Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Нэг доллараар 100 саяыг “босгосон” КИМ КАРДАШЬЯН

Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, Кавказын бүс нутагт тайван байдал алдагдаад байгаа билээ. Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас яаралтай тусламж авахыг хүссэн захидал илгээсэн бол Азербайжаны талд Туркийн эрх баригчид зэвсгийн тусламж үзүүлж байгаа юм. 1994 онд Азербайжан, Арменийн хооронд дайн дэгдэж, 30 гаруй мянган хүн амиа алдсанаас хойш болж байгаагүй ширүүн зэвсэгт мөргөлдөөн ийнхүү Уулын Карабахад өрнөв.

Уулын Карабахад өрнөж буй энэ үйл явдлыг Америкийн реалити шоуны од Ким Кардашьян дэлхий нийтийн анхаарлыг төвд аваачиж, Арменийн талд нэг сая ам.доллар хандивласан нь ялангуяа Азербайжан улсын дургүйцлийг төрүүлсэн юм. Армени гаралтай, дэлхийн хэмжээний од Ким Кардашьян өнгөрсөн сарын эхээр 191 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулж Армени улсад хандив тусламж үзүүлэхийг дагагчдаасаа гуйсан билээ.

Ким “Би бодол санаа, залбирлаараа зоригт армени эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй хамт байдаг. Биднийг хил хязгаар зааглаж байгаа хэдий ч чин зүрхэндээ энэ дэлхийн армени үндэстнүүд гэдгийг бүгд санаасай. Энэ хүнд хэцүү цаг үед армени хүмүүст хоол хүнс, орон баяр, эмнэлгийн тусламж, хүмүүнлэгийн тусламж маш их хэрэгтэй байна. Арменчууддаа нэг сая ам.долларын бодит тусламжийг хувийнхаа зүгээс “Арменийн сан”-д илгээж байгаагаа үүгээр илэрхийлье. Та бүхэн миний энэ бичлэгийг олон нийтэд түгээж, тарааж, мэдээллийн хэрэгслүүдээр цацах, эсвэл нэг нэг доллар хандивлаж миний энэ үйлсийг дэмжээрэй гэж уриалж байна. Энэ хандивт та бүхэн идэвхтэй оролцоорой. Азербайжан, Туркт намайг үзэн ядагчид байдаг ч тэднээс хавь илүү дэмжигчид дэлхий даяар байдагт би итгэж байна” хэмээн инстаграмаараа бичлэг хийж цацсан юм.

Ким Кардашьян бол манай дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, хамгийн алдартай армени бүсгүй, телевизийн од, бизнес эрхлэгч. Тэрээр нэг сая долларыг Армени улсад хандивласны дараа “Арменийн сан”-д дэлхийн өнцөг булан бүрээс түүний шүтэн бишрэгчид нэг нэг доллар шилжүүлсээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар цуглаад байна. Ким Кардашьяны энэ менежмэнтийг бизнес судлаачид “Сошиалаар богино хугацаанд ийм хэмжээний хөрөнгө босгоно гэдэг хэцүү. Гэхдээ боломжтой гэдгийг Ким харууллаа. Хүнээс нэг сая доллар авахад хэцүү, харин 100 сая хүнээс нэг нэг доллар авахад маш амархан. Үүгээрээ Ким маш зөв менежмэнттэй бизнес эрхлэгч гэдгээ харууллаа. Өөрөө эхлээд нэг сая доллар хандивласан нь хүмүүсийн итгэлийг төрүүлсэн учир энэ хандив амжилттай болсон. Магадгүй энэ бол уулын хүмүүсээс л гарах арга ухаан байх” гэсэн тайлбарыг хэлжээ. Гэтэл ялангуяа азербайжанчууд Ким Кардашьяны энэ үйлдлийг эрс буруушааж, элдвээр заналхийлж, инстаграм хуудсанд нь үзэн ядсан олон мянган сэтгэгдэл бичсээр байгаа юм. “Ким энэ үйлдлээрээ дайныг санхүүжүүлж байна”, “Карабах бол Азербайжаны нутаг гэдгийг энэ эмэгтэй мэдэхгүй байна”, “Кимийн өгсөн сая доллар сая азербайжан хүний аминд хүрнэ”, “Армени улс нэг эмэгтэйн өгзгөөр тэжээгдэж байна”, “Өгзөгөө зарсан доллараараа дайныг даамжруулж байна” гэхчлэн элдэв хараал, муу муухай үгсийг урсгаж, Кимийн гэр бүлийг үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Кимийг дэмжигсэд “Энэ хандив нэг ч буу, нэг ширхэг суманд ч зориулагдаагүй. Хүмүүнлэгийн хандивт очиж байгаа” хэмээжээ. АНУ-ын Лос-Анжелес хотод арменичууд олноор амьдардаг бөгөөд тэд мөргөлдөөний улмаас хүнд байдалд ороод буй энгийн иргэдэд туслах зорилгоор “Armenia Fund” сан байгуулж, армени гаралтай, дэлхийн алдартан Ким Кардашьянд хүсэлт тавьсан нь ийнхүү амжилттай болсонд хязгааргүй баярлажээ. Кимийг инстаграм хуудсандаа ийнхүү уриалга бичлэг хийсний маргааш Лос-Анжелесын гудамж талбайд 20 мянган гаруй хүн цугларч, арменичуудыг дэмжиж, хандивт нэгдэж, Азербайжаны талыг зэвсгээр хангаж буй Турк улсын Элчин сайдын яамны гадна очиж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Ким Кардашьяны өвөг дээдэс XIX зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд тэрээр Армени цагаачдын гурав дахь үеийн төлөөлөгч гэгддэг. Ким өмнө нь хоёр удаа өвөг дээдсийнхээ нутагт болох Арменид зочилж, хүүхдүүдээ үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулж байжээ.

Армени иргэдийн хувьд мөргөлдөөнтэй хүнд үед Кимийн санаачилсан хандивын аянаар 100 гаруй сая ам.доллартай болсондоо хязгааргүй талархаж “Армени хүний халуун цус судсаар нь гүйсэн зоригт бүсгүй бүхэл бүтэн нэг улсыг аварч байна. Арменийг бүх дэлхийн анхаарлын төвд оруулж чадлаа. Тэр бол баатар” гэж баярын нулимс унагасаар байна. Армени улсыг дэлхийн хэмжээний ганцхан од нь ийн “аврав”. Үүнтэй адил Монгол Улс дэлхийн хэмжээний ганцхан л одтой болоход долоохон хоногийн дотор 100 сая ам.доллар байтугайг босгох боломж байна. Армени улс 2010 оны байдлаар 3.2 сая хүн амтай гэсэн тоо байна. Манайхтай тэнцүү хүн амтай энэ улсын эдийн засгийг дэлхийн хэмжээний ганц од нь нэг хэсэгтээ л толгой өвдөхөөргүй болгоод шийдээд өгчихлөө. Үүнтэй адил бид дэлхийн хэмжээний ганцхан л одтой болох, монгол хүнийг дэлхийд гаргаж ирэхэд анхаарах хэрэгтэй болжээ. АНУ-д манай нэг иргэн алдаршиж, дэлхийн хэмжээний од болоход яг л ийм зарчмаар хөдлөхөд хэдэн зуун сая доллар босгох боломж нь бэлээхэн байна. Алдартай хүн зөвхөн өөртөө л ашиг авчирдаггүй эх орондоо ч асар их ашиг авчирч болдгийг Ким гэх энэ бүсгүй харууллаа шүү дээ. Үүгээрээ ч тэр алдартнуудын талаарх энгийн хүмүүсийн ташаа бодлыг засчихлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *