Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол одоогоор байхгүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Гал түймэр гарч байгаа тохиолдлын 36 хувь нь халуун үнс нурмаа ил задгай хаяснаас улбаатай байна. Мөн гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг угаар мэдрэгчээр бүрэн хангасан. Түүнчлэн эвдэрсэн бол нэг удаа үнэ төлбөргүй завсарлаж өгч байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг байнга шалгаж, ажиллуулах хэрэгтэй. Угаарын хийд хордсон тухай дуудлагын 80 орчим хувийг гэрт амьдардаг иргэдээс ирдэг.

Гол шалтгаан нь өрхөө бүтээх, яндангаа хөөлөхгүй байх, зайг нь салгах, их дуу чимээ гарч байна гэж унтраах зэрэг юм. Мөн согтууруулах ундаа хэрэглэснээс биеийн байдал нь тавгүйрхсэн иргэд угаарын хийд хордсон гэж дуудлага өгөх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь нийт дуудлагын 30 орчим хувийг эзэлж байна. Энэ тохиолдолд хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал учраас түргэн тусламж тэр бүр шуурхай очдоггүй.

Харин угаарын хийн дуудлага өгөхөд маш хурдан очдог учраас иргэд худал мэдээлэл өгч төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулах нь цөөнгүй байна. Одоогийн байдлаар угаарын хийд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол байхгүй. Гэр, байшингийн дээврээс яндан 60-80 сантиметр өндөр байх ёстой. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, зам харгуйд гулгаа үүсэн зорчиход саад учирч буй тул иргэд алсын замд явахдаа цаг агаарын мэдээг сайтар анхаарч сонсох чухал” гэлээ.

Нийслэл хотын хэмжээнд 250 орчим түлш борлуулах цэг бий. Түлшний хомсдол үүссэн асуудал гараагүй. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оныхоос сайжирсан үзүүлэлттэй байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлснийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *