Улсын Онцгой комиссоос Баян-Өлгий аймагт PCR шинжилгээ хийх аппарат олгохоор боллоо.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос энэ сарын 1-ний өдөр аймгуудын Засаг дарга болон холбогдох албаныхантай цахим хурал хийсэн.
Цахим хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймгийг PCR шинжилгээ хийх аппараттай болгох, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,7 км замыг засахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбаатар хотоос нутаг буцах хүсэлтэй иргэдийг тус аймаг руу онгоцоор хүргэх ажлыг зохион байгуулах, Цагааннуур боомтын одоогийн цагийн хуваарийг сунгах зэрэг хүсэлтүүдийг УОК-т тавилаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нэн тэргүүнд PCR шинжилгээ хийх аппарат олгохоо илэрхийлэв. Харин бусад саналуудыг холбогдох хүмүүстэй хамтран шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.