Categories
мэдээ нийгэм

​Нүүдэлчин ахуй ба хог хаягдалгүй амьдралын хэв маяг “Дуусгалаа” аян

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, хөгжихийн зэрэгцээ байгальд үзүүлэх хүн төрөлхтний нөлөөлөл ихсэж байгалийн баялаг нөөц буурч шавхагдана. Иймд хүрээлэн буй орчны асуудал нэн тэргүүнд тавигдаж, хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь дэлхий даяар шинэ чиг хандлага болж байна. Аль болох бага хэрэглэх, хог гаргахгүй, хаяхгүй байх нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад, тэр дундаа “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” 12-р зорилгод хүрэх чухал алхмуудын нэг болсон. Иймд залуус дахин сэргээгдэх, ашиглагдах эд зүйлсийг хэрэглэх, ахуйн болон хоолны хог хаягдалгүй амьдрах хэв маягийг хэвшүүлж, улмаар байгаль, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй байхыг улам бүр хичээцгээж байна.

Хог хаягдалгүй амьдралын энэ хэв маяг нь зөвхөн өнөө үед танигдаж буй ойлголт биш юм. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн хог хаягдалгүй, сонгодог минималист амьдралыг цогцлоож ирсэн уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэллэхдээ гэрийн буурь, бууцандаа ганц гадас ч үлдээлгүй цэвэрлэжцэмцийлгэдэг уламжлал ч үүний нэг жишээ. Монголчууд таван хошуу малынхаа сүү, цагаан идээ, мах, дотор гэдэс, арьс ширийг бүрэн хэрэглэхийн зэрэгцээ аргал, хомоол, хорголыг нь хүртэл түлшиндээ ашигладаг.

Монголчууд эрс тэрс уур амьсгалд дасан зохицож амьдрахын хэрээр өвөрмөц ёс заншил, соёл, ахуйтай болсон бөгөөд эд юмсаас гадна хүнсээ ч мөн цаг улирал, ам бүлдээ тохируулан хэрэглэж иржээ. Үүнийг гэрчлэх “хоол хэтэрвэл хор”, “хоёр идэхгүй хоосон хонохгүй…” зэрэг хэлц үгнүүд цөөнгүй бий. Нүүдэлчдийн эрүүл чийрэг байдал нь хооллолтын өндөр соёлтой холбоотой бөгөөд хоолоо үлдээхийг ихэд цээрлэн буян барагдана хэмээн үздэг байв. Хүнсээ ам бүлдээ тохируулан бэлтгэхээс гадна мал гаргах, гэдэс чанахдаа саахалт айлуудтайгаа хуваалцдаг заншил монгол нүүдэлчдийн дунд эрт дээр үеэс тогтжээ.

Иймд хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь монголчууд биднээс хол хөндий, шинэ зүйл биш бөгөөд уламжлалт соёлоосоо суралцан хэрэгжүүлэхэд бидэнд тун дөхөм юм. Хоол хүнсний хог хаягдлыг ухаалаг, тооцоотой худалдан авах, бусадтай хуваалцах, хүнсээ зөв хадгалах зэргээр бууруулах боломжтой. Ингэж байгаль орчны асуудлыг бууруулж, хоол хүнсний тэгш бус байдлыг багасгахад монгол хүн та хувь нэмрээ оруулаарай.

#Дуусгалаа аян

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрт тусгаснаар 2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох хүнсний хаягдлыг хоёр дахин багасгана хэмээн заасан байдаг (НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилт 12.3) Тус зорилтын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго юм.

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ?

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоопостолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *