Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хунтайж” хэмээх номын тухай тун товчхон

“Монсудар”-аас Нийгмийн ухааны бүтээлүүдийг нийтэд түгээн дэлгэрүүлэхээр цувралаар хэвлэн гаргаж эхлээд байгаа билээ. Энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа уг цувралын хоёрдугаар дэвтэр болох Никколло Макиавеллийн “Хунтайж” хэмээх алдартай бүтээлийг танилцуулж байна. Сэргэн мандалтын үеийн Италийн философич, түүхч Никколло Макиавеллийг бүх цаг үеийн хамгийн агуу суут сэтгэгчдийн нэг, асар их зовлонг туулан байж зорьсондоо хүрч чадсан гайхамшигт нийгмийн зүтгэлтэн гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тэрээр Италийн хамгийн хэцүү бэрх үед аж төрж байсан бөгөөд уг зохиолоо бичих үед нь эх орон нь хэд хэдэн жижиг хот улс болон бутарсан байсан үе юм. “Хунтайж” бүтээл нь өнөөдрийг болтол ая холбогдлоо алдаагүй нийгмийн томоохон бүтээл мөн бөгөөд нийт 26 бүлгээс бүрдэнэ. Ер нь удирдагч хүн, хунтайж хүн эх орноо ард түмнээ хэрхэн удирдах ёстой вэ. Ямар арга барилтай байвал болох вэ. Төрийн эрхийг хэрхэн гартаа авах, авсныхаа дараа хэрхэн жолоо барих ёстой вэ… гэх мэт асуудлуудыг сэтгэлгээний өндөр түвшинд хөндөж тавьснаараа энэхүү бүтээлийн үнэ цэнэ оршиж байна. Уг бүтээлийн XV-XXII бүлэг тэр чигтээ тэргүүлэгч, удирдагч хүн ямархуу зан авиртай байх тухай өгүүлэх аж. Ерөөсөө удирдагч хүн арслан хийгээд үнэгний араншинг хослуулах ёстой тухай бичжээ. Хөнөөлт дайснаа айлгаж байхын тулд арслан мэт байх ёстой бол дайсагнагч улсынхаа ов мэхэнд орохгүйн тулд үнэг адил зальтай байгууштайг онцолж. “Хунтайж” бүтээлийг ерөөсөө л төр барихад оролцож буй хэн ч заавал унших бүтээл мөн гэдгийг эрхлэн гаргачид онцолсон байна. Ямар нэгэн байдлаар улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, эсвэл тухайн шийдвэрт оролцдог бол энэхүү номыг заавал уншууштай. Нэг үгээр хэлбэл, улстөрчийн гарын авлага, ширээний мөнхийн эзэн юм. Макиавелли уг алдартай бүтээлээ 1513 оны арвахоёрдугаар сарын адгаар бичиж дуусгасан авч II Лорензо де Медичид зориулахаар болж нэмж өөрчлөлт оруулсан гэдэг. Харин 1532 онд “Гүнт улсуудын тухай” нэрээр хэвлэгдэн гарч байжээ. Угсаа залгамжилсан гүнт улсын тухай, Гүнт улсын холимог засаглалын тухай, Өөрсдийн зэр зэвсэг, эр зоригоор байгуулсан гүнт улсын тухай, Хунтайж цэрэг дайны явдалд хэрхэн ханддаг байх тухай, Үзэн ядалт, жигшил зэвүүцлээс хэрхэн зайлсхийх тухай, Хунтайжийн ажлын алба болон зөвлөхүүдийн тухай гэх мэт олон сонирхолтой бүлгүүдээс “Энэ нээрээ л тийм дээ” гэж бодохуйц маш олон зүйлийг хэлж өгдгөөрөө энэ ном үнэ цэнээ дахин тодорхойлдог. Нийт хэдэн төрлийн гүнт улсууд байдаг, хэрхэн яаж бий болдог тухай зохиогч өгүүлэхдээ, “Ард олныг эрхшээн захирдаг байсан буюу эдүгээ захирч байгаа алив нэг төрт улс нь бүгд найрамдах улс юмуу гүнт улс гэж хуваагдана. Гүнт улсууд нь дотроо угсаа залгамжилсан болон шинээр тогтсон гүнт улс хэмээн ангилагдана. Хунтайж болон түүний гэр бүлийнхэн олон жилээр засаглалаа тогтоосон бол угсаа залгамжилсан гэнэ. Харин шинээр тогтсон гүнт улсыг ард иргэд нь хунтайжийн захиргаанд захирагдаж сурсан, эсвэл нэн эртнээс эрх чөлөөтэй амьдарч ирсэн улс” гэж хуваана хэмээн томьёолжээ. Гүнт улсуудыг байгуулахдаа өөрсдийн юм уу, эсвэл бусдын зэр зэвсгийн хүчээр, эс бол фортуна буюу азаар, нөгөө бол вирту буюу эрс шийдэмгий байдлаар байж болно гэсэн нь өнөөгийн улс төрийг тэр чигээр нь агуулаад хэлчихсэн мэт. Энэхүү суут бүтээлд “Хунтайж хүн ариун цагаан шинж чанар бүхнийг өөртөө шингээсэн байх албагүй. Харин шингээсэн мэт харагдах ёстой” гэж тун ёжтойгоор хэлсэн байх юм. Ямартаа ч уншигч та ямар нэгэн байдлаар улс төр сонирхдог, эсвэл тогоонд нь ажилладаг бол энэ номыг заавал уншиж үзэхийг хүсч байна. Ер нь заавал улс төр сонирхдог гэхгүй хэн дуртай нь уншаад үзвэл магадгүй хэзээ ч олж харж байгаагүй өнцгийг харна гэдэгт итгэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *