Categories
мэдээ нийгэм цаг-үе

2021 оноос эрүүл мэндийн салбарт хэрэгжих ШИНЭЧЛЭЛИЙН СОРИЛТ БА БОЛОМЖ

Монгол Улс нийгмийн эрүүл мэндийн даатгалын системд нэвтрээд 26 жил болж байна. Энэ хугацааны ихэнхэд эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяанд явж ирсэн бөгөөд бие даасан байгууллага болоод хэдхэн жил болж байна. Өмнөх жилүүдэд иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ ерөнхийдөө хоёр үндсэн санжүүжилтийн эх үүсвэртэй явж ирсэн ба улсын төсөв 70 орчим хувь, 20 гаруй хувийг эрүүл мэндийн даатгалын мөнгөөрбайдаг байв. Улсын төсвөөс шууд, зарим нэр төрлийн тусамж үйлчилгээг тухайлбал төрөх, хүүхэд, гэмтэл, хавдар, халдварт, яаралтай тусламж, сэтгэцийн тусамж үйлчилгээг санхүүжүүлж ирсэн. Төсвийн мөнгөөр санхүүжиж ирсэн эдгээр тусламж үйлчилгээг зөвхөн төсвийн байгууллагуудаар дамжуулж иргэдэд үзүүлж ирсэн нь төвлөрлийг бий болгож улмаар тэдгээр тусламж үйлчилгээ үзүүлэхэд очер дугаар, хүнд суртал зэрэг гажуудлыг бий болгосон байдаг. Зарим талаар төрөөс хариуцаж байгаа эдгээр тусламж үйлчилгээнд иргэдээс төлбөр авахгүй байх зохицуулалттай боловч хамгийн их албан бус төлбөр гардаг нь нэгэнт нууц биш болжээ.

Хүний их эмч Б.Буянтогтох

Нөгөө талаас эрүүл мэндийн даатгалаас олгож байгаа тусламж үйлчилгээний төрөл хязгаарлагдмал, иргэдийн хэрэгцээг харгалзаж үздэггүй, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг илүүтэй дэмжсэн, зарим нэг тусламж үйлчилгээг заавал төрийн эмнэлгээр үйлчлүүлж байж авдаг (амбулаторийн үзлэг, оношилгоо, өдрийн эмчилгээ) зэрэг нь эргээд төвлөрөлийг үүсгэж байлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын иргэдэд үйлчилсэн тусламж үйлчилгээг санхүүжих боломж хязгаарлагдмал зэргээс тусламж үйлчилгээний хүртээмж буурах бас нэгэн шалтгаан болж байв. 2019 оны гүйцэтгэлээс харахад эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагад хувийн эрүүл мэндийн байгууллагад олгосон зардал дөнгөж 23.4 хувь эзэлж байгаа нь үүний нотолгоо юм. Төсвөөс үйл ажиллагаа ба урсгал зардлыг өгөөд нэмээд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний ихэнх хэсгийг төсвөөс санхүүждэг байгууллага авч иржээ.
Холимог санхүүжилтийн эдгээр гажуудал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, орц хэмжээ, өртөг зэрэг чухал асуудлуудыг орхигдуулж ирсэн нь энэ бүхнээр илэрч байгаа юм. Тусламж үйлчилгээг жишээлж энгийнээр тайлбарлавал бидний өдөр тутамд хэрэглэдэг талхны үнийг төсвөөс нэг санхүүжүүлээд, даатгалаас бас давхар санхүүжүүлж ирсэн гэсэн үг юм. Хоёр байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээний чанар шалгах боломж хомс,байгаа хэдий ч уялдаа холбоо сул юм. Өмнөх жилүүдэд чанарын баталгаажилтыг эмнэлгийн магадлан итгэмжлэлээр төлөөлүүлж хийж ирсэн боловч энэ нь тасралгүй сайжрах үндсэн шаардлагыг хүссэн хэмжээнд хангаж чадахгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ мэргэжлийн үйлчилгээ учраас иргэд өөрсдөө чанарын хяналт хийх боломж байхгүй сул талтай.
Зах зээлийн системийн язгуур ойлголтуудын нэг бол яах аргагүй чөлөөт үнэ. Гэвч бүх салбарт энэ язгуур ойлголт бүрэн авцалддаггүй бололтой. Хэрвээ чөлөөт үнээр эрүүл мэндийн үйлчилгээг явуулчихвал юу болох бэ? ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 100 сая иргэн эрүүл мэндийн холбогдолтой зардлаас болж ядууралд өртөж байна гэж үздэг. Харин манайд 2016 онд Жавхланбаяр нарын судалгаагаар 20 000 орчим иргэн жил бүр уг шалтгааны улмаас ядууралд өртдөг гэсэн байна. Дэлхий дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамгийн их мөнгийг АНУ зарцуулдаг. Гэсэн хэдий ч тэнд иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан хэвээр байна. Энэ нь хангалттай их мөнгө байгаад ч асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй гэсний баталгаа болов уу. АНУ эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүүлийн 20 жилийн хэрэглээний суурь үнийн өсөлтөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийн өсөлт 4 дахин их байна гэж гарчээ. Энэ бүгдээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайлшгүй үнийн зохицуулалт хэрэгтэй нь харагдаж байгаа юм.
Эдгээр хэрэгцээ шаардлагын үүднээс нэг худалдан авагчийн, цаашилбал стратегийн худалдан авагч рүү эрүүл мэндийн даатгалын байгуулага маань шилжиж байна. Үүнийг энгийнээр хэлбэл даатгуулагчийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай (эмнэлэгүүдтэй) ямар үйлчилгээг, хэдий хэмжээнийүнээр хийхийг тохиолцоно гэсэн үг. Энэ нь мэргэжлийн баг таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үнэ төлбөрийг тохирч байгаа гэж ойлгож болно. Харин иргэн та эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ганц үүрэг хүлээнэ.
Урд жилүүдэд төсвөөс олгож ирсэн эрүүл мэндийн нийт зардлын 35-38 хувийг цалин ба түүнтэй адилтгах зардалд, 3.0-3.6 хувийг ашиглалтын зардалд, 12 орчим хувийг өрх сумын эрүүл мэндийн зардаг гэм мэтээр шууд хуваарилдаг байсан бол 2021 оноос эдгээр зардлуудыг эрүүл мэндийн даатгалын сан рүү нэгтгэж байна. Төсвийн байгууллагууд шууд зардал зүйл ангиар санхүүжээд явдаг байсан бол ирэх жилээс гүйцэтгэлээрээ санхүүжээд явдаг болно. Өөрөөр хэлбэл хэдэн хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн түүгээрээ санхүүжилтээ аваад явна гэсэн үг. Төсвийн байгууллагууд ачаалал ихтэй байна, очер дугаар дууссан гэж хэлдэг байсан бол одооноос таны хойноос явдаг болох нь. Энэ бол энэ системийн нэг давуу тал болж байна.
Одооноос эхлээд төсвийн байгууллагууд үзлэг, оношилгоо, эмчилгээнийхээ өртөг тооцох амаргүй сорилттой тулгарч ирлээ. Амаргүй гэсний учир тэд энэ жишгээр огт ажиллаж байгаагүй, ийм туршлага тэдэнд байхгүйд байгаа юм. Санхүүгийн жилийн төлөвлөгөөгөө хангахад хэдий хэмжээний шууд (эм тариа, эмч сувилагч, ашиглалтын зарим зардал) ба шууд бус зардал (захиргаа ба дэмжих үйл ажиллагаанд гарч буй зардал) гарах талаар нарийн судлагаа хийх хэрэгтэй болно. Өмнө эмнэлгийн удирдлагыг сайн эмчээр төсөөлж, томилгоо хийдэг байсан бол одоо сайн эмчээс гадна сайн менежер, сайн санхүү-эдийн засгийн төлөвлөгч байх шаардлага тулгарч байна. Хэрвээ санхүү-эдийн засгийн төлөвлөлтөө сайн хийж чадахгүйд хүрвэл хуучин төсвийн байгууллагууд өр ширэнд орох, бүр дампуурах ч аюул байгааг тооцоолох хэрэгтэй. Бид заримдаа нийгмээрээ урагшаа томоохон алхам хийх хэрэг гарахад замын ганц нэг чулуунд бүдрээд буцаад хуучнаа санагалзах, өмнөх системээ илүүд үзэх зэрэг хандлага цухалдаад байдаг муу талтай ард түмэн. Одоо хүртэл социализмийг санагалзаж явдаг иргэд бидний дунд байдагтай л адил мэт.
Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгүүд:
Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэж буй тусгай зөвшөөрөл бүхий 4459 эрүүл мэндийн байгууллага байна. Үүний 51 хувь эмнэлгийн буюу эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төсвөөс санжүүждэг 630 орчим эмнэлэг(209 өрхийн эмнэлэг оруулж тооцов), хувийн хэвшлийн 1812(109 сувилал оруулж тооцов) эмнэлэг байна. Улсын хэмжээнд 25661 эмнэлгийн ор ашиглаж байгаагийн 75.8 хувь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад ноогдож байна. Байгууллагын тооны хувьд хувийн хэвшил олон мэт байгаа боловч ашиглаж буй эмнэлгийн орны хувьд төрийн өмчит эмнэлэг давамгай байна.
Нэг худалдан авагчийн систем нэвтэрснээрээ төсвөөс санхүүждэг байсан эдгээр 630 гаруй байгууллагууд ямар боломж, ямар сорилттой тулгарах бэ?
Юун түрүүнд эдгээр байгууллагууд санхүүгийн нарийн төлөвлөлт хийх хэрэгтэй болох нь. Хуучин барилга, дэд бүтэц дагасан санхүүгийн төлөвлөгөө хийдэг байсан бол одооноос өөрсдийн байгаа нөөц, боломжоо үнэлээд ажиллана гэсэн үг. Мэдээж тэдэнд давуу тал олон бий. Төрийн өмчийн бэлэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, байнгийн тогтвортой үйлчлүүлэгч, үйлчилгээний нэр хүнд, чадвартай боловсон хүчин гэх мэт. Үүнийг бизнесийн нүдээр харвал атаархам нөхцөл. Одоо эдгээр давуу талууддаа түшиглэж ямар үйлчилгээг, хэдий хэмжээгээр авахаа эрүүл мэндийн даатгалын газартай тохиролцон гэсэн үг. Он гараад мөрдөгдөх журмын зохицуулалтаар төрийн эмнэлэгүүд үнийг тохиролцоо хийхгүй бөгөөд зөвхөн үйлчилгээний төрөл ба тоо хэмжээ дээрээ даатгалын байгууллагатай гэрээ хийнэ.
Шинэчлэл хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит буюу төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа эрхэлж ирсэн эмнэлгүүдийн хувьд нилээд өөрчлөлт орох нь. Ямар тусламж үйлчилгээг, ямар нөөцөөр, хэдий хэмжээний өртгөөр, хэнээр гүйцэтгүүлэх тухай бодлого бодож эхэлнэ. Төрийн өмчийн эмнэлэгүүдийн дэд бүтэц ба тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зардал төсвөөс нэгэнт бий болчихсон байгаа өнөө үед, өрсөлдөөний хувьд тэдэнд том давуу тал байна. Магадгүй эдгээр эмнэлэгүүдийн удирдлагын эхний даалгавар эмчилгээ, үйлчилгээгээ тогтвортой хийж, санхүүгийн эхний сорилтын хувьд ядаж балансжуулахад болохоор харагдаж байна. Төрийн эмнэлэгүүдийн хувьд заавал ашигтай ажиллах шаардлага байхгүй бөгөөд хамгийн багадаа өргүй байх болон хүний нөөцийн нийгмийн асуудлаа хангахад зорилт биелэнэ. Аажимдаа эмнэлгийнхээ ямар, ямар бүтцийг өөрийн үндсэн үйл ажиллагаандаа үлдээх, ямар, ямар үйл ажиллагаагаа аутсорсинг буюу бусдаар гүйцэтгүүлэх зэрэг илүү хувийн аж ахуйн системд шилжсэн арга хэмжээ аваад явах байх. Өнөөдрийн төсвөөс санхүүжиж буй эмнэлэгүүдэд тасаг, нэгжийн зохион байгуулалт, хүний нөөцийн давхардалт зэрэг эргэж харах асуудлууд байгаа гэж үзэж байна. Магадгүй уг систем хэрэгжснээр хүний нөөцийн дахин хувиарлалт хийх, зарим орон тоог цомхотгох ч шаардлага тулгарч болзошгүй юм. Ажилчид хэн байх гэхээсээ илүүтэй ямар ур чадвартай, эмнэлэгт ямар орлого оруулах боломжтой бэ гэдэг талаас хүний нөөцийн бодлого явах болно.
Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтын өөрчлөлт эмнэлэгүүдээс тусламж үйлчилгээний ялгарал бий болохыг шаардажбайна. Хэн ямар тусламж үйлчилгээг хамгийн чанартай, хямдаар үзүүлж байна тэдэнд илүү боломж нээгдэнэ.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн (12 эмнэлэг) хувьд тусламж үйлчилгээний ялгарал харьцангүй илүү байдаг. Эдгээр эмнэлэгүүд сорилтыг харьцангүй хялбар даван туулах боломжтой. Иргэд энэ шатны эмнэлэгүүдээр үйлчлүүлэх сонирхол их байдаг тул хэрэглэгч олох тал дээр асуудал үүсэхгүй. Харин эмнэлгийнхээ тусламж үйлчилгээний ур чадварыг дээшлүүлэх, улсын хэмжээнд эмчлэгдэхгүй байгаа 26 нэр төрлийн өвчнийг эмчлэх тал дээр ЭМЯ болон ЭМДЕГазартай хамтарч ажиллах шинэ зорилт тавиад явах нь тэдний сорилт байх ёстой. Бусад шатлалын байгууллагуудаа мэргэжлийн түүчээ болох, гадагшаа урсаж буй эрүүл мэндтэй холбоотой зардлыг бууруулах зэрэг эмчилгээ-оношилгоо лавлагаа түвшинд ажиллах хэрэгтэй байна.2020 оны 03 сард нийтлэгдсэн БНСУ эрүүл мэндийн аялал жуулчлалын тайланд манай орноос жилдээ 14900 хүн тусламж үйлчилгээ ирж авсан гэж дурджээ. Энэ л тэдний хараа хандуулах чиг байх ёстой. Зарим талаар гуравдугаар шатлалын эмнэлэгүүд хоёрдугаар шатлалын бүүр цаашилвал анхан шатны ч тусламж үйлчилгээ үзүүлээд явж байгааг нуух юун. Үйлчлүүлэгчийн эрэлтэд суурилсан шатлал алгассан үйлчилгээний араас гуравдугаар шатлалын эмнэлэгүүд хөөцөлдөөд ирвэл энэ системийн хэрэгжилт сулрах эрсдэл үүснэ. Эрэлт бол хэдий ч байдаг, шууд механик аргаар зохицуулахад хэцүү ч эдийн засгийн хөшүүрэг ЭМДЕГ -с хэрэглэнэ байх гэж найдаж байна. Энэ нь иргэн шатлал алгасаж тусламж үйлчилгээ авсан тохиолдолд өөрөөс гарах зардлыг илүү нэмж гаргах хам төлбөрийнсистемийн арга юм. Ийм зохицуулалтаар шатлал хоорондын үйлчилгээний балансыг барин байх.
Гуравдугаар шатлалын эмнэлэгүүдтэй харьцуулахад хоёрдугаар шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэнэмнэлэгт(34 эмнэлэг)тусламж үйлчилгээний ялгарал харьцангүй бага байдаг. Ялангуяа ялгаралын бүдгэрэл дүүргийн эмнэлэгүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгээс илүү их. Өнөөдөр дүүргийн эмнэлэгүүд жирэмсний хяналт, даатгалаар гэрээ хийгдсэн амбулаторийн урьдчилан сэгийлэх үзлэг, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох процесс түүнтэй холбоотой үйлчилгээ, эмчилгээний акт авах зэрэг бусад шалталын эмнэлэгүүдээс авч боломж хязгаарлагдмал, илүү захиргааны маягтай хувиарлалтын үйлчилгээ дээр үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ эдгээр үйлчилгээг бусад эмнэлэгүүд адилхан үзүүлдэг болчихвол хэн тэдний үйлүүлэгч байх бэ гэдэг бодох асуудал болоод байна. Сүүлийн үед ЭМЯ-с барьж буй бодлогоор хавдар, гэмтэл зэрэг тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлэг үзүүлэх болж буйн тэдэнд дэм болно гэж харж байна.
Ер нь аль ч эмнэлэгийн тухайд тухайн эмнэлэг рүү ирж авах тусламж үйлчилгээний онцлог ялгаралтай байж оршинтогтнох үндэс болох нь. Энэ нь өмчийн хэлбэр, эмнэлгийн шатлалаас үл хамаарсан шинэ сорилт. Харинзахиргааны буюу харьяалалаарэсвэл албадлагаар үүсэж буй даатгуулагчийн урсгал аажимдаа байхгүй болох нь цаг хугацааны асуудал болохоор байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгооны эмнэлэгүүдийн хувьд хуучин тусламж үйлчилгээний шатлалаар хязгаарлагдаж, тухайн тусламж үйлчилгээг үзүүлсэн ч даатгалаас санхүүжилт авч чаддаггүй байсан хязгаарлалт байхгүй болж байна. Энэ тэдний хувьд том боломж, их хариуцлага. Орон нутгийн эмнэлэгүүдийн хувьд өрсөлдөөн харьцангүй бага. Харьяалалын дагуу тухайн эмнэлэгтээ үйлчилгээ авах магадлал өндөр. Орхон аймгийн Медипас эмнэлгийг эс тооцвол аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүчин чадал бүхий хувийн хэвшлийн эмнэлэг орон нутагт байхгүй. Бий болоход ч хэцүү. Аймгийн нэгдсэн эмнэлэгүүд энэ боломжийг ашиглаж өөрсдийн харьяаны даатгагчийг хот руу явуулахгүйгээр орон нутагтаа сайн тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн орлогоо нэмэх боломжтой гэж харах хэрэгтэй.
Монгол улс 330 сумтай, сум бүрт эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна. Нийтдээ 39 сум дундын эмнэлэгтэй бол томоохон зарим сумдад хөдөөгийн нэгдсэн эмнэлэг хэлбэрээр (6) эмнэлгийн үйл ажиллагаа үзүүлж байна. Харин бусад сумдын тухайд сумын эрүүл мэндийн төв хэлбэрээр эмнэлгийн байгууллагууд ажилладаг. Сумын эрүүл мэндийн төв эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байгаа. Уг тусламж үйлчилгээний онцлог нь нийгмийн эрүүл мэнд буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх тал рүү түлхүү ажиллах байдаг. Гэвч бодит байдал дээрээ сумын эрүүл мэндийн төв холимог тусламж үйлчилгээ үзүүлдэг. Зарим талаараа нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх, төрөх гэм мэт тусламж үзүүлэх хэрэгцээ гардаг. Өрх, сумын эрүүл мэндийн хувьд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч байгуулага гэж нэг ангилалд оруулдаг хэдий ч ялгаатай байдал нилээд их бий. Энэ байдал манай орны хувьд онцлог. Цаашдаа ч хадгалагдах бодит байдал. Энэ үүднээс харвал сумын эрүүл мэндийн төвийн боломж юу байхав, сорилт юу болохов гэдэг анхаарал татаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг рүүгээ хүнээ алдахгүй байя гэвч тэр хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц, хүний нөөцийн чадамж байхгүй. Тусламж үйлчилгээний ялгарал үүсгэх боломж хамгийн бага хэсэг магадгүй энд л байна. Нөгөө талаас хүн ам цөөхөн, газар нутгийн хэмжээ том, отор нүүдэл их хийдэг сумдын хувьд эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлээр санхүүжихад төлөвлөгөөт төсөвөө бүрдүүлж чадахгүй байх бодит эрсдэл ч байна. Магадгүй суурь санхүүжилийг төсвөөс өгөөд нэмэлтээр эрүүл мэндийн даатгалыг мөнгийг гүйцэтгэлээр олгож явахгүй бол зарим сумын эрүүл мэндийн төв дампуурах ч эрсдэлтэй болно. Сумын эрүүл мэндийн төвд 4 жил ажилласан хүний нүдээр харахад ийм бодит эрсдэл байна гэж үзэж байна. 330 сумын нөхцөл байдал бүгд өөр өөр байдаг. Нэг аймгийн сумдын хувьд ч энэ байдал өөр өөр. Иргэдийн амьжиргааны түвшин, аймгаасаа алслагдсан байдал, хүн амын тоо зэрэг олон ялгаатай байдлыг дурьдаж болно.
2000 оноос хойш өрхийн эрүүл мэндийн төв ажилласаар ирсэн. Одоогоор 209 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Өмчлөлийн хувьд төрийн байгууллага биш хэдий ч санхүүжилтийн хувьд төрөөс 100 хувь санхүүжиж ирсэн байна. Энэ үүднээс өрхийн эмнэлгийг энэ ангилалд оруулав. Нэг иргэнээр санхүүждэг энэ байгууллага төв суурин газруудад сумын эрүүл мэндийн төвийн үүргийг гүйцэтгэж ирлээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит утгаараа хэрэгжүүлэх боломжтой ганц байгууллага. Тэдэнд энэ чиглэлээрээ төсөв санхүүжилтэй аваад явах боломж бүрэн бий. Одоо тэд илүү үндсэн зорилго руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэр нь яаж иргэдээ өвдүүлэхгүй байх бэ гэдэг зорилт. Хөнгөлөлттэй эмийн жор бичилт, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг, элдэв эрүүл мэндийн тодорхойлолт өгөх зэргээс арай өргөн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна. Хэрэв тийм байж чадахүйд хүрвэл бас л санхүүжилтийн эрсдэлд орно. Гүйцэтгэлээрээ санхүүжих систем эдгээр хоёр анхан шатны байгууллагуудад илүү хүнд сорилтыг авч ирнэ. Тооны хувьд олон энэ хоёр байгууллагын асуудлыг шийдэх тал дээр эрүүл мэндийн даатгалын газар ч нилээд их ажиллана байх. .
Хувийн хэвшлийн эмнэлэг:
Улсын хэмжээнд 1812 эмнэлэг, сувилал үйл ажиллагаа эрхлэж байна. Үүнээс 237 ортой эмнэлэг,1444 клиник эмнэлэг, 109 сувилал байна. Ортой эмнэлэг нийт хувийн эмнэлгийн дөнгөж 14 хувийг эзэлж байна. Монгол улсад ашиглагдаж байгаа эмнэлгийн орны 24.2% хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуллагад ногдож байна. Улаанбаатар хотод нийт ортой эмнэлгийн 60%, эмнэлгийн орны 63%, хэвтэж эмчлүүлэх тусламж үйлчилгээ авсан иргэдийн 61% тус тус ногдож байна. Ерөнхийдөө ортой хувийн хэвшлийн эмнэлгийн хувьд 60% Улаанбаатар хотод, 40 хувь хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлэгүүдийн 73 хувь хувийн хэвшлийн эмнэлэг байна. Тооны хувьд олон боловч ачаалал хуваалцах тал дээр 20 гаруйхан хувьтай байна. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл хэрэгжсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндэд давуу тал бий болох уу, төрийн эмнэлэгүүдэд томоохон өрсөлдөгч байж чадах уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Тооны хувьд хувийн хэвшлийн эмнэлэг давамгай боловч бодит байдал дээр нийт эмнэлгийн орны 75.8%, нийт ажиллах хүчний 70 гаруй хувьд төсвийн эмнэлэгт ажиллаж байна. Гол 2 нөөц төрийн өмчийн эмнэлэг дээр тогтож байна.
Өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэн эрүүл мэндийн даатгалын байгууллага зөвхөн хэвтэн эмчлүүлэгчийг дэмжиж ирсэн. Иргэн та хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд даатгалын хөнгөлөлт эдэлдэг байв. Харин хэвтэж эмчлүүлэх тусламж үйлчилгээ ихээхэн нөөц шаарддаг тул хувийн хэвшлийн эмнэлэгийнхэн ортой эмнэлэг нээхийг нэг их зорьдоггүй байлаа. 2019 оны ЭМДЕГ гаргасан тайланд хувийн хэвшлийн 237 эмнэлэгээс 179 эмнэлэг гэрээ хийсэн байна. Энэ нь ортой эмнэлгийн 75.5 хувийг эзэлж байна. Ортой эмнэлэгүүдийн дөнгөж 1/3 буюу 32.6 хувь хорин таваас дээш ортой байна. Улсын хэмжээнд 50 дээш ортой 15 хувийн хэвшлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. 50 ба түүнээс дээш ортой эмнэлэг нийт хувийн хэвшлийн эмнэлгийн 1 хувьд хүрэхгүй байна. Эндээс харахад хувийн хэвшлийн эмнэлэг төрийн эмнэлэгүүдийн өрсөлдөөнд оролцох боломж бараг байхгүй байгаа нь харагдана.
Шинэчлэл хэрэгжиж эхлэх 2021 онд хувийн хэвшлийн эмнэлэгүүдээс хэдэн эмнэлэг хамрагдах боломж байгаа бэ?Ердөө л 200 хүрэхгүй эмнэлэг гэж бодож байна. Учир нь ЭМДЕГазартай гэрээ хийх ерөнхий шаардлагын нэг магадлан итгэмжлэгдсэн байх явдал. Нийт эмнэлэг дотор эзлэх ортой эмнэлгийн хувь 14 гэдийг дээр дурьдсан. Оргүй клиник эмнэлэгүүдийн хувьд магадланд орох хэрэгцээ шаардлага бараг байхгүй байв. Учир нь магдалан итгэмтжлэгдсэн эмнэлэг байснаараа тэдэнд санхүүгийн болоод бусад давуу тал байдаггүй байсан тул тэд ч үүний талаар анхаарал тавихгүй явж ирсэн. Харин одоо заавал магадлан итгэмжлэгдсэн байх шалгуур ЭМДЕГ-тай хийх гэрээний шалгуурт ороод ирлээ. 2021 онд хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн 86 хувь энэ шалгуурын улмаас өрсөлдөөнд оролцож чадахгүй. Цаашдаа бүгд магадлан итгэмжлэлийн талаар санаа тавих байх.
Хувийн хэвшлийн ортой эмнэлэгүүдийн хувьд үлдсэн 67.3 хувийг 24 ба түүнээс цөөн ортой эмнэлэг эзэлж байна. Тэдэнд ямар боломж байгаа бэ? Урд жилүүдэд тэд хэрхэн оршин тогтнож байсан талаар харин ирээдүйд ямар сорилт тулгарч болох талаар авч үзье. Тэдний оршин тогтнож байсан арга даатгалын хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ байв. Гол үзүүлэх үйлчилгээхэвтэж эмчлүүлэх үйлчилгээ байсан. Тэд ямар нэг байдлаар цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан гэхэд эргэлзээтэй. Нэг эмнэлэгт бүх цусны шинжилгээгээ, өөр нэг эмнэлэгт бүх багажийн шинжилгээгээ бүрдүүлээд зөвхөн хэвтэх тусламж үйлчилгээг авах гэж эдгээр эмнэлгийг зорьдог байлаа. Мэдээж зарим нэг эмнэлэг цогц байдлаар дээрх үйлчилгээг үзүүлдгийг дурьдах хэрэгтэй байх. Харин ирэх оноос хэрэгжиж эхлэх даатгалын шинэ журмаар цогц байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэх гээд томоохон жин дарах ( шалгуурын 40 хүртэлх оноо) шалгуур үзүүлэлт орж ирлээ. Хуучин магадлан итгэмжлэлээрээ шууд гэрээ хийж үйлчилгээ үзүүлдэг байсан эдгээр эмнэлэгүүдийн хувьд энэ шалгуур том сорилт болох нь гарцаагүй. Тэдэнд эмнэлгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж цогц хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх эсвэл….Боломжтой бол нэгдэн нийлж, багадаа нэгдсэн эмнэлгийн статусаар ажиллах хэрэгтэй. Гэвч тус тусдаа аж ахуйн нэгжийн хувьд энэ амаргүй даваа.
Оргүй, бидний хэлж заншсанаар үүдэн эмнэлэгдийн хувь заяа хэрхэх бэ гэдэг бас л асуудал. Үүдэн эмнэлгүүдээс өргөн хүрээнд үйл ажиллагаа эрхлэж байгаа нь оношилгооны төвүүд. Тэдний үйл ажиллагаа ойрын хэдэн жилдээ доголдохгүй байж болох ч бууралт бол 2021 оноос ажиглагдах магадлалтай. Харин зөвхөн амбулаторийн үзлэгийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй үүдэн эмнэлгүүд ирээдүйд оршин тогтнох орон зай байхгүй болно. Энэ хатуу боловч бодит үнэн. 2004 онд Монгол улсад дээд боловсрол эзэмшүүлэх 185 байгуулага байсан бол 2019 оны байдлаар 95 болж цөөрсөн байдаг. Хувийн хэвшлийн эмнэлгийн хувьд ингэх дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ ийм болоход 10-д жилийн хэрэгцээ гарахгүй болов уу. Ойрын 5 жилийн дотор шийдэгдэх байх.
Цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүд тогтвортойгоор оршин тогтнохын тулд дараах чиглэлээр ажиллах хэрэгтэй байх. Үүнд:
•Томоохон хувийн эмнэлгүүд эмчилгээний эрсдэл бүхий хүнд тохиолдлуудыг авч эмчлэх, гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал бууруулах. (хавдар, ортопед, мэдрэл, нуруу нугас гэм мэт)
•Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгүүдтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт гаргах.
•Урьдчилан сэргийлэх үзлэг, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд анхан болон дунд шатны байгууллагын ачаалал хуваалцах.
•Жижиг эмнэлгүүд өөр хоорондоо нэгдэж нэгдсэн эмнэлгийн системээр ажиллах.
ЭМДЕГазраас барьж буй шинэчлэлийн бодлогын тэргүүлэх зорилгын нэг бол яах аргагүй даатгуулагчийг эрүүл мэндийн холбоотой санхүүгийн эрсдлээс хамгаалах явдал. Үүний тулд тусламж үйлчилгээний үнийн тариф тогтоож өгч байгаа. Мэдээж энэ нь нэг худалдан авагчийн системийн амин чухал асуудлуудын нэг мөн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хөрөнгө оруулалтын эрсдлээ өөрсдөө үүрч ажилладаг. Тэд тодорхой хэмжээнд ашигтай ажиллахыг зорино. Хамгийн багадаа хөрөнгө оруулалтаа нөхөх зорилго тавих нь гарцаагүй зүйл. Богино хугацаандаа даатгалаас санхүүжилт авч, санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдэж буй мэт боловч урт хугацаандаа тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх технологийн хөрөнгө оруулалт хийх боломжийг багасгаж мэдэх эрсдэл байна. Гэхдээ бас нэг боломж бий нь тэд үзүүлэх тусламж үйлчилгээнийхээ үнийг худалдан авагч буюу ЭМДЕГ-тай тохиролцоно. Бүх зүйлд өөрийн сайн болоод саар зүй буй.
Даатгуулагч:
Иргэдийн хувьд тэдний үүрэг бол эрүүл мэндийн даатгалдаа хамрагдах явдал. 2019 оны эрүүл мэндийн даатгалын тайлангаас харахад даатгалд хамрагдах ёстой иргэдийн 90.2 хувь хамрагдсан байна. Гэвч нийт даатгуулагчийн ихэнхийг төрөөс шимэтгэлийг нь төлж буй иргэд эзэлж байгаа. Гэхдээ даатгагдсан байх нь эхний үүрэг. Иргэдийн хувьд зарим нь даатгагдсан мөртлөө эмнэлгийн тусламж авч чадахгүй байна гэж байхад эмнэлгээр явах нь ажил мэт болчихсон бүлэг хүмүүс ч байна. Сувилалын тусдаа чиг үүрэг бүхий эмнэлгийн байгууллага байхад эмнэлгийг сувилалын чиглэлээр ашиглаж байгаа даатгуулагч ч бас байна. Даатгалын шинэчлэлийн хүрээнд ажлын албаныханы өгч буй мэдээлэлээр зөвхөн 4 оношийн бүлэгт даатгалын сангийн хэвтэн эмчлүүлэх зардлын 40 орчим хувь зарцуулагдаж байна гэхээр үнэхээр харамсмаар. Энэ оношийн бүлэгт артерийн даралт ихсэх өвчин, пиеолонефрит, радикулит, тархины цусан хангамжийн дутагдал гэх зэрэг орж байна. Энэ өвчнүүд эмнэлэгт 7-10 хоногт бүрэн эдгэчихгүй, сэдрээхгүй байж чадвал амбулаторийн эмчийн хяналтад бүрэн намжмал байж болох өвчин. Нөөцийг онцын шаардлагагүй зүйлд зарцуулж байсны нотолгоо энэ мэт байна. Даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэн таны дээрх оношоор эмнэлэгт хэвтэх эрх нээлттэй боловч таниас тодорхой хэмжээний төлбөр гарахыг мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Үүнийг хам төлбөрийн арга гэдэг байна. Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндэд учирсан гарцаагүй тусламж үйлчилгээг санхүүжүүлч байхаас биш өөрөөс тань шалтгаалсан зүйлд таны оролцоог (хариуцлага) нэмэгдүүлэх бодлого баримтлана гэсэн үг юм. Хүнийг хүчээр эрүүл байлгах гэдэг бараг боломжгүй зүйл. Таны эрүүл байхад эрүүл мэндийн байгууллагын оролцоог 10 хувь гэсэн байдаг. Та л өөртэй анхаарал хандуулж чадна, харин бид тусална.

Хүний их эмч Б.БУЯНТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *