Categories
мэдээ цаг-үе

С.Чулуунбаатар: Хөдөлмөрийн баатар цол олгохоор боллоо гэхэд “Энэ том цолыг би авч болж байгаа юм уу” гэж их сандарсан

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан малч, хөдөлмөрчөөрөө ус нутагтаа төдийгүй улсдаа алдартай. Тус сумын Дөхөм багт Жирмийн хөндий гэх алдартай нутаг бий. Эндээс гурван баатар, нэг гавьяат, мөн олон аваргууд төрсөн байдаг. Тиймээс тус газрыг нутгийнхан аваргуудын хөндий ч гэж нэрлэдэг. Тэгвэл аваргуудын хөндий дахин нэг Хөдөлмөрийн баатартай боллоо. Монгол Улсын хошой аварга малчин, Хөдөлмөрийн баатар Санзайжавын Чулуунбаатартай ярилцсанаа хүргэе. Тэрээр “Монгол орон даяар налгар сайхан намар болж байна даа. Нутаг оронд минь өнгөрсөн зун бороо хур элбэг, өвс ногоо өтгөн ургасан учир мал сүрэг тарга тэвээрэг сайн авч, сайхан намаржиж байна аа” хэмээн амны бэлгээр биднийг угтлаа.


-Хөдөлмөрийн баатар болсонд тань баяр хүргэе. Энэ сайхан мэдээг анх яаж дуулав?

-Баярлалаа. Энэ талаар ер санаанд ороогүй. Өмнө нь гавьяат малчинд тодорхойлсон гэж дуулдаж байгаад чимээгүй болчихдог байсан. Тэгээд тэр байх. Өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар ярихаар нь их сандарсан шүү. “Ерөнхийлөгчийн зарлигаар танд Хөдөлмөрийн баатар цол олгохоор боллоо. Энэ сарын 5-нд Улаанбаатарт бэлэн байгаарай” гээд ярихаар нь “Энэ том цолыг би авч болж байгаа юм уу” гээд сандарсан. Нутгийнхан минь тэгтэл “Манай суманд байтугай, аймагт танаас өөр энэ том цолыг авах хүн байхгүй. Ёстой нүдээ олсон байна” гэхэд нь тайвширсан даа. Манай сум Улаанбаатар хотоос 600 гаруй км зайтай учраас өдөржин, шөнөжин явсаар хотод ирсэн. Таван хүүхдээс салаалж мөчирлөсөн ач зээ нийлээд 25-уулаа. Ер нь манайх гэдэг айл өнөр олуулаа. Намайг Хөдөлмөрийн баатар боллоо, шагналаа гардаж авна гэхэд бүгд дагаад хотод ирсэн. Зарим нь хичээлээ таслаад хүрээд ирсэн. 1989 онд анх улсын аварга малчин болж байлаа.

Манай Жирмийн хөндий гэж сайхан нутгаас Н.Дугаржав, Б.Лхамжав, Л.Хоролгарав нарын гурван Хөдөлмөрийн баатар өмнө нь төрснийг та бүхэн андахгүй байх. Олон алдартан, гавьяатууд ч бий. Улсын хошой аварга малчин болсноор тэднийхээ дунд орж бужигнаж явсаар өдий хүрсэн. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар боллоо. Нутаг усныхаа нөмөр, уулсынхаа түшигт бэлгэшээн баярлаж байна. Сүхбаатар аймгийнхаа нийт малчид, Баяндэлгэр сумын Дөхөм багийнхан, ханьдаа, хүүхдүүддээ, төр ард түмэндээ баярлаж байна. Ханьдаа баярлаж байна гэж би яриад л байгаа, олон түмэн ойлгож байгаа гэж найдна. Энэ хүртэл зүтгэхэд дэргэдээ түшсэн ханийн буян асар их юм шүү.

-Ерөнхийлөгчийн гараас шагнал гардаж авах мөчид ямар сэтгэгдэл төрж байв. Манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Салбар салбартаа манлайлсан олон мундаг хүмүүсийн хамгийн дээр нь зогсоод, түрүүнд нь Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ гэдэг их хүндлэл. Төрийнхөө ийм сайхан хүндлэлийг яажшуухан дааж явна даа гэж бодож сууна. Төрийн тэргүүнээс шагналаа гардаж аваад, болдог сон бол аавдаа очоод үнсүүлэх сэн гэж бодогдож байсан даа. Хамгийн түрүүнд л бодогдсон бодол минь тэр. Аав минь бурхны оронд одоод олон жил өнгөрч байна. Миний аав аймгийн хошой аварга малчин байсан. Улсын аваргын болзлыг олон удаа биелүүлсэн. Гэвч тэр үед намын гишүүн хүн л шагналд тодорхойлогддог гачлантай байж. Тэгээд аавыг минь намын гишүүн биш гээд шагнаагүй юм гэнэ лээ.

-Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа таныг онцлон дурдсан. Тэгэхдээ Мал сүргээ өсгөн үржүүлж, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, туслах малчин ажиллуулж, нийтдээ гурван мянга гаруй толгой малыг малжуулахад өгсөн эрхэм гавьяатай хэмээн онцолж байсан?

-Малчин хүн өөрөө л болж байвал гэсэн сэтгэхүйтэй байж таарахгүй. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж үг бий. Хорь гаруй өрхийн 70 гаруй хүнийг туслах малчнаар ажиллуулж, 3000 гаруй толгой мал урамшуулал болгож малжуулахад өгсөн. Монголын малчин ард түмэн эрт дээр үеэс болж бүтэхээрээ амьдарч ирсэн. Тэр тусмаа манай Баяндэлгэрчүүд бол малч, хөдөлмөрч удмынхан. Төрийн тэргүүн манай нутгийн малч удмынхны магнайг тэнийлгэж, нүүдэлчин өв соёлоо тээж, өвлүүлж явааг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж энэ том шагналыг хүлээж авсан. Цаашид би ч, манай сумынхан ч хичээх л учиртай.

-Таны аав аймгийн хошой аварга малчин байсан гэж та түрүүн ярилаа. Мал маллах ухаанаасаа танд зааж сургасан байх. Хэдэн жил мал маллаж байна вэ?

-Таны хэлснээр аав минь аймгийн хошой аварга малчин байсан. Аав, ээж минь малч удмынхан. Аав минь надад мал маллах ухаан заасан багш. Үе дамжин мал маллаж байна даа. Бас Хөдөлмөрийн баатар Н.Дугаржав гэдэг хүн миний багш байгаа юм. Хар багаас малын захад хурга, ишиг хариулж, тугал бяруутай ноцолдож өссөн. Албан ёсоор гэвэл цэргийн алба хааж ирээд 1974 онд ханьтайгаа гэр бүл болж, 1980 онд нэгдлийн суурь хонь авч малласан. Түүнээс хойш 48 жил мал маллан амьдарч ирлээ. Манайх таван хүүхэдтэй. Таван хүүхдийн маань дөрөв нь хүү, нэг нь охин. Хоёр хүү маань аймгийн алдарт уяач. Хүүхдүүдээ малчин бол гэж зааж зөвлөөгүй. Өөрсдөө дэргэдээс харж суралцаж яваа байх. Би өөрөө аав, ээжээс арвуул. Том нь би. Дүү нар маань бүгд нутагтаа ажиллаж, амьдардаг малчид. Олонх нь мянгат малчин, үр хүүхдүүд нь ч гэсэн мал малладаг. Тэдэн дотор 2-3 мянган толгой мал маллаж байгаа айл цөөнгүй.

-Та мал маллах тал дээр хүүхдүүддээ юуг захиж, сургадаг вэ?

-Малчин хүн бэлчээр нутгаа хайрлах ёстой. Бэлчээрийнхээ даац, орон нутгийнхаа онцлогт тохируулж малаа өсгө гэж захидаг. Сүргийн бүтэц, тоо толгойг тохируулах хэрэгтэй. Хэтэрхий олон мал бэлчээр талхлаад хэцүү шүү дээ. Тиймээс тоог бус чанарт нь анхаарч таваарлаг болго гэж зөвлөдөг. Би өөрөө ийм л дүрмийг баримталж малаа малладаг. Мөн үр ач, зээ дунд минь спортод амжилттай яваа нь ч бий. Хүү Ч.Ганбаатар маань Ижилцэцэг, Ихэрцэцэг гэж ихэр охидтой. Ижилцэцэг маань жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Олон улсын тэмцээний гурван хүрэл, нэг мөнгөн медальтай тамирчин. Арванхоёрдугаар ангиа төгсөөд ҮБТДС-д суралцана гэж ярьдаг юм.

-Танайх хичнээн толгой малтай вэ?

-Манайх таван хошуу малтай, гэхдээ тэмээ нь цөөхөн. Хүүхдүүддээ тасалж өгөөд одоогоор 1000 гаруй толгой малтай. Малын тоо толгойг чухалчлаад өсгөөд байя гэж боддоггүй. Манай нутаг бэлчээр бага, хөрсний бүтэц эмзэг. Тийм болохоор бэлчээрийн даац, хүн хүчнийхээ боломжид тааруулж 800 гаруй бог, 200 гаруй бод малладаг.

-Малчин хүний жаргалын талаар ярилцъя гэж бодлоо. Монгол ахуй сайхан шүү дээ?

-Тийм ээ сайхан шүү. Хавар төлийн дуу цангинаж, төл бүрэн авах нэг сайхан. Хот дүүрэн ишиг, хурга тоглоод эсэн мэнд бойжих нь сайхан. Манай нутагт хурдан морь уядаггүй эр хүн гэж бараг үгүй. Би 1970-аад оноос хурдан морь уясан. Аймаг, сум, бүсийн наадмын 150 гаруй айраг, түрүүтэй. Бүл цөөн болохоор малаа орхиод улсын наадамд ирж уралдуулж чаддаггүй. Алтан-Овоо, Ширээтийн овоо, Дөхөмийн баян овоогоо шүтэж, нутаг уснаасаа холддоггүй.

-Өнөө цагт малчин хүний хөдөлмөрийн үнэлэмж сул байна гэж хараад байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Хязгаар нутагт мал маллаад аж амьдралаа сайн авч яваа, бусдадаа тус дэмтэй олон хүн бий. Тэдний хөдөлмөр зүтгэл үнэлэгдэхгүй өнгөрч байгаа нь анзаарагдаж л байх юм. Сайны хажуугаар саар гэгчээр залуучууд маань залхуу болсон, хонь, адуугаа мотоциклиор элдчихээд хээв нэг явах юм.

-Сүүлийн үед малчин ахуйгаасаа холдоод байна уу гэж бодогдох юм?

-Монгол өв уламжлалыг авч яваа малчид ахуйгаасаа холдож болохгүй. Сүүлийн үед үнээгээ саадаг айл ховордох нь. Тэр байтугай ийш, тийшээ хичнээн хоногоор яваад айл саахалтынхан руугаа “Манай хонийг гэр рүү зүглүүлээд дарчихаарай” гэж байгаа хүн ч бий. Залуу малчдын маань хандлага иймэрхүү болсонд эмзэглэдэг. Гэхдээ бүх залуу малчин ийм биш ээ. Зарим нь л гэхээс хавтгайдаа биш.

-Залуу малчдыг дэмжих бодлого хэрэгтэй гэлцдэг мөртлөө боловсролын салбарт хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд хамруулж байгаа нь малчин гэр бүлд хүндхэн тусч байна гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүүхдийг зургаан нас сургуульд хамруулж байгаад би шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Хүүхэд сургуульд орлоо гээд эхнэр нь жижиг гэр бариад сумын төв рүү нүүдэг. Нөхөр нь малаа хараад хөдөө үлддэг. Ганцаараа үлдсэн эр халуун хоол цай, халамж дутна. Хүйтэнд хөрч эрүүл мэндийн асуудал үүснэ. Тусдаа байгаа залуу гэр бүл салах явдал гарна. Эсвэл малаа аав, ээждээ өгөөд сумын төв рүү гэрээ аваад нүүнэ. Ингээд ажилгүй хүний тоог нэмдэг. Ядуурал нэмэгдлээ гэдэг ч үүнтэй холбоотой. Нөгөө талаар халамжийн бодлого нь эзнээ олохгүй байна. Малжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүллээ гэдэг цөөн малтай айл өөр хүний нэр дээр бүртгүүлээд тэр төсөл хөтөлбөрт нь хамрагдаад тусламж дэмжлэг аваад явдаг. Хөдөлмөрлөж амьдрахаас илүүтэй төрөөр тэжээлгэж амьдрах сонирхолтой хүмүүс олшроод байгаа учир төр бодлогоо нарийсгах ёстой байх.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *