Categories
гадаад мэдээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ: ТОВЧХОН

Форбес сэтгүүл энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. ХБНГУ-ын канцлер А.Меркель 10 дахь жилдээ тэргүүлсэн бол жагсаалтын хоёрдугаарт Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард оржээ. К.Лагард өнгөрсөн онд мөн хоёрдугаарт бичигдэж байж. Форбес сэтгүүл ийм төрлийн жагсаалтыг 17 дахь жилдээ гаргаж байгаа юм. АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис жагсаалтын гуравдугаарт багтжээ. Жагсаалтын эхний тавд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, буяны үйлстэн Мелинда Гейтс нар тус тус орсон байна.

l l l

Оросын төрийн тэргүүн В.Путин өөрийн улсынх нь эсрэг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулсан болон ийм үйлдэлд хүмүүсийг уриалан турхирагчдад 6-10 жилийн хорих ял оноох тухай хуульд гарын үсэг зуржээ. Мөн ийм үйлдэлд олон нийтийг уриалсан этгээдийг 500 мянган рублиэр торгохоор болсон байна. Түүнчлэн давтан зөрчил гаргавал нэг хүртэл жил хорих ялаар шийтгэх гэнэ. ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30, 31 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, дээрх зүйл заалтыг нэмсэн аж.

l l l
Швейцарийн Давос хотноо жил бүр уламжлан болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг ирэх жил Сингапурт зохион байгуулахаар болжээ. Цар тахалтай холбогдуулан ийм арга хэмжээ авсан талаар тус байгууллагын ерөнхийлөгч Борге Бренде өчигдөр мэдэгдсэн байна. Чуулга уулзалт 2021 оны тавдугаар сарын 13-16-ны хооронд болох юм. Үүний зэрэгцээ 2021 оны нэгдүгээр сарын 25-29-ний хооронд болох “Давосын долоо хоног”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

l l l

Apple компани мягмар гаригт өөрсдийн цоо шинэ, хүчирхэг динамик дуугаралттай AirPods Max хэмээх акустик дизайнтай чихэвчээ танилцуулжээ. Саарал, мөнгөлөг, цэнхэр, ногоон, ягаан гэсэн таван өнгөний сонголттой, H1 ухаалаг чиптэй, гадны дуу авиаг тусгаарлах сүүлийн үеийн технологитой юм байна. Мөн 40 мм драйвер Adaptive EQ дээр суурилсан агаад зэвэрдэггүй ган туузаар тоноглогдсон сүлжмэл их биетэй. Түүнчлэн сонсож буй дуугаа хянах, дуудлага хийх, ухаалаг туслах “Siri”-тай холбогдох гээд бүхий л боломжоор хангагджээ. Энэ сарын 15-наас худалдаанд гарах тус бүтээгдэхүүн 549 ам.долларын үнэтэй юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *