Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгожээ

“COVID-19”-ийн цар тахалтай холбогдуулж Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд хатуу хөл хорио тогтоосноос хойш зорилтот бүлгийн 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгожээ. Үүгээр дамжуулан улсын хэмжээнд 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Сар бүр 16 мянга, хүүхэд 8000 төгрөг авдаг байсан. Цар тахалтай холбогдуулан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас эхэлж хүүхэд 16 мянга, том хүн 32 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр улсын хэмжээнд хүнсний талон авдаг бүх иргэний данс руу мөнгийг шилжүүлсэн. Уг мөнгөөр мах, сүү, гурил, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус 10 төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Хүнсний талоны эрхийн бичгийн картаар тухайн дэлгүүрээс сарын хугацаанд бүтээгдэхүүн авна.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдийн судалгааг нийслэлийн дүүргүүдээс гаргуулж, МУЗН-тэй хамтран 4000 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдэд хүнс шаардлагатай байгаа эхний 1000 өрхөд хүнсний тусламжийг хүргээд байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *