11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ.
Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.
Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.
Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.
9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:
- Төрсний бүртгэлийн;
- Үрчилсний бүртгэлийн;
- Овог, эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
- Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
- Гэрлэсний бүртгэлийн;
- Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
- Гэрлэлт бүртгэлгүй тухай;
- Нас барсны бүртгэлийн;
- Төрөл садангийн;
- ХААТР-1 маягтын /2 төрөл/
- Цахим үнэмлэхийн;
- Байнга оршин суугаа хаягийн;
- Иргэний үнэмлэх аваагүй тухай;
- Зураг баталгаажуулалт;
- Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
- Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
- Регистрийн дугаарын;
- Регистрийн дугаар сольсон тухай;
- Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
- Эх нотлох баримтаас хуулбар олгох
9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
- Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
- Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
- Хуулийн этгээд татан буусан эсэх
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
- Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа
www.burtgel.mn сайтаас:
- Иргэний – 14,
- Эд хөрөнгийн – 2,
- Хуулийн этгээдийн – 7
ТҮЦ машинаас:
- Иргэний – 6
- Эд хөрөнгийн эрхийн – 2
- Хуулийн тэгээдийн – 2
Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.