Categories
мэдээ цаг-үе

С.Оюунтуяа: Орон нутгийн сонгууль бол миний зайлшгүй оролцох сонгууль гэж харах ёстой

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.


-Танай байгууллага сонгогчдын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манайд сонгогчдын боловсрол хэтэрхий сул. Ер нь сонгогчдын боловсрол гэж юуг хэлэх вэ?

-Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Бидний зүгээс сонгогчдын боловсролыг сайжруулах, сонгуульд сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангах, хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Сонгогчдын боловсрол гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Өргөн хүрээндээ илүү ардчиллын, иргэний боловсролын Үндсэн хуульд заасан төрийн удирдах хэрэгт оролцох иргэдийн оролцооны эрхийн асуудал. Явцуу утгаараа сонгуульд оролцох, сонгуульд саналаа өгөх сонгогдох эрхийн тухай ойлголт. Бидний зүгээс сонгууль болгоноор сонгогчийн боловсролыг сайжруулах чиглэлээр богино болон урт хугацааны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Яагаад бид энэ орон зайд сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна гэхээр сонгогчийн боловсролын асуудлыг төрөөс огт анхаардаггүй, албан ёсны боловсролын хөтөлбөр стандарт байдаггүй.

Хуулиар үүрэг хүлээсэн СЕХ сонгуулийг зохион байгуулах чиг үүргээ л хэрэгжүүлээд байхаас саналаа өгдөг хоёр сая сонгогчийн асуудлыг орхичихсонтой холбоотой. Нийгэмд тулгамдаж буй асуудлын эхлэл нь сонгогчдын боловсролтой холбоотой гэдгийг өдийг хүртэл ярьсаар ирлээ. Орон нутгийн сонгууль дахь оролцоо Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулиас даруй 15 функтээр бага. Ийм чухал сонгуульд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх олон төрлийн кампанит ажлыг манай төвөөс хийж хэрэгжүүлж ажиллаж байна.

-Иргэдийн сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг хэн хийх ёстой юм бэ. Хуульд энэ тухай мэдлэг олгоход зориулагдсан төсөв байдаг юм уу. Бусад улс оронд сонгогчдынхоо боловсролд хэрхэн анхаарч ажилладаг юм бол?

-Сонгуулийн байгууллагын үндсэн хийх ёстой ажил сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Энэ асуудлыг Боловсролын яам нь хариуцдаг ч улс орнууд байна. Улс төрийн намын үндсэн нэг чиг үүрэг нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шүү дээ. Өнөөдөр манайд төр нь ч, улс төрийн нам, мэргэжлийн сонгуулийн байгууллага нь ч сонгогчдын боловсролд огт анхаарахгүй, ямар ч алхам хийхгүй байсаар өдийг хүрлээ. Непал улс гэхэд сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролын л ажил хийдэг. Аль нутаг дэвсгэрт тухайн сонгуулиар сонгогчдын оролцоо бага байна. Тийш нь чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Түүнчлэн сонгууль дахь оролцоог насны бүлгээр авч үздэг. Залуучуудын оролцоо бага байвал тэдэн рүү хандсан хөтөлбөр хэрэгжүүлээд явдаг жишигтэй. Манай улсад сонгуулийн өмнөх хоёр сар л энэ талаар дуугардаг. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь төрийн хийдэг үндсэн ажил болохоос сонгуулийн өмнөх хоёр сар хийдэг ажил биш. Тиймээс өнөөдөр бид албан ёсны сонгогчийн боловсролын хөтөлбөртэй болоё. Сонгогчдоо бэлдье. Тасралтгүй сонгогчдын боловсролын стандарт хөтөлбөрүүд гарч байж нөхцөл байдлыг сайжруулна. Энэ бүхнийг ТББ-ын нуруун дээр тавьчихаад яваад байхаар ямар сайн үр дүн гарах вэ дээ.

-Залуучуудын идэвхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Залуучуудад сонгуулийн үүрэг, ач холбогдол, ашиг тусын талаар ойлгуулах мэдлэг мэдээлэл огт өгдөггүй хэрнээ та нар оролцсонгүй гэж шүүмжилдэг. Залуучуудын гол бэрхшээл нь мэдээлэл тэдэнд хүрдэггүй юм байна. Сонгуулиар янз бүрийн кампанит ажил хийдэг ч залуучуудад чиглэсэн тэдэнд хүрэх арга хэлбэр сувгаа олдоггүй юм байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна гэхээр сонгогчдын боловсролд хийгдэж байгаа мэдээлэл цар хүрээ, далайц багатай байгаагийн илрэл. Арга хэлбэрийн хувьд оновчтой биш, зорилтот бүлэгдээ хүрдэггүй. Сонгуулийг хүнд хэцүү ажил гэж хардаг. Сонгуулийн ач холбогдлын талаар хангалттай мэдлэггүй. Сонгууль бол ээж, аав, эмээ, өвөөгийн ажил гэж хардаг. Залуучуудын хувьд боловсролын хүртээмж, чанарын асуудлыг хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзэг судалгаа байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах боломжийг сонгууль хангаж өгөх ёстой гэдгийг хэлж өгөхгүй болохоор тэднийг буруутгаад байх аргагүй юм.

-Иргэд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд л ач холбогдол өгөөд байдаг. Яг бидэнд тулгамдаж буй асуудлыг хэлж ярих хүн бол төлөөлөгчид. Орон нутгийн сонгуульд сонгогчид илүү хариуцлагатай хандах ёстой болов уу?

-Бид Орон нутгийн сонгуулийн ач холбогдолыг ойлгохгүй явсаар ирсэн. Тиймээс бүх зүйлийг Ерөнхийлөгч, УИХ шийдэж өгнө гэж ярьдаг, ойлгодог. Орон нутгийн хурлын байгууллагын хийх ажлыг тэднээс нэхдэг. Энэ бүхнийг орон нутгийн хурлын байгууллага хийх ёстой. Орон нутгийн хурлын байгууллага Үндсэн хуульд заасан зүйлдээ хүрч ажиллаж чадахгүй байна л даа. Хурлын өөрийнх нь санаачилгын асуудал ч бас бий. Өнөөдөр Орон нутгийн хурлын байгууллага шагнал тодорхойлдог байгууллага шиг болчихлоо ш дээ. Тэгэхээр сонгогчид бүгдийг УИХ шийдэж өгнө гээд хараад байдгийг буруутгах аргагүй. Орон нутгийн сонгуулийг “мода”-нд оруулах хэрэгтэй байна. Танд тулгамдаж байгаа асуудлыг хэн шийддэг юм гэхээр тэндээс л оролцоогоо эхэл. Энэ бүхэн Орон нутгийн сонгуулиар л олгогдож байна. Орон нутгийн сонгууль гэдэг тухайн хүний амьдрах орчны таатай болгох боломжийг бий болгодог сонгууль. Орон нутгийн сонгууль бол миний зайлшгүй оролцох сонгууль гэж хармаар байна.

-Сонгуулийн тогтолцоогоо байнга өөрчлөх нь сонгогчдын боловсролд нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яахав. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг харахад томсгосон мажоритар систем хэрэглэсэн. Сонгуулийн насны 74 орчим хувь нь саналаа өгсөн. Гэтэл парламентад байгаа 76 гишүүн саналын 40 гаруй хувийг авсан. Саналаа өгчихсөн мөртлөө гээгдчихсэн хувь нь өндөр байна. Бид сонгуулийн тогтолцоогоо эргэж харах л хэрэгтэй. Сонгуулийн хууль тогтоомж сонгууль бүрт өөрчлөгддөг. Хууль нь богино настай, байнга өөрчлөгдөөд байхаар сонгогчид л хохирч үлдээд байдаг.

-Орон нутгийн сонгуулийн ирц хэр байдаг вэ?

-Сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгууль багахан өсөлттэй ажиглагдсан. Манай улс бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сонгогчдын оролцоо өндөр гэж явдаг. Сонгогчийн насныхан 73,74 хувьтай оролцдог. Гэхдээ 20 гаруй хувийн санал гээгддэг. Орон нутгийн сонгуульд энэ оролцоо бүр буурсаар 60 хувьд хүрдэг сул талтай.

-Энэ удаагийн сонгуулийн ирцэнд босго тавихгүй. Тиймээс бүр илүү анхаарлаа хандуулж саналаа өгөх шаардлагатай болов уу?

-Төр засгаа шүүмжлээд л байдаг. Шүүмжлээд суухаасаа өмнө саналаа өгөх ёстой л доо. Хариуцлагагүй төр засаг саналаа өгөөгүй хүмүүсийн ачаар бий болдог. Бид зайлшгүй сонгуульдаа оролцож саналаа өгдөг болчихвол олон тулгамдсан асуудлыг шийдэх эхлэлийг тавих болно. Ирцийн босгогүй сонгуулийг манай улс анх удаа хийх гэж байна. Сонгууль зохион байгуулах ажил маш нүсэр, нарийн түвэгтэй. Ирц босгогүй боллоо гээд сонгогчид санаа амар сууж огт болохгүй. Нэгэнт саналаа өгөөгүй бол хүссэн үр дүнгээ хүлээхэд хэцүү. Бусдын сонголтыг дагаж дөрвөн жил амьдарна гэсэн үг. Тиймээс илүү хариуцлагатай нийгмийн төлөө сонголтоо заавал хийгээрэй, саналаа заавал өгөөрэй гэж уриалмаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *