Categories
мэдээ нийгэм

Жүдочид маргааш Унгарыг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод эргэн ирэх гэж байна. Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас найман сарын хугацаанд зохион байгуулагдаагүй IJF-ийн цуврал тэмцээн жүдо сонирхогчдын анхаарлыг Будапешт рүү төвлөрүүлж байна. “Гран При”-гээс “Их Дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээн нь 1-т цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр дундаа өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулагдаж байгаараа, бас халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй Унгар улсад, 2-т Унгар улс олон улсын харилцааны арга хэлбэрүүдээс спортын уралдаан, тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал тавьж, спортын арга хэмжээг дипломат арга хэмжээ болгон ач холбогдлыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Будапештийн “Их Дуулга”-г жүдо бөх сонирхогч хөгжөөн дэмжигчид асар ихээр сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас ТВ, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм. IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх 3-н тэмцээний нэг энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.
Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллайгийн багш/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтад байж, хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Будапештийн Гранд Сламд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд
60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр
66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр
81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн
90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн
100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр
+100кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг
52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од
57кг жинд Б.Алтанцэцэг
63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул
70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал
78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од
+78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.
Гранд Слам ангилалд түрүүлсэн жүдоч чансаагаа 1000 оноогоор нэмэх бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260 оноо авна. Одоогоор манай жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -100, +100 кг-д, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн онооны бүст 1-2 тамирчин бичигдэж байгаа. Энэ удаад Унгарт манай залуучууд болон олимпийн эрхийн оноо цуглуулах зайлшгүй шаардлагатай тамирчид хүч үзэхээр маргааш эх орноосоо мордох юм.
Тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг Монгол Улсад SPS HD телевиз эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *