Categories
мэдээ нийгэм

Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд коронавирус тусчээ

Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Звели Мкхизе болон түүний эхнэр коронавирусээр халдварласан болохыг түүний ажлын албанаас өнгөрөгч ням гарагийн орой мэдэгджээ.

Мкхизед хөнгөн хэмжээний шинж тэмдгүүд илэрсний дараа түүнийг бямба гарагт халдварын шинжилгээнд хамруулсан аж. Тэрээр мэдэгдэлдээ “Би одоо гэртээ тусгаарлалтын дэглэм сахиж байгаа бөгөөд эхнэр бид хоёр хоёулаа энэ вирусээс бүрэн эдгэрнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Мэргэжлийн эмч болох Звели Мкхизе Өмнөд Африкийн цар тахлыг зогсоох тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан бөгөөд халдвар авснаа зарласныхаа дараа тэрээр иргэдээ амны хаалтаа зүүж, гараа зөв ариутган, бие биеэсээ зай барин, эрүүл мэндийн протоколоо үргэлжлүүлэн баримтлахыг уриалсан юм.

Африк тивээс цар тахалд хамгийн их нэрвэгдээд буй Өмнөд Африкийн нийт халдварын бүртгэгдсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар 700 мянга давжээ. Түүнчлэн айсуй халдварын хоёр дахь давлагаа эдийн засгийн уналтыг улам даамжруулах вий гэж тус улс даяар эмээж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *