Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлээ гурав нугалж төлдөг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байна. Тодруулбал, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнхийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах нь хурдацтай нэмэгдэж байгаа юм. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдээс хүргэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулснаа Б.Баттөмөр гишүүн хэлсэн юм.

Хуулийн төсөл нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд 6 бүлэг, 32 зүйлтэй. Үүнд ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалт бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Монгол Улсад иргэдийнхээ санхүүгийн эрх ашгийг хамгаалах хуулийн зохицуулалт дутуу байгаагийн улмаас зээлийн хүү маш өндөр байгаа. Арилжааны банкууд зээлийн хүүгээс гадна маш их хураамж авдаг. Энэ хуулийг баталснаар зээл авч байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Мөн ипотекийн зээлийн асуудал байна. 40-45 сая төгрөгийн зээл аваад 3 дахин нугалж төлдөг тогтолцоотой улс орон манайхаас өөр байхгүй. Тэгээд сарын зээлийн төлбөрөө төлөхөөр эхний жилүүдэд төлбөрийн дийлэнх хувь нь хүүнд нь татагддаг. Энэ бол мөнгө мөлжлөгийн тогтолцоо. Тиймээс энэ шударга бус тогтолцоог өөрчлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод бараг 200 орон сууцтай, түүнийгээ түрээслэж мөнгө олдог хүмүүс олон байна. Тиймээс ийм хүмүүст зээл олгохоо зогсоож, зорилтот бүлэг рүү чиглүүлэх ёстой” гэлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, “Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийг Зээлийн хүүг бууруулах стратегитэй уялдуулахаас гадна мөнгө хүүлэлттэй тэмцэх, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах заалтыг тусгах юм” хэмээв. Мөн тэрбээр ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож, 2 хувиар бууруулсан гэдгийг онцлоод, “Зээлийн төлөлтийн хуваарь бол тэнцүү төлбөрт зээлийн хуваарийн системээр явдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн нийт хугацааны эхний хагаст хүүгийн төлбөр, дараагийн хагаст үндсэн төлбөрөөс илүү төлөгддөг тогтолцоо” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд инфляцын түвшинг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Тодруулбал, инфляцийн 8-10 хувьтай байхад хадгаламж болон зээлийн хүү түүнээс доог байх ямар ч боломжгүй. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад гол анхаарлаа хандуулах ёстой хэмээсэн юм.

Ийнхүү санал хураахад хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫГ 2021 ОНД 566 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль УИХ-ын наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд 153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв.

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ш.Раднаасэд, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүн асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 2015 онд 3.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 7.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байгааг онцлов. Тэрээр сүүлийн 5 жилд Засгийн газрын гадаад өр 4.3 ам.доллароор нэмэгдсэн гэж ойлгож болох эсэхийг тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, “Засгийн газрын гадаад өр 2016 оны байдлаар тухайн үеийн үнэ цэнээр ДНБ-нд элзэх хувь хэмжээ нь 78.8 хувь буюу 22 их наяд 280.1 тэрбум төгрөг байсан. Харин 2020 оны есдүгээр сарын байдлаар, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д элзэх хувь хэмжээ нь 57.2 хувь буюу 26 их наяд 267.3 тэрбум төгрөг байна” хэмээв.

Гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *