УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яагаад улс төрийг сонгох болов гэдгээр хоёулаа яриагаа эхэлье. Та МУИС-д өөрийн байр сууриа олчихсон, ирээдүйтэй багш хүн гэж үнэлэгддэг. Гэтэл улс төр гэдэг хатуу тоглоомд яагаад орох болов. Ирэх дөрвөн жилд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Би Япон улсад эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж ирээд урилгаар МУИС-д орсон. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд энэ сургуулийнхаа багшаас эхлээд дэд захирал хүртэлх бүхий л албан тушаалыг хашсан. Энэ хугацаанд үе үеийн удирдлагууд, хамт олонтойгоо хамтарч МУИС-ийн шинэчлэлийг багагүй хугацаанд ихээхэн үр дүнтэй хийсэн.Тухайлбал, бүтэц, хөтөлбөр, үйл ажиллагааны шинэчлэл, мэдээллийн технологийн сайжруулалт зэрэг олон түвшинд ажиллаж, чанаржуулсан. Манай сургууль 21 аймаг есөн дүүргээс жил бүр 3000-3500 орчим хүүхэд элсүүлж авдаг. Бидний зорилго сайн оюутнууд элсүүлж, үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Гэтэл ийм боловсон хүчнийг бэлтгэх гэхээр миний эрх мэдэл МУИС-иар хязгаарлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, есөн дүүргийн ЕБС-д нөлөөлөх боломжгүй. Тиймээс орон нутаг болоод хотын захад байгаа хүүхдүүдийн сургалтын чанарт анхаарах, боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор улс төрийг сонирхсон. Мөн арав гаруй жил боловсролын чиглэлээр ажилласан, хоёр улсад дээд боловсрол эзэмшсэн хүний хувьд иргэдийн дуу хоолой болж үүнийхээ төлөө зүтгэе гэж зорьсон.
-Зарим гишүүд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ЕБС-ийн чанар сайжирна гэж үзэж байгаа. Та үүний эсрэг байр суурьтай байна гэж ойлгосон?
-Миний хувьд Үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна. 1921 онд анхны ЕБС Монголд байгуулагдаж байлаа. Тухайн үед хойд хөршөөс тусламж авч боловсролын суурь тогтолцоогоо бий болгож байсан.
Аливаа улс орон хүнд хэцүү үедээ өөрөөсөө илүү хөгжилтэй улсаас тусламж авч боловсролын тогтолцоогоо бий болгодог. Яваандаа өөрийн үндэсний боловсролын систем болгож өөрчилдөг. Тухайлбал, Япон Улсын жишээг дурдъя л даа. Дэлхийн II дайны дараа Япон улс маш хүнд байдалтай байсан. Тухайн үед АНУ-д багш нараа бэлтгэж, сургалтын суурь тогтолцоогоо бүрдүүлсэн. Дараагаар нь өөрийн улсын сургалтын системийг бий болгосон. Өнөө үед Япон Улсын иргэд ихэвчлэн өөрийн сургуульд элсэж, чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Харвардын ч юм уу дэлхийн бусад нэр хүндтэй сургуульд зорьж орох нь цөөхөн байдаг. Манай улсад Боловсролын сайд солигдох бүрд ЕБС-ийн хөтөлбөрийг сольсоор өдийг хүрлээ. Ингэж хүүхдүүдийн сурч, мэдэх зүйлээр тоглож болохгүй. Боловсролын салбар маш эмзэг шүү дээ. Гэтэл дахиж өөрчилж Английн системээс авна гээд байна. Бид байнга хэн нэгнээс хараат, бусдыг дуурайгч байх уу, эсвэл өөрсдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үү гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Би өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Сургалтын төвийн зээлээр дамжуулж маш олон боловсон хүчин бэлдлээ шүү дээ. Тиймээс өөрсдийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлээд боловсролын дархлаагаа бэхжүүлэх цаг нь болсон. Түүнчлэн дотоодын их дээд сургуульдаа дээд боловсрол эзэмших боломж байна шүү дээ. МУИС-д бакалавр эзэмшээд Google компанид ажиллаж байгаа хүн ч байна. Энэ чинь л манай боловсрол гологдохгүй байна гэсэн үг. Ийм байтал яагаад үнэтэй Кембрижийн хөтөлбөрийг авч ирэх гээд байгаа юм. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийн нэг нь л өөрийн гэсэн байртай. Мөн тэдгээр сургуулиуд хөтөлбөрөө ч 100 хувь нэвтрүүлж чадаагүй байна. Ийм байхад нэмээд яаж 10 хувьд хүргэх юм бэ. Бидэнд эдийн засаг, хүний нөөцийн боломж алга. Математик, хими, физикийн хичээлийг монгол хэлээр заачхаад дахин англи хэлээр заах олон багш хаана байна. Кембрижийн хөтөлбөрт шилжихэд энэ мэтээр бидэнд боломж бололцоо алга. Хамгийн гол нь үндэсний аюулгүй байдлаа бодож, үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж л үндэсний дархлаа илүү сайжруулна. Үүнээс гадна хамаг нөөц бололцоогоо шавхаад ЕБС-ийн 10 хувьд нь л Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлчих юм бол үлдсэн 90 хувьд нь яах юм. Боловсролын ялгаа, заагийг улам нэмэгдүүлэх юм уу.
-Манай улсын их, дээд сургуулиудын боловсролын чанарын асуудал хөндөгдсөөр өдийг хүрсэн. Цөөлж чанаржуулах талаар өмнөх сайдууд ярьж байсан удаатай?
-1990 онд хувийн их, дээд сургууль байгуулж болохоор хуульчилсан. Тухайн үед их сургуулийн багш нар дээд боловсролын сургууль олноор байгуулсан ч зах зээлийн шалгуурт хаагдсаар 90 орчим нь л үйл ажиллагаагаа явуулж байна. Энд шаардлага хангахгүй хувийн сургуулиуд их байна. Хөтөлбөр нь чанаргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, янз бүрийн хичээл нийлүүлээд орчихдог, багш нь шаардлага хангадаггүй гэх мэт асуудал ихтэй. Өөрөө шаардлага хангаагүй байж бусдын хүүхдүүдэд шаардлага хангахгүй сертификат олгож, эдийн засаг, амьдралаар нь тоглож байна. Үүнээс үүдэж чанаргүй боловсон хүчин бий болж байна шүү дээ. Энэ мэтээр бид хойч үеийнхээ сайхан амьдрах боломжийг хуурч, хулгайлж болохгүй. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур стандартуудыг сайжруулах ёстой. Стандартад нийцээгүй сургуулиудын үйл ажиллагааг зогсоодог байх ёстой.
-Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн сургалтын чанар, боловсон хүчин нь хэр чадамжтай байдаг вэ?
-Их, дээд сургуулиудыг бүсчилж орон нутагт руу тэлэх хэрэгтэй. Баруун, зүүн, төвийн гэх мэтээр бүсчилж тухайн бүсийн аж үйлдвэртэй уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй юм. Жишээлбэл, баруун бүсийг аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэвэл тэр чиглэлийн боловсон хүчнийг бэлддэг байдлаар, аймаг бүрд нэг их сургууль бус бүс бүрд нэг их сургууль байхаар зохион байгуулах шаардлагатай.
-УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг арван чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Таны хувьд тусгай хэрэгцээтэй иргэдийн асуудлыг дааж авсан байна лээ. Энд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийх вэ?
-Тусгай хэрэгцээтэй иргэдийн асуудлыг ярихдаа зөвхөн хотыг яриад байдаг. Гэтэл орон нутагт төрмөл болон олдмол байдлаар тусгай хэрэгцээтэй болсон иргэдийн асуудал бүр хүнд байна. Орон нутагт зам битгий хэл цэцэрлэг, сургууль байдаггүй. Тиймээс орон нутагт сурах, ажиллах боломжийг бий болгох үүднээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Үүнээс гадна хүн ам ихтэй сумуудыг бүсчилж тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэхийн тулд зорьж ажиллана.
-Сэлэнгэ аймгаас Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор та гурав УИХ-ын гишүүнээр ажиллах боломжийг өвөртөлсөн. Ж.Эрдэнэбат гишүүн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонсоод байна. Энэ нь нэг талаараа Сэлэнгэчүүд төлөөлүүлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүйд хүрлээ. Дахин сонгууль энд яригдах уу?
-Ж.Эрдэнэбат гишүүний давж заалдах шүүх ажиллагаа үргэлжилж байгаа. Давж заалдах шүүхийн тов нь зарлагдаагүй байна. Үүний дараа шийдэгдэнэ.
Р.ХИШИГЖАРГАЛ