөлсийг нь олгож чадахгүй байгаа учраас нэг удаадаа мөнгөн урамшуулал олгож байгаа асуудал шүү дээ. Учир нь энэ хүмүүс нэгдүгээр сарын 27-ноос амралтын өдөргүй цаг наргүй ажилласан. Харин энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ХЗДХ-ийн сайд идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд өнөөдөр 9946 цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгосонд баяртай байгаа.
-Ер нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын амьжиргааны түвшин ямар байгаа талаар ямар нэгэн судалгаа бий юү?
-Цагдаагийн алба хаагчдын амьжиргааны түвшинг харуулсан олон төрлийн судалгаа бий. Энд нэг зүйлийг тодотгомоор байгаа юм. Төрийн албан хаагчдаас авсан цалингаа албандаа зарцуулдаг хүн бол цагдаагийн алба хаагчид. Тэд өөрсдийн амьжиргааны эх үүсвэрээ хангах ёстой цалингаасаа гэмт хэрэгт холбогдсон хохирогч, гэрчээс тайлбар мэдүүлэг авахын тулд утасдана, шатахуунаа хийнэ, алба хаагчид өөрсдийн хувцас хэрэгслээ авдаг болсон. Цагдаагийн нийт алба хаагчдын хэдэн хувь нь зээлтэй байна вэ гэдэг судалгааг авахад 92 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй гэсэн судалгаа гарсан.
П.БАТЗАЯА