Categories
мэдээ нийгэм

Өдөрт 400-500 мянган хүн халдвар авч, коронавирусийн халдвар идэвхжиж байна

Дэлхийн дахинд коронавирусийн шинэ давлагаа эхэлж, сүүлийн долоо хоногт Европын орнуудад коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж эхэллээ. Сүүлийн 24 цагт дэлхийн дахинд 404 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр авч, нийт тохиолдлын тоо 43.3 сая давлаа. Сүүлийн гурван хоног дараалан халдварын тархалтын тоо 400-500 мянган тохиолдлоос буурахгүй байна. Дэлхийн дахинд коронавирусийн халдвар гарснаас хойш 1.1 сая хүн нас барж, 31.8 сая хүн эдгэрчээ.

Халдварын тархалтаар АНУ хамгийн өндөр байгаа бөгөөд өдөрт 60-80 мянган хүн халдвар авч, нийт тохиолдлын тоо 8.8 сая даваад байна.Мөн Энэтхэгт коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 45 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авч, нийт тохиолдлын тоо 7.9 саяд хүрчээ.

Сүүлийн өдрүүдэд Франц, Испани зэрэг Европын орнуудад тархалт нэмэгдэж, өдөрт 40-50 мянган хүн шинээр халдварын тохиолдлын тоо нэг сая даваад байна. Мөн манай хойд хөрш болох ОХУ-д коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдлээ. Сүүлийн 24 цагт 16.7 мянган хүн шинээр халдвар авч, тус улсын нийт тохиолдлын тоо 1.5 сая давсан байна.

Монгол Улсад халдварын тархалт харьцангуй намжмал байдалтай байгаа. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 96 хувийг эмчилж, эдгээгээд байгаа билээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд хойд хөршөөр дамжин ирж байгаа иргэдээр дамжин коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын доо нэмэгдэх хандлагатай байна. Баасан гаригт гэхэд ОХУ-аар дамжин Алтанбулагийн хилийн боомтоор нэвтэрсэн 9 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 338 болоод байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа улс орнуудад хөл хорионы дэглэмээ чангатгаж, иргэд хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж байна. Цаашдаа коронавирусийн халдвар улирлын томуугийн дэгдэлттэй хавсарч олон нийтийн дунд тархах магадал өндөр байгааг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *