Categories
мэдээ цаг-үе

Япон улсад архитектор, механик, барилгын инженер мэргэжлээр суралцах оюутнууд эрхийн бичиг гардлаа


Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Монгол Улсад өндөр мэдлэг, чадвар бүхий инженерүүдийг бэлтгэх зорилготой уг төсөлд өнгөрсөн хугацаанд нийт 670 оюутан, судлаач, багш нар хамрагдаад байгаа нь зорилтот 1000 инженерийн тооны 67 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Энэ төслийн хүрээнд өнөөдөр 59 оюутан, багш судлаач Япон улсад суралцах эрхийн бичгээ гардан авлаа. Эдгээр оюутан, багш нар энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тусгай үүргийн нислэгээр арлын орныг зорих юм. Тус улсад инженерийн чиглэлээр 2-3 жил суралцаж төгсөөд эх орондоо ирж мэргэжлээрээ таван жил ажиллах нөхцөлтэйгээр явах юм байна. Тэтгэлэгт хамрагдсан ШУТИС-ийн Архитекторын гуравдугаар курсийн оюутан Б. Сумъяа “Энэ хөтөлбөрт тэнцэхийн тулд эхний ээлжинд биелүүлэх ёстой хэд хэдэн шалгуур бий. ЭЕШ-ын оноо, сургуульдаа ороод хичээлдээ идэвхтэй байх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа бүхэнд оролцох хэрэгтэй гэх мэт. Ингэснээр бид маш сайн хөгжиж байгаа. Мөн япон хэл болон мэргэжлийн хичээлүүддээ тодорхой түвшинг давсны дараа их дээд сургуулиуддаа хүсэлт өгдөг. Энэ жил архитектор, барилгын инженер, механикийн инженер гэсэн мэргэжлийн дагуу бид явж байна. Мэдээж хичээснийхээ үр дүнд тэтгэлэгт хамрагдаж дэлхий хэмжээний боловсрол эзэмших болсондоо баяртай байна. Мөн эрдэм ном сурч ирээд эх орондоо сурсан мэдсэнийхээ шимийг гаргах боломж бүрдэж буйд туйлын их баяртай байна. Бидэнд боломж үргэлж байдаг. Харин түүнийхээ төлөө жаахан л мэрийгээрэй гэж үеийнхэндээ хэлье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

У.Уранбилэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *