Categories
булангууд гадаад мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Их Британи, ОХУ ирэх долоо хоногт ард иргэдээ вакцинжуулалтад хамруулна

Их Британи

Их Британи АНУ-ын “Pfiz­er” болон ХБНГУ-ын “BioN­Tech” компаниудын хамтран боловсруулсан ковидын эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Тус улс 50 сая тун худалдаж авахаар захиалгаа өгөөд буй. Вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэх агаад урьдчилан сэргийлэх тарилгын нэг тун нь 19.5 ам.доллар байх гэнэ. Их Британийн нийт 50 эмнэлэг вакцинжуулалтыг гардан явуулах юм байна. Ковидын эсрэг вакцин нь халдварын эсрэг 95 хувийн үр дүнтэй болох нь клиник туршилтаар батлагдсан. Дээрх компаниуд вакциныг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт хяналт тавих газарт гаргасан аж. Тус байгууллага эцсийн шийдвэрээ энэ сарын 11-нд гаргах ёстой. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын “Moderna” компани өөрсдийн гаргаж авсан урьдчилан сэргийлэх тарилга нь ковидын халдварын хүнд хэлбэрт 100 хувийн үр дүнтэй болохоо зарлаж, дээрх хяналтын байгууллагад олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээгээд буй билээ.

ОХУ

ОХУ-д ч вакцинжуулалтын аяныг зохион байгуулахаар болжээ. Оросын төрийн тэргүүн В.Путины мэдэгдсэнээр ковидын эсрэг “Спутник V” вакцины хоёр сая тунг ойрын хугацаанд үйлдвэрлэж, юуны өмнө эмнэлгийн ажилтнууд болон багш нарыг дархлаажуулалтад хамруулах боломжоор хангах юм. Ингэхдээ вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийх аж.

Оросын хувьд ковидын эсрэг хоёр вакциныг олон нийтийн вакцинжуулалтад ашиглахаар бэлтгэж байгаа юм. Эхнийх нь “Спутник V” тарилга. Гамалеягийн нэрэмжит төвийн боловсруулсан уг вакцины клиник туршилтын үр дүн 95 хувьтай гарсан. Хоёр дахь бэлдмэл нь “Вектор” төвийн боловсруулсан “ЭпиВакКорона” вакцин юм. Энэ вакциныг албан ёсоор аравдугаар сард бүртгэж авсан агаад одоо гурав дахь вакцин болох Чумаковын нэрэмжит төвийн боловсруулж буй вакцин нь клиникийн туршилтын гурав дахь шатандаа яваа аж. ОХУ нь ковидын халдварын тархалтаараа АНУ, Энэтхэг, Бразилын дараа дөрөвдүгээрт бичигдээд байна. Дэлхийн хэмжээнд 64.8 сая хүн ковидоор өвчилж, 1.4 сая хүн нас бараад буй юм.

ИНТЕРПОЛООС ХУУРАМЧ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЖ, ТАРААЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР СЭРЭМЖЛҮҮЛЖЭЭ

Интерполоос ковидын эсрэг хуурамч вакцин үйлдвэрлэх, тараах, жинхэнэ вакциныг хулгайлахаар төлөвлөж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн зүгээс аюул занал учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлжээ. Тус байгууллагын онцолсноор ковидын эсрэг вакцинтай холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа ямар нэг байдлаар идэвхжихэд хууль сахиулагчид бэлэн байх нь чухал юм” гэсэн байна. Тиймээс интерполын гишүүн болох 194 орны хууль сахиулах байгууллагад ийнхүү анхааруулжээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток “Гэмт хэргийн бүлэглэл “эм бэлдмэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтрэх, эсхүл түүнийг тасалдуулах, мөн хуурамч мэдээллийн сайтуудыг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулах, тэдэнд “амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл дагуулж болзошгүй” гээд хуурамч эм бэлдмэл санал болгохоор төлөвлөж байгаа тухай онцолжээ. Тэрээр цааш нь “Гэмт хэрэгтнүүд коронавирусийн вакциныг хуурамчаар хийх хулгайлах, эсвэл хууль бус сурталчилгаа цацах” тал дээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэгтнүүд коронавирусийг илрүүлэх хуурамч тестүүд үйлдвэрлэн, түгээх өндөр магадлалтай гэнэ. Үүний зэрэгцээ цар тахлын үед энгийн хэрэглэгчдийн эсрэг үйлдэгдэх цахим халдлага эрс өссөн талаар Интерпол онцолсон байна. Тус байгууллагын мэдээлснээр, хууль бус эмнэлгийн бүтээгдэхүүн түгээсэнд сэжиглэгдэж буй 3000 гаруй сайтын 1.7 мянга нь хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах оролдлого хийжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *