Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил, тэгш хангах талаар тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим яам болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээг цахимжууллаа.

Цахим системийг нэвтрүүлснээр эмнэлгүүд мэдээллээ түргэн шуурхай солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж үйлчилгээ авах, дараалал, дугаар захиалах, чаат, дуу, дүрстэй шууд холбогдох, эмч эрүүл мэндийг хянах, цахимаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон давуу талтай. Мөн үйлчлүүлэгчийн карт, эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэж байгаа юм.

Тус төв хэвтэн эмчлүүлэх 250 ортой, өдөрт нийт 500 хүүхдийг хүлээн авч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх хүчин чадалтай аж. Мөн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангасан цогц үйлчилгээтэй гэдгийг албаныхан дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-тэй хамтран ХБХСЗХТ, СЗСҮТ-ийн эмнэлгийн үйлчилгээг цахимжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Цахим эмнэлгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, ХБХСЗХТ-ийн дарга Р.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээлээ

Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг эхлүүллээ.

“Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс адил, тэгш хүртэх боломж олгох, нийгмийн баталгааг хангах талаар багагүй арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан.

Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Мөн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдан хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр гаргасан. Ингэснээр Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу 1,0 сая гаруй хүүхэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах юм.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлж, хөгжлийг бүтээгч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллана. Энэ жил 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.

Энэ оны 7 сарын 2-3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай оронд болно.

Энэ конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжыг судлаж суралцахын зэрэгцээ манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, ач холбогдлын талаар бусад улс орнуудад танилцуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар зарим компаний согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах болон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг нийт 21 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв барина

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн хэлснээр Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон ч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталж байжээ.

Хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсон байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалттүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтгай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийжээ. Улмаар барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавилаа.

Ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63, 116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа.

Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэжлийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.

Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хорооны гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Сгандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *