Categories
мэдээ нийгэм спорт цаг-үе

​Марадонагийн гурван хайр. Аргентин, Наполи, хар тамхи


Диего Армандо Марадона нас барлаа. Аргентины “шижир алт” хорвоогоос заяасан хязгааргүй их авьяасаа даанч гамгүй зарцуулсаар жархан насандаа буцлаа. Буэнос-Айресийн ядуусын гудамжинд найман хүүхэдтэй айлд өссөн Марадонаг хэлд орохоосоо өмнө бөмбөг өшиглөж сурсан гэж ярьдаг нь бараг л үнэн. 15 насандаа мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээ үзэглэн гэр бүлээ бүхэлд нь тэжээж явсан хүү Европод ирээд “Барселона”-гийн бүрэлдэхүүнд багтан буруудаж явсныг одоо хүмүүс бараг мартаа биз. Харин Италид “Наполи”-д очоод од болох замаа ч олсон, Италийн мафийн хар тамхины наймаачдын хүндэт үйлчлүүлэгч ч болсон. “Би хар тамхийг анх Барселонад байхдаа хэрэглэж эхэлсэн. Анх хэрэглэж байхдаа “удахгүй болино, энэ сүүлчийн удаа” гэж боддог л юм. Гэвч энэн шиг худал юм гэж үгүй. Миний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа” хэмээн Марадона хожим хэлсэн байдаг. Тэр Испаниас Италид ирэхдээ хааяахан татчихдаг хүн ирсэн бол явахдаа гүн шигдсэн наркоман болоод буцаж билээ. Гэхдээ тэр Италид дундаж багийн хэмжээнд байсан “Наполи”-г дэлхийн шилдэг баг болтол дээш шидэхэд хар тамхи даанч саад болж чадаагүй дээ. “Наполи” багийн ерөнхийлөгч асан Коррадо Ферлаино “Би Марадонаг даваагаас пүрэв хүртэл хаана яаж хэнтэй цаг нөгцөөх нь чиний асуудал. Харин баасан гаригт цэвэрхэн байх хэрэгтэй шүү гэдэг байлаа. Тоглолтын өмнө допингийн хянагч ирээд шалгахад “но”-гүй гарах хэрэгтэй гэж л тэр. Заримдаа яалт ч үгүй баригдах гээд байвал өмдөнд нь өөр хүний шээстэй уут хийгээд шалгалтанд оруулдаг байсан” гэж ярьсан байдаг. 1991 онд тийм шалгалтын үеэр Марадона хар тамхи хэрэглэсэн нь баригдаж уруудах зам нь эхэлсэн дээ. Дараа нь 1994 оны Дэлхийн аваргаар дахин баригдаж тэгээд л хөлбөмбөгчийнх нь замнал дууссан. Түүнд хар тамхинаас гадна Аргентин, хөлбөмбөгийн “Наполи” баг гэсэн хоёр хосгүй дурлал амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл хадаастай байсаар дууслаа. Хүмүүс “Месси хосгүй” гээд байдаг юм. Харин Диего Марадона түүнийг бодвол Аргениний шигшээ багийг бараг л ганцаараа чирсээр дэлхийн аварга болгочихсон, “Наполи” хэмээх дундаж багийг олон жил Италийн шилдэг багаар цоллуулж явах замыг зассан жинхэнэ хосгүй нэгэн байсан юм шүү. Олон жил хэрэглэсэн хорт зуршлаасаа шалтгаалан удаа дараалан хүнд хагалгаануудад орж, эрчимт эмчилгээ, сувилгаа хоёроос холдохгүй явсаар дууслаа даа. Пелегийн “Найз нөхдөө алдах ямар хэцүү гээч. Анд минь хоёулаа удахгүй диваажинд хамт хөлбөмбөг өшиглөх болно оо” хэмээн халагласан үгээр дуусгая.


Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *