Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангайгаас ирсэн эмэгтэйг харсаар байгаад үхүүллээ дээ

Энэ сарын 7-ны өдөр Архангайгаас ирсэн 58 настай эмэгтэй 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барлаа. Түүний хэвтэж байсан машиныг тойроод эмнэлэг, цагдаа, хорио цээрийн алба… гээд ер нь Монголын төрийн олон албан хаагч байсан хэрнээ, хот руу оруулахгүй хашиж байгаад хотынхоо захад үхэхийг нь харав. Эмэгтэй амь тэмцээд байдаг, хажууд нь байсан хоёр хүүхэд бүлтгэнээд байдаг, урдаас нь “PCR-ийн шинжилгээний бичгээ эхлээд үзүүл” гээд нэхээд байдаг. Иймэрхүү байдалтай бүтэн шөнө тийчлээд өглөөний 6.00 цагт амьсгал хураажээ.

Ийм цаг үед хүнд өвчтэй хүн хот руу орох болвол ийм дамжлага баазаар дамжих ёстой юм байна. Эхлээд тэр хүн Нийслэлийн эрүүл мэндийн газар руу “Миний бие ийм хүнд байна, хот руу оруулна уу” гэсэн хүсэлтийг албан ёсоор хүргүүлнэ. Тэр хүн замдаа цус харваад ирсэн байсан ч ингэх ёстой гэнэ. Энэ хүсэлтийг нь Нийслэлийн ЭМГ-ын дарга нар үзээд дараахь нөхцөлийг шаардана. Нэгдүгээрт, голомтын бүс нутгаас ирж байгаа учраас зайлшгүй PCR шинжилгээ авах хэрэгтэйг. Хоёрдугаарт, хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар ирж байгаа бол холбогдох орон нутгаасаа заавал 13А маягт, эмнэлгээс явуулсан бичигтэй хамт байна. Гуравдугаарт, орон нутгийн эмч нь түүнийг заавал хүргэж авчрах ёстой. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод хүлээн авахыг зөвшөөрсөн бичигтэй байна. Архангайгаас ирж буй тэр эмэгтэйн бие замдаа гэнэт муудсан учир аль аль бичиг нь байсангүй. Гэвч тэр эмэгтэй эцсийн мөч хүртлээ их хотын хаяанаас тэмцсэн. Зөвшөөрөл ганц өгөх ёстой Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11324207 гэдэг утас руу эхний удаад 10 гаруй удаа залгаад аваагүй. Тэгэхээр нь машин дотроо байсан эмээ уусан ч бүр дордохоор нь дахиад 20 гаруй удаа залгасан байна. Бүр муудаад байхаар нь дахиад зогсоо зайгүй залгаад байсан. Тэвдэж сандарсан хүмүүст тэрний тоо бол байхгүй. 60 орчим удаа залгасан гээд байгаагийн учир энэ. Юун 60 байхав дээ, дэргэд нь байсан хүний яриагаар бол 200 орчим удаа залгасан байсныг сүүлд утаснаас нь харж мэдсэн гэсэн байна лээ. Энэ олон дуудлагад нийслэлийн ЭМГазар нэг ч хариу өгөөгүй нь л маргаангүй үнэн. Эцэст тэр эмэгтэй нас барсан. Байдал үүгээр дуусаагүй, цогцосыг нь 22-ын товчоон дээр байлгаад байхаар нь хамт явсан хүмүүс нь “Одоо цогцосыг нь ядаж энд байлгамааргүй байна” гэжээ. Тэгсэн нийслэлийн ЭМГазраас “Одоо бол наад цогцосыг чинь УОК шийднэ, бид мэдэхгүй” гэжээ. Бид хийдгээ хийсэн гэдэг шиг хандлагаар…

Амь нас нь секундээр хэмжигдсэн тэр эмэгтэйтэй тэнд байсан бүх хүн зайнаас харьцсан, хөндий хандсан. Аминд тулсан үед амь нас аврах хууль л ганц үйлчилдэг байх ёстой. Бүх хууль, дүрэм журам, хорио цээрийн дэглэмийн үндсэн концепц энэ. Хүний амь насыг авран хамгаалахад оршино. Гэвч хатуу хөл хорионы энэ үед ийм үзэл санаа, хүмүүнлэг чанар алга. Байдал нэгэнт ийм байгаа үед энд нэг их том хууль дүрэм, хүмүүнлэг чанар яриад ч бас яахав. Зүгээр л өнөөдрийн Монголын төрийн бүх салбарын, бүх шатны ажилтан ажиллагсдын хулчгар байгааг л ярья. Үнэн нүүр царайг нь бичье.

Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж буй тэр олон хүний дотроос ээж шиг нь, эгч шиг нь тэр эмэгтэйн дэргэд очоод тусламж үзүүлчих хүн олдсонгүй. Тэр шөнө, тэр эмэгтэйгээс бүгд цэрвэсэн. Тэнд байсан бүх хүмүүс халдвар авчих нь гэж айсан. Эрүүл ухаанаар бод доо, наад зах нь тэнд хамгаалалтад гарч байсан цагдаагийн албан хаагч хэн нэг нь машин руу өнгийж үзээд “За энэ хүнд зөвхөн амь л чухал болжээ” гээд хотын төв рүү, эмнэлэг руу аваад давхисан бол амь гарах байлаа. Хүний амийг аврах нь хуулиас дээгүүр зүйл гэдгийг хуулийнхан бас хааяа сэтгэж байх ёстой. Нийслэлийн ЭМГ-ын дуудлагын утсан дээр сууж байсан ажилтнуудын хэн нь ч “Өвчтэй хүн ярьж байгаа байх, аягүй бол очиж авах болно” гээд утсаа аваагүй. Өөдгүй, хүнлэг бус, хулчгар зан. Ядаж утсаа аваад зайнаас тусламж үзүүлэх сэтгэлтэй баймаар. Утсаар ямар вирус тарж байгаа биш. Тэр шөнө хөөрхий эмэгтэйгээс төрийнхөн бүгд айсан, зугтсан, үнэн царайгаа харуулцгаасан. Амьдралын бодит үнэн л энэ. Өөр тэгээд юу гэж дүгнэх юм. Фронтын шугам дээр шархадчихсан байгаа цэргүүдийг авах хүн олдохгүй байгаатай л адил хэрэг явдал болсон байгаа биз дээ.

Тулсан үед мөн чанар танигдах гэдэг энэ. Тулсан үед монголчууд бид үнэн төрхөө харуулж эхэлж байгаа нь энэ. Ийм л өөдгүй, эр зориггүй, амин хувиа хичээсэн, хэлбэрдэхээс цаашгүй, хийрхсэн ард түмэн болсноо та бид энэ эмэгтэйн амь наснаас харлаа. Хотынх нь захад хорьж байгаад шүү.

Ингээд харахаар элэнцгийнх нь эх оронч үзэл, эр зориг, бусдын төлөөх сайхан чанар байхав дээ. Эх оронч, эр зоригтой, бусдын төлөө өөрийгөө золиослохыг тунхагласан өчнөөн л кино зохиол, уран зохиол, яруу найраг… байдаг биз дээ. Үхсэн хойноо энэ бүгд хүмүүст, нийгэмд нөлөөлдөггүй л юм байна шүү дээ. Уран зохиолоор төлөвшсөн, хүмүүжсэн хэн байгаа юм. Лав л өнөөдрийн Монголд алга. Нийгмийн сэтгэл зүйг хамгийн сайн эмчилдэг гэх уран зохиол, яруу найраг чинь өнөөдөр дурлалаас өөр сэдэвгүй болчихсон нь нөлөөлдөг юм уу. За энэ ч яахав, нэг тал нь.

Эцсийн дүндээ бол энэ бүгдийн шалтгаан нь эр зориггүй хүмүүс энэ улс орныг удирдаж байгаатай холбоотой. Эр зоригтнууд эх орныг авч явдаг юм аа. Ийм ороо бусгаа цаг үед Ерөнхий сайд нь нийгмийн өмнө үргэлж ил байх ёстой. Бүх шийдвэрийг тэр өөрийн биеэр гаргаж, өөрийн биеэр удирдан зохион байгуулах ёстой. Тэрнээс ичээндээ байгаа амьтан шиг байж болохгүй. Эр зоригтой нүүрний эгнээнд алхаж гэмээнэ ард түмэн араас чинь дагана. Тэрнээс өнөөдрийн хотын дарга шиг өрөөнийхөө үүдэнд Гаалийн хаалганаас том хаалга суурилуулчихаад, цаана нь хулмаганаад суугаад байж болохгүй. Энэ байдал нь өөрөө ард түмнийг улам хулчгар болгоно. УОК-ын дарга нар гэж бугуйндаа том том эрхи углачихсан, сахил санваартай хүмүүс шиг юмнууд. Бас л айдас дагуулах. Цөхөрсөн ард түмэнд оюун санааны хувьд хамгийн ойр нь шашин шүтлэг байдаг юм шүү дээ. Бид тэгтлээ цөхөрчихөөгүй байна. Харин удирдаж байгаа улстөрчдийн байгаа царай, хулчгар хандлага ард түмнээ эр зориггүй болгож байна. Хулчгарууд улс орныг удирдаж байгаагаас ард түмэн хулчгар болчихож мэднэ шүү. Эр зоригтнуудын нуруун дээр эх орны тусгаар тогтнол оршин тогтнодог. Эр зоригтнуудын нүүр царай ирээдүй хойчид үлгэр дуурайл болдог. Энэ өдрүүдэд нэг зүйл бодогдох, одоо энэ Э.Бат-Үүл хотын дарга байсан бол аль хэдүйн 22-ын товчоон дээр гүйгээд оччихсон, “Энэ чинь манай нэг партизан юм аа гээд хэн нэгнийг нуруундаа үүрчихсэн гүйж явж мэднэ шүү” гэж. Э.Бат-Үүлийн энэ нь өөрөө залуучуудад гайхам үлгэр дуурайл болно. Ц.Элбэгдорж байсан бол аль хэдүйн олны өмнө гараад ирчихсэн “Гурван сая Чингис минь сэрцгээ…” гээд онгироож, сэрээж байгаа. Энэ нь өөрөө эх оронч үзлийг нийгэмд сэрээж өгч буй удирдагчийн гайхамшигтай хандлага. Улс орон удирдаж буй хүмүүс ядаж ингэх ёстой юм аа, өнөөдөр. Гэтэл харсаар байгаад иргэнээ зуурдаар үхүүллээ. Зүй нь бид сая яах ёстой байсан бэ гэвэл 22-ын товчооноос тэр эмэгтэйг суулгасан тэрэгний өмнө нь эрээн машин, хойно нь бас маяактай эрээн машинаар гуперлэн, дохиогоо хангинуулан давхиж эмнэлэгт авчран амийг нь аврах ёстой байсан юм. Ганцаас гурван сая иргэн бүтдэг юм. Гэвч 22-ын товчооны постон дээр эр зоригтой хүн байсангүй, өөрийгөө золиослон хүний амь аврах тухай ойлголт тэр орчинд байсангүй. Бүгд хулчгарууд. Хөөрхий эмэгтэй амь тавьж байхад, машиныг нь холоос тойрон харж зэнзийрхсэн, дүрэм журам ярьж айдсаа халхавчилсан, бие биен рүүгээ хариуцлагаа бултуулсан, утсаар худлаа ярьж байгаа дүр эсгэсэн Монголын төр л эргэлдэж байж дээ…

Б.НЯМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *