Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын гишүүд Улаанбаатарыг устгаж Хархоринд нийслэл сүндэрлүүлнэ гэж хөөрцөглөж байна

Хэдхэн өдрийн өмнө болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг батлаатхав. Энэ засгийн өнгөнд Монгол гэдэг улсын урагшилж хөгжих замын зураг гэдэг утгаараа сая хэлэлцэж баталсан хоёр асуудал амин чухал уу гэвэл чухал. Гэхдээ мөрийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөөг анзаарч ажих нь ээ хэд хэдэн асуудал байна аа. Гишүүн бүрийн тойрогтоо оноо авах гэж зохиосон мөрөөдлийн жагсаалтыг эгнүүлж өрөөд баталчих шиг боллоо. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, ноолуурын салбарыг дэлхийд гаргана энэ тэр гээд гучин жил ярьсан лоозонгуудаа өөдрөг гоё тоогоор хачирлаад шигтгэчихсэн ч байх шиг. Эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө ямар ч юм болоод, холион бантан болчихов, бүү мэд. Хэлэлцүүлгээс нь анзаарахад тэр гээд өлгөөд авахаар аятай санаа лав харагдсангүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050”-ийг хачин сайхан боллоо гэж мэдээлж, ярьсныг санаж байна. Тогтож уншаад үзэхээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас ялгаагүй байх жишээний. Шуудхан хэлэхэд юунд фокуслаж, яаж хөгжих чиг замгүй хөгжлийн бодлогууд л шил дараалан батлагдаж байна. Хөтөлбөрүүд доторх заалтууд жигтэйхэн өөдрөг. Тэр уурхайг тэгж хөдөлгөнө, энэ салбарыг ингэж өөд нь татна, ийм тийм үйлдвэр барина, мэдээллийн технологийг дэлхийн түвшинд хөгжүүлнэ… Хүслийн жагсаалт энэ мэтээр цааш үргэлжилнэ. Ингэж хөгжих зам чиг нь, технологи мөнгө нь, хөрөнгө оруулалт нь хаана байна вэ гээд хайхаар барих баримжаа, хариулах эзэн олдохгүйд л хамаг учир нь байна.

Боловсрол, эрүүл мэнд, банк санхүү гээд хэд хэдэн салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийж байж мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийтэй зэрэгцэнэ, хүсээд, мөрөөдөөд яваа үйлдвэрлэлээ дажгүй хөгжүүлнэ. Ганц энэ удаагийн засаг ч биш үе үеийн Засгийн газар, УИХ-ын алдаа л даа, хөгжлөө буруу төлөвлөдөг хэнэггүй хандлага. 1990 онд бидэнтэй ижил түвшинд, нэг гараанаас эхэлсэн Зүүн Европын улсууд өнөөдөр хол тасархай хөгжчихсөн. Болгар гэхэд л цойлчихлоо, Албани хүртэл гялалзаж байна. Шалтгааныг нь олох гэж хөмсгөө атируулах шаардлагагүй. Хөгжлийн зөв бодлогоор явж байгаа учраас тэд биднээс хол тасархай хөгжсөн хэрэг. Манайхны гол алдаа юу гээч. Засаг солигдох бүрд өмнөхөө үгүйсгэдэг, гэсэн хэрнээ үгүйсгэж гарч ирсэн нь реформ хийдэггүй. Ийм цикл яг л чөтгөрийн тойрог шиг эргэлдэж байгаа нь хэнд ч ил үнэн л дээ. Дахиад хэлэхэд, энэ удаагийн эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд ч өмнөх төлөвлөгөөнүүдээсээ ялгараад байх юм анзаарагдсангүй. Хөгжих зам нь тодорхой биш, галзуу хүний өдрийн тэмдэгдэл шиг зүйл л УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна.

Хатуухан хэлэхэд ямар ч судалгаа, төлөвлөгөө алга. Хуучин нийгмийн үед улсаа хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гэж гаргадаг байлаа. Манай эрх баригчид тэр жишгээр ажиллах гэж байгаа бололтой юмдагуу даа. Гэхдээ нэг зүйлийг анзаарахгүй байх шиг. Тэр үед Улсын төлөвлөгөөний комисс гэж аварга бүтэц байсныг. 200, 300 шижигнэсэн эрдэмтэнтэй, таван жилийн төлөвлөгөө гаргах гэж дөрөв, таван жил судалж, тооцож, цаг наргүй ажилладаг яамнаас ч том газар байсныг хуучцуул андахгүй. Хэдэн арван жилийн судалгааны архивтай, олон жилийн судалгаандаа анализ хийгээд мэргэшчихсэн судлаач, эрдэмтэдтэй төлөвлөгөөний комисс шиг бүтцийг Монгол Улс лав л өнөөдрийг хүртэл байгуулаагүй аж төрж яваа. УИХ-ын 76 гишүүн нь хоёрхон долоо хоногийн дотор ярьж байгаад хөгжлийн таван жилийн төлөвлөгөө хийчихээр ямар юм гарах нь тодорхой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм гарахаас яахав.

Манай гишүүдийн хийрхлийн оргил нь шинэ нийслэл байгуулах солиорол боллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангайн Хархоринд шинэ нийслэлийг байгуулна гэж хачин тод дуугарав. Өнгөц харж, шууд дүгнэх нэгэнд бол мань эр бүлгийн даргынхаа нэр хүндийг ашиглаж сонгогдсон тойрогтоо шинэ нийслэл байгуулах гээд байна уу гэж хардаж сэрдэхээр улайрч суух юм. Чуулганы танхимд Улаанбаатарыг нийслэл байлгахаа больё, Хархорин руу л нийслэлээ нүүлгэе гэсэн халуухан яриа, хэлэлцүүлэг өрнөөд авна лээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2050-д тийм заалт байхгүй” гэж тайлбарлаад хүчрэхгүй байгаа бололтой харагдсан. Л.Оюун-Эрдэнэ сайдын “Таван жилийн дотор хот байтугай сум барьж ч амжихгүй” гэсэн утгатай тайлбар харин чуулганы танхимд өрнөсөн утга учраар маруухан солиорол дунд сүрхий эрүүл сонсогдсон шүү. УИХ-ын гишүүд нь ийм байхад улс орон яаж хөгжих вэ дээ гэсэн бодолтойгоор л чуулганы хуралдааныг харж суулаа. Ямар ч төлөвлөгөө, судалгаа, тооцоо, балансгүй шууд л нийслэлээ нүүлгэнэ гэж ярьж манаргана гэж юу байхав дээ. Эрүүл хандлагатай дуугарсан гишүүдийн нэг нь хотын дарга байсан С.Амарсайхан. С.Амарсайхан гишүүн “Наадах чинь ноцтой асуудал шүү. Энд ярьж болохгүй. Орхоны хөндий чинь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар. Тэгээд ч усны нөөц муутай” гэж байр сууриа илэрхийлнэ лээ. Улсын нийслэл Улаанбаатар хотын статусыг устгаад, хамаг гол үйлчилгээ, бизнесийг нь хаагаад Орхоны хөндий рүү нүүлгэчихвэл Д.Тогтохсүрэн гишүүнд л оноо болж мэдэх юм. Жаахан егөөдөөд хэлэхэд тойргийнхон нь “Манай гишүүн сүрхий юм аа, тойрогтоо улсын нийслэлийг нүүлгээд ирлээ шүү дээ” гэж бахдаад мань эрийг насан туршид нь УИХ-ын гишүүнээр сонгож л магадгүй. Чуулганы тэр хэлэлцүүлгийг сонирхож суухдаа ганц хүнийг гишүүн болгохын тулд нийслэлээ сүйтгүүлж, улсаараа дампуурах уу гэж асуумаар санагдсанаа УИХ-ын гишүүдэд дайя. Гэнэн, гоомой гэхэд хэтэрсэн ийм элдэв санаа гаргаж, тааз ширтэж суугаад бодож олсон болхи санаагаа УИХ-ын чуулганы танхимд нотлох гэж улайрч, бүхэл бүтэн улсын хөгжлийн төлөвлөгөөнд наалдуулах гэж зүтгэмээргүй байна, гишүүд ээ. Эрхэм гишүүний улайрал нь ажил болж Хархоринд нийслэлээ байгууллаа гэж гөрдөж төсөөлье. Юуны түрүүнд манай УИХ Үндсэн хуулиа зөрчих асуудалтай нүүр тулна. Улаанбаатар бол улсын нийслэл гэсэн тов тодорхой өгүүлбэр Үндсэн хуульд дурайж байгаа. УИХ-ын гишүүд нь ядах нь ээ л Үндсэн хууль илт зөрчсөн зүйл яриад суумгүй байна. Монгол тусгаар улс хэвээр оршиж буй цагт Улаанбаатар улсын нийслэл хэвээр байна. Улаанбаатарыг нүүлгэнэ, шилжүүлнэ гэсэн санаа ганц энэ УИХ-ын үед сөхөгдөж байгаа юм биш л дээ. Өмнө нь хэд хэдэн улстөрч сөхөж байсан хуучин сэдэв. Ингэж ярьж, дуугарсан нь их улс төрөөс сураггүй арчигдсан байдаг нь бас л бодитой баримттай үнэн л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *