Categories
мэдээ цаг-үе

Б.Даш-Яндаг: Төрийн мэдлийн эмнэлгүүдэд ус, цахилгаан, дулааны асуудлыг боддог дарга бараг байхгүй дээ

Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндагтай ярилцлаа.


-“Баянзүрх” эмнэлэг 1997 онд уиХ, Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн салбарт анх удаа менежмэнтийн хувьчлалаар хувьчлагдсан. Хагас бие даасан буюу автономит байгууллагыг удирдахад чухам юу анзаарагдав?

-Эрүүл мэндийн салбараас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, соёлын салбараас Хүүхэд залуучуудын театрт менежмэнтийн хувьчлалыг туршилтаар 23 жилийн өмнө хийсэн. Харин боловсролын салбарт Санхүү эдийн засгийн их сургуульд хувьчлал явагдсан юм. Баянзүрх эмнэлгийн хувьд таван жил туршилтаар явж, 2005 онд жинхэнэ хувьчлал болсон. Тэгэхээр туршилт нь үр дүнтэй болсон учраас анх удаа хувьчилсан. ерөөс менежмэнтийн хувьчлал гэдэг бол үйл ажиллагааны бие даасан байдал юм. Ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр ажлын чанар сайжирна. Эмнэлгийн 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалаар, үлдсэн хувь нь өөрийн орлогоор явдаг. Менежмэнтийн хувьчлал гэдэг нь төр өмчөө худалдаж байгаа гэсэн үг. Түүнээс биш үнэгүй авна гэсэн ойлголт огт байхгүй.

-Энэхүү менежмэнтийн хувьчлалыг хийхэд эрх зүйн орчин бүрдсэн болов уу?

-Тухайн үед нийгмийн салбарыг хэрхэн хувьчлах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Ингээд төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд “нийгмийн салбарыг хувьчилж болно” гэсэн заалт орж, асуудал шийдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хөрөнгийг хувьчилж, 900 гаруй сая төгрөгийн үнэтэй байгууллагыг худалдаж авсан. Тэгэхдээ ямар журмаар ажиллах гэрээг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай байгуулсан юм.

-“менежмэнтийн хувьчлал” эмнэлэгт үр өгөөжөө өгсөн үү?

-Хамгийн гол асуудал нь санхүүжилт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, эхний гурван жил төрөөс авах санхүүжилтээ бага багаар бууруулаад явсан. Тухайлбал, Бид анх Баянзүрх эмнэлгийг авахад бүх хөрөнгө нь нийлээд 970 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байлаа. Энэ мөнгийг төлөөд өмч хувьд болсон үйл ажиллагаа юм.

-Улсын эмнэлгүүдийг “Менежмэнтийн хувьчлал”-тай болгоё гэсэн бодлого төрд байх шиг?

-Одоо Эрүүл мэндийн яамны хийх гэж буй энэ ажил ямар бүтцээр явахыг мэдэхгүй. Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх гэж байгаа бодлого зөв шүү дээ. Ерөөс хувийн удирдлагатай байна гэсэн бодлого явж байгаа болов уу. Энэ эмнэлгийг аваад төсөв мөнгөнд нь тааруулаад яв, үүндээ багтаагаад юугаа хийх нь чөлөөтэй гэсэн санаа гэж хувьдаа ойлгосон. Өөрөөр хэлбэл, Төрийн өмнөөс хяналт тавихын тулд удирдах зөвлөлийг ажиллуулах ёстой. Ингэснээр удирдах зөвлөл байгууллагын дотоод асуудлыг зохицуулна. Менежмэнт гэдэг хамгийн гол нь санхүү, үйл ажиллагааны төлөвлөлтийг яаж хийх юм бэ гэдгээс эхэлдэг. Тухайн төлөвлөлт тохиромжгүй байвал буруу замаар будаа тээнэ.

-Та Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт менежмэнтийн хувьчлал хийхэд ахалж ажилласан.Тэгвэл хувьчлалын давуу болон сул талыг олж харав уу?

-Тэр хэний өмч байх нь сонин биш, гагцхүү тухайн өмч дээр суурилж эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн дээшлүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг яаж үзүүлэх, жилд орох орлогоо юунд зарцуулах гэх мэтчилэн зүйлд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь удирдлага ямар арга барилаар ажиллах нь чухал. Жишээлбэл, Улсын байгууллагууд өдрийн цагаар бүх л гэрэл чийдэнгээ асаалттай байлгадаг жишээ бий. Тэгвэл менежмэнтийн хувьчлалд, цахилгааныг хэрхэн хэмнэх, ямар гэрэл тавибал ашигтай болох зэргийг бодно. Удирдах зөвлөл аль болох арвилж гамнах, зүй зохистой зарцуулах асуудал руу гарцаагүй явна. Би 23 жилийн турш “хувьчлалын менежмэнт”-ээс ямарч сул тал олж хараагүй. Өөрөөр хэлбэл, сул талаа яаж сайжруулах тухай бодоход юу ч харагдахгүй байна шүү дээ. Гарц хайхгүйгээр урагш хөгжих боломжгүй, асуудалтай тулгарахад тэрийг заавал шийдэх ёстой шүү дээ. Хэрэв хойш тавиад байвал асуудал даамжирсаар нэг л өдөр унаад өгч мэднэ. Хамгийн гол нь өрсөлдөөнд ялгарч гарах нь чухал. Ер нь аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд нэлээд хоцрогдсон байдаг. Тэгвэл манайд улсын эмнэлгээс давсан зүйлс ч бий. Эмч ажилчид маань мэдлэг мэргэжлээр хамаагүй илүү боловсорч байгаа.

-Тэгвэл удирдлагын бодлого, шийдвэрээс үүдэн тухайн байгууллагын хөгжил тодорхойлогдох нь ээ?

-Эрүүл мэндийн даатгалыг зөв зохистой зарцуулах, өөрийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэг бодлогоор явж байгаа юм. Хүмүүсийг яаж цалинжуулах, хэдэн орон тоотой байх, урсгал зардлыг яаж хэмнэх гэх мэтийг өөрсдөө шийднэ. Төрийн мэдлийн эмнэлгүүдэд хүйтэн халуун ус, цахилгаан дулааныг боддог дарга бараг байхгүй дээ. Төрөөс даадаг юм чинь байж л байна гэсэн үзэлтэй. Тэгвэл менежмэнтийн хувьчлал энэ бүхнийг хэмнэх давуу талтай юм. Жишээ нь, Эмнэлэгт хар цаасан уутнаас эхлүүлээд халдвар хамгааллын өдий төдий олон юм шаардагддаг. Энэ бүгдийг хаанаас авах, нийлүүлэгч нь хэн байх вэ гэх мэтчилэн байгуулагын дотоод бодлогыг бодно гэсэн үг.

-Тэгэхээр хувьчлалын менежмэнт нь дотоод үйл ажиллагаанд ахиц дэвшлийг авчрах боломжтой гэсэн үг үү?

-Баянзүрх дүүргийн эмнэлэг маань дотооддоо олон төрлийн менежмэнтийн арга хэлбэрийг ашигласан. Эмч ажилчдын цалин улсынхаас бага байвал энэ эмнэлэгт хүн тогтохгүй биз дээ. Тиймээс тэднээс илүү байлгахын тулд гүйцэтгэлийн менежмэнтийг хийгээд эхэлдэг. Ерөөс аливаа ажлыг зохион байгуулахдаа зөв төлөвлөж хяналт үнэлгээ хийх нь чухал. Мөн удирдагчдын манлайлал нэн чухалд тооцогдоно. Миний хувьд Баянзүрх дүүргийн эмнэлгийн стратегийн түвшний менежерийг хийж байсан. Дараагийн шатанд, гүйцэтгэх менежер, эмч ажилчид гэсэн нийт гурван түвшинд төлөвлөлт хийгддэг. Ингэж удирдлагын түвшинд өөр өөр бүтэц бий болгож явна. Мөн хөндлөнгийн хяналтын баг, инновацийн баг ажиллана. Жишээ нь, ямар технологи нэвтрүүлэхийг инновацийн зөвлөлөөр ороод шийдэх юм.

-Хагас бие даасан хэлбэртэй гэхээр улсын болон хувийн хэвшилд аль алинд нь хамаарна гэж ойлголоо?

-Улсын үйлчилгээг ч үзүүлнэ. Цэвэр хувийн үйлчилгээ үзүүлбэл Баянзүрх дүүргийн 380 мянган хүн яах вэ, хаана үзүүлэх вэ гэдэг асуудал гарч, зөрчил үүснэ. Цэвэр бид нар хувьчилж авсан юмаа цаашдаа хөгжүүлнэ гэвэл хэцүү. Энэ дүүргийн ганц эмнэлэг нь юм шүү дээ. Тус дүүрэгт менежмэнтийн хувьчлал хийгдэх үед 110 мянга гаруй хүн амтай байсан. Харин одоо хүн амын тоо гурав дахин нэмэгдсэн байгаа биз. Тэгэхээр эмнэлэг ороо нэмэгдүүлэх, байшингаа өргөтгөх шардлагатай болж буй.

-Ард иргэдийн дунд улсын эмнэлэг гэхээр л ачаалал, дараалалтай гэх яриа өрнөдөг. Тэгэхээр энэ асуудлыг менежмэнтийн хүрээнд шийдэж болох нь ээ?

-Хүнд хүлээлт үүсгэлгүй хамгийн сайн үйлчилгээг эмнэлэг л үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн салбарт үйлчилгээний менежмэнт дутагддаг. Ерөөс эрүүл мэндийн салбарын ажлын 80-90 хувь нь үйлчилгээн дээр тогтоно. Тэгэхээр хүнтэй хэрхэн мэндлэх, оочер дугаарыг яаж багасгах, чирэгдлийг бууруулах арга замыг эрэлхийлэхэд хувийн менежмэнтийн ач холбогдол оршино. Тиймээс энэ менежмэнтийг мэдэрсэн удирдлагатай байх ёстой. Аливаа үйлчилгээ харилцаа, хандлага, сахилга батаас эхэлнэ. Харамсалтай нь эмнэлгийн салбарт үйлчилгээний менежмэнт сул байна. Нэг үйлчлүүлэгчид сайн хандвал араас нь зургаан үйлчлүүлэгч ирдэг гэсэн судалгаа хүртэл бий. Харин хувийн эмнэлэг аль болохоор олон хүнд үйлчлэхийг хичээдэг. Магадгүй үүгээрээ энэ хоёр ялгаатай. Улсын эмнэлэг ачаалал ихтэй, маргааш нөгөөдөр ир гэдэг ч юм уу, цаашаа хүлээж бай гээд л суугаад байна. Тухайлбал, манайх эмчилгээ үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй ахиулах гэсэн бодлоготой.

-Эмнэлгийн салбарт “менежмэнтийн хувьчлал” үр өгөөжөө хэрхэн өгсөн бэ?

-Улсын эмнэлэг ачаалал ихтэйдээ биш, хамгийн гол нь эмч өдөрт 20-25 хүнийг үзэх ёстой гэж заасанд гол учир байдаг. Тэнд гүйцэтгэлээр нь цалин олгодог систем алга. Харин манай эмнэлэгт илүү олон өвчтөнийг үзвэл урамшуулна гэсэн системтэйгээр 20 гаруй жил явж байна. Ингэснээр үр бүтээмжтэй ажиллаж, үйлчилгээ, эмчилгээ, оношилгоо сайжирч байна.

-Тэгвэл энэ тал дээр шийдвэрлэх асуудал нь юу байна?

-Байгууллага хагас бие даахад банкны зээлийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Гагцхүү энд банкны зээл авах боломж нээгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, автономит болгоход хууль эрх зүйн хүрээнд банкнаас зээл авах эрхийг нь нээж өгөх ёстой. Хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлж өгөхгүй бол зөрчил үүсэх эрсдэлтэй.

-Эмч ажилчдынхаа цалин, урамшууллыг хэрхэн шийдсэн бэ?

-Нэн түрүүнд ажилчдын сэтгэл ханамж. Хоёрдугаарт, авч байгаа мөнгө юм. Жишээлбэл, тэтгэвэрт гарахад сүүлийн таван жилийн цалинг 20 хувь нэмдэг. Манайд хамгийн дээд хэмжээ гэхэд сард нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэгэхээр хүмүүс ажиллахыг хүснэ биз. Төр цалинг 5-10 хувиар нэмдэг бол бид 20 хувиар нэмнэ шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *