Categories
гадаад мэдээ нийгэм

Гадаад мэдээ: Товчхон

Францын ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстен 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. “Ассошиэйтэд пресс” агентлагийн мэдээлснээр экс ерөнхийлөгч энэ сарын дунд үеэс зүрх судасны тасагт эмчлүүлж байсан аж. Түүний гэр бүлийнхэн төрийн тэргүүн асанг коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж мэдэгдсэн байна. Жискар д’Эстен нь 1974-1981 онд Францын ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.

*****************************

БНСУ-д өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 08:40 цагт улс даяар элсэлтийн ерөнхий шалгалт авсан байна. Энэ удаагийн ЭЕШ нь цар тахлын үед болсноороо онцлог юм. Тус улсад ковидын халдварын гурав дахь давалгаа өрнөөд буй тул шалгалтыг хоёр долоо хоногоор хойшлуулаад байжээ. Энэ удаагийн шалгалтад 499 мянга 433 сурагч хамрагдсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 10.1 мянгаар цөөн байгаа аж. Сорилын шалгалтыг тусгайлан зассан 1383 хэсэгт авсан байна.

******************************

Хонконгийн сөрөг хүчний тэргүүн, хэвлэлийн магнат Жимми Лайг луйврын хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. “RTHK” радиостанцын мэдээлснээр, пүрэв гаригт шүүх түүнийг батлан даалтад гаргахыг эсэргүүцсэн байна. Энэ хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 16 хүртэл хойшлуулжээ. Лай болон түүний эзэмшдэг “Next Digital Me­dia” хэвлэлийн компанийн хоёр менежерийг түрээсийн гэрээний нөхцөлийг зөрчиж, оффисын байруудыг зүй бусаар ашигласан гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хонконгийн хөрөнгийн бирж дээрх “Next Digital Media” компанийн хувьцаануудын арилжааг пүрэв гаригийн өглөө түр зогсоожээ. Шүүхээс менежерүүдийг батлан даалтад гарахыг зөвшөөрсөн байна.

*******************************

Японы Токио хотын прокурорын газар тус улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар холбогдох бичгийг түүнд илгээсэн талаар мэдэгджээ. Эрх баригч либерал-ардчилсан намын дэмжигчдэд зориулан зохион байгуулсан үдэшлэгтэй холбогдуулан түүнээс ийн мэдүүлэг авч магадгүй гэнэ. Энэ талаар Киодо агентлаг пүрэв гаригт мэдээлжээ. Учир нь дээрх арга хэмжээ нь Японы сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж хардаж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *