Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өчигдөр хЗдхЯ-ны байранд боллоо.
хэлэлцүүлэгт хЗдх-ийн сайд х.Нямбаатар, ЦЕг-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа ч.чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор ү.содномцог нар илтгэл танилцуулсан юм.
2015 онд батлагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль нь бие даасан хууль гэхээсээ илүүтэй манай улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж буй 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль билээ. энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5.2 сая зөрчил шийдсэн байгаа бөгөөд нийт зөрчлийн 96 хувь нь замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой байжээ.
Зөрчлийн тухай хуульд орох өөрчлөлтийн талаар хЗдх-ийн сайд х.Нямбаатар тавьсан илтгэлдээ “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгана. Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулна. Мөн 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгаж, оногдуулах шийтгэлийн дээд, доод хязгаарыг тогтооно. Учир нь зөрчил үйлдэгчийн хувийн байдал болон тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан шийдвэрлэх хэрэгцээ үүсээд байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр зөрчлийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгааг хоёр хүн тутмын нэг нь шаарддаж байна. Тиймээс дараах байдлаар өөрчлөлт оруулна.
• Хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. хүний хамгийн том эрхэд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100,000 төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу. Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулж ирнэ.
• Шийтгэлийг тодорхой бичих бөгөөд зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал, зөрчил гаргахдаа гаргасан үйлдэл зэргийг харгалзан үзэж байж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна.
• Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал, Шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийдвэр гаргаж болох юм. Ингэснээр шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах юм.
• Торгууль, шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд шийтгэлийн төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулдаг эрх зүйн хөшүүргийг оруулна. Жишээ нь, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоон хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувиар бага торгууль төлөх хууль байдаг.
• Дийлэнх зөрчилд сануулдаг үе шатыг оруулна. Хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулаагүй нөхцөлд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах албан шаардлага өгдөг болно. Харин энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй бол торгууль, шийтгэл ногдуулдаг болох юм. Гэхдээ дөрвөн замын уулзвараар улаан гэрлээр гарч байгаа үед сануулах арга хэмжээ авах боломжгүй учраас зөрчлийн байдлаас хамаарч, тодорхой төрлийн зөрчилд шууд шийтгэл ногдуулах гэнэ.
Харин цЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Зөрчлийн тухай хуулиар оногдуулж буй шийтгэлийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бодож, иргэдийн хандлага руу чиглэсэн бодлого баримтлах нь чухал. Хувь хүн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа аль эсхүл улам мэлзэж, өөрийгөө өмгөөлж байгаа хоёр хүний хооронд хандлагын ялгаа бий. Энд төрөөс үзүүлж байгаа шийтгэл яагаад ялгаатай байж болохгүй гэж. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.
Мөн төрийн шалган шийдвэрлэх зарим эрх бүхий байгууллагад хүний нөөц дутагдаж байгаа учраас зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэргүүд харьяалагдаж ирээд байдаг. Гэхдээ үүнийг бид ачаалал нэмэгдлээ гэж хүлээж авдаггүй. Аливаа салбарт зөрчил үүссэн тохиолдолд салбарын дагнасан ур чадвар, мэдлэгтэй албан хаагч хэрэгтэй тул бид албан хаагчийг мэргэшүүлэх, дагнасан мэргэжилтнийг бэлтгэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажилд зарцуулах 281 сая төгрөгийн төсвийг боловсруулж, Сангийн яам руу илгээсэн. Энэ ажилд маш их зардал, цаг хугацаа зарцуулдаг. Албан хаагч өөрийнхөө халааснаас мөнгө гаргах үе ч тохиолддог. Нэг албан хаагчид төчнөөн хэрэг гэж тодорхой заасан норм байдаггүй. Гэхдээ ойролцоогоор нэг албан хаагчид 30-40 хэрэг хянан шийдвэрлэх үүрэг оногддог. Энийг багасгавал, ажлын үр дүнд эерэг өөрчлөлт гарах магадлал өндөр” хэмээв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавьсан илтгэлийнхээ үеэр “Хариуцлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрэлдүүлэх нь чухал байгаа талаар дурдсан.
Хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог “Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Энд “зөрчил” гэдэг ойлголтыг маш ерөнхий байдлаар тодорхойлсон байсан. Шинэ зөрчлийн хуулиар яг ийм үйлдлийг ийм зөрчилд тооцно гэж нэг бүрчлэн тодорхой болгож өгсөн. Хариуцлагын нэгдсэн тогтолцоо гэдэг нь ямар ч зөрчлийг шалгасан тухайн эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг хангасан нэг процессоор явахыг хэлж байгаа юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагаас мултрах боломжгүй байхаар зохицуулна гэсэн санаа. Заавал хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхдээ энэ үйлдлийг давтан гаргах боломжгүй байхуйцаар зааж зөвлөж, зөрчлийн тоог бууруулахад анхаарна гэсэн утгатай” хэмээлээ.
Тэрбээр “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт ба прокурорын хяналт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хуулийн хэрэгжилтийн практик ахиц дэвшлийн тухай ярьсан юм. Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог хэлэхдээ “Зөрчлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдэж, эрх бүхий албан тушаалтан нэгдсэн стандартын дагуу зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлж хэвшсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих бие даасан бүтэц прокурор ажиллах болсон. Мөн төрийн нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулалт сайжирсан давуу талтай байна” хэмээсэн юм.