Categories
мэдээ цаг-үе

Г.Бумчимэг: Эдийн засаг дахь гол хүндрэлүүд ирэх оноос тохиож болзошгүй

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголбанкинд эдийн засгийн төсөөллийн судалгаан дээр 10 гаруй жил ажилласан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөж байсан юм.


-Эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх хамгийн сүүлийн тоон мэдээллүүдээс танилцуулахгүй юу?

-Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр хагас жилд 9.7 хувиар агшсан байгаа. Үүнд уул уурхайн салбар 30 хувиар унасан нь голлон нөлөөлсөн. Үүний хажуугаар үйлчилгээ, худалдааны салбарууд нэлээн унажээ. Хөрөнгө оруулалтууд үлэмж хэмжээгээр багассан байна. Гэхдээ Засгийн газраас уналтыг намжаах арга хэмжээнүүд авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах, хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг арга хэмжээнүүдийн нөлөөгөөр өрхийн хэрэглээ 5.8 хувийн өсөлттэй гарлаа. Тэгэхээр иргэдийн амьдралд хямралын нөлөө харьцангуй бага харагдаж байна. 2009, 2016, 2017 оны хүндрэлийн үед өрхийн хэрэглээ нэлээд буурч байсан. Гэхдээ энэ онд өрхийн хэрэглээ өссөн ч үүнийг санхүүжүүлж буй төсөв маань ирэх онуудад бас ийм байж чадах уу гэсэн асуулт байна. Чадахгүй болов уу. Яагаад гэвэл төсөв маш өндөр алдагдалтай байна.

-Төсвийн алдагдал таван их наяд руу дөхөх нь ээ. Алдагдлыг санхүүжүүлэх боломж бий юү?

-Төсвийн тодотголын тухайд зардлаа нэмсэн. Орлого маш ихээр тасарч байгаа. Алдагдлыг санхүүжүүлэх төлөвлөгөөнүүд бодитой биш байна. Тухайлбал, гадаадын зээл тусламжаар 1.6 их наяд төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн. Гэтэл үүний хэд нь биелэх боломжтой вэ. Одоогоор хэлэлцээр хийж, гарын үсэг зурахад бэлэн болсон, оноос өмнө мөнгө орж ирэх нь хэд байна вэ гэхээр их эргэлзээтэй байна. Дээрээс нь дотоодод үнэт цаас гаргана гэсэн. Гэтэл энэ нь хувийн хөрөнгө оруулалтыг шахаад Засгийн газар мөнгө зээлж байна гэсэн үг. Тэгэхээр зээл ховордож, хүү өсөх эрсдэлийг бий болгохоор байна. Тиймээс алдагдлаа юугаар санхүүжүүлж байгаа нь ихээхэн чухал. Дээрээс нь Монголбанктай зөвшилцөж, эрүүл мэндийн даатгалын сан, ахмадын зээлийг чөлөөлсөнтэй холбоотойгоор арилжааны банкуудад байршсан хөрөнгийг чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд авна гэж байна. Энэ нь дотоод эх үүсвэрийг хумьж өгнө. Ийм хортой үр нөлөөллүүд харагдаж байгаа учир төсвийн тодотголыг санхүүжүүлэх бололцоотой эсэх нь эргэлзээтэй байна. Дээрээс нь орлого ихээр буурч байна. Энэ бууралтыг сааруулахын тулд зарим төрийн өмчит компаниудаас татварын урьдчилгаа авна гэжээ. Ингээд баахан өр тавьчихдаг. Гэтэл дараа жил эдийн засаг ямар байхыг мэдэхгүй. Шокийн эх үүсвэр нь намжаагүй байна. Цар тахал ямар хугацаанд үргэлжлэх, дахин давлагаа үүсэх эсэхийг урьдчилж тооцох боломжгүй. Ядаж вакцин гараагүй байна. Ийм нөхцөл байдалд дараа дараагийн алхамуудаа бодож төсвөө төлөвлөх ёстой. Хятадын эдийн засаг түргэн сэргэж, хоёрдугаар хагаст өсөлттэй гарсан боловч дэлхийн эдийн засаг сэргэхгүй бол энэ өсөлт удаан хадгалагдахгүй. Тэгэхээр бүсээ чангалж, зардлаа маш зөв хуваарилахгүй бол энэ жил иргэдийн амьдрал сайн байх ч ирэх онуудад хүндхэн нөхцөл байдалтай тулна.

-Олон улсын байгууллагууд эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн таамаглаж байна вэ?

-ОУВС, Дэлхийн банкнаас энэ жил дэлхийн эдийн засаг ойролцоогоор тав орчим хувиар агшина гэсэн төсөөлөл гаргасан. Ирэх жил сэргэнэ гэсэн найдлагатай байгаа. Гэхдээ “ковид”-оос өмнөх үе рүү 2-3 жилд буцаж очихооргүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс дэлхийн эдийн засаг сэргэх ч 2018, 2019 оных шиг өсөлт рүү очиход 2-3 жилийн хугацаа шаардлагатай. Ер нь хөгжиж буй орнуудын хувьд илүү эрсдэлтэй байгаа. Эдгээр орны эдийн засаг аль ч хямралын үед хамгийн ихээр хямардаг. АНУ-ын эдийн засаг бага зэрэг унахад Хятад тэрнээс илүү, Монголынх бүр илүү унах жишээтэй. Тиймээс манайх шиг түүхий эдээс хэт хамааралтай улсад ирээдүй харагдахгүй байхад аль болох хямгатай байхгүй бол нэлээн хүндрэл үүсэхээр байгааг олон улсын судалгаанууд онцолсон.

-Одоо эдийн засаг 10 орчим хувиар унаад байна. Гэхдээ цаашид эдийн засаг өссөөр жилийн төгсгөлд 2019 онтой харьцуулахад хасах нэг хувийн үзүүлэлт дээр аваачина гэсэн. Энэ боломжтой юу?

-Биелэхэд тун хүндрэлтэй. Одоо 10 орчим хувиар агшсан эдийн засаг чинь жилийнхээ эцэст нэг хувиар эерэг байхын тулд үлдсэн хагас жилд маш өндөр хувиар өсөх шаардлагатай болно. Гэтэл тийм өндөр өсөлтийн суурь харагдахгүй байна. Тэгэхээр төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь улам л өндөр болоод явна. Бусад улс орны хувьд “ковид”-той холбоотойгоор төсвийн алдагдлаа нэмэгдүүлж байгаа л даа. Гэхдээ манай орны хувьд өр нь маш өндөр, гадаад валютын нөөц бага үед ингэх нь маш эрсдэлтэй алхам юм.

Ирэх онуудын бондын өр төлбөрүүдээ буцааж төлж чадахгүй нь ойлгомжтой. Дахин санхүүжилт хийнэ. Ингэхдээ өмнө нь авч байсан хүүгээсээ илүү өндрөөр авна гэсэн үг. Дээрээс нь өрхийн хэрэглээ өндөр, Засгийн газрын хэрэглээ өндөр гарчихсан тул импортын хэрэглээ төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ нь валютын нөөцийг хурдтай бууруулах хүчин зүйл болно. Хэрэв нөөцөө хангалттай барина гэж хичээвэл ханш сулрах эрсдэлтэй. Ер нь манайх шиг орны хувьд гадаад валютын нөөц дуусаад ирэхээр л маш өндөр эрсдэл хүлээдэг. Энэ нь хамгийн хүндрэлтэй байх болов уу. Энэ жил экспортын орлого маш бага болсон. Ирэх жил сэргэнэ гэж хүлээж байгаа. Гэхдээ вакцин гараагүй. Мөн манайх автомашинаар нүүрс тээвэрлэдэг тул цар тахлын үед экспортод огцом өсөлтийг гаргахад хэцүү.

-2021 оны төлөв байдлын төсөөлөл маш эрсдэлтэй харагдаж байна гэсэн үг үү?

-Урт хугацаанд төлөвлөмөөр байна. Гэнэт л маргааш хүүхдийн мөнгө өгнө, татвар бууруулна гэх зэргээр огцом шийдвэр гаргалгүй шат дараатай, төлөвлөгөөтэй, ирээдүйд үүсэх аливаа эрсдэлийг давхар тооцсон байдлаар явмаар байна. Дээрээс нь зайлшгүй шаардлагатай, тэвчиж болох гэх зэргээр зардлуудыг эрэмбэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь орлогын тасалдалт өндөр байгаа үед зардлаа өсгөөд байх шаардлага байна уу. Угаасаа 2020 оны төсөв өндөр батлагдсан шүү дээ. Тэгвэл 2021 онд энэ зардлуудаа бууруулчихвал яах вэ. Эдийн засгийг тасралтгүй дэмжих, сэргээх хөтөлбөртэй байж болохгүй. Хэзээ нь хаазаа нэмэх, хэзээ тоормослох вэ гэдгээ тооцохгүй бол дандаа өндөр хаазтай яваад байж таарахгүй. Засгийн газар ирэх оны төлөв байдлыг хэрхэн харж, төлөвлөж байгаагаа тайлбарлах хэрэгтэй.

Энэ онд гадаад, дотоод эх үүсвэрээс бүх санхүүжилтээ аваад төсвийн алдагдлаа нөхчихдөг. Гэтэл 2021 онд яах вэ. Өрийн хязгаар өндөр болсон үед импотекийн зээлээ одоо төлөөд эхэл, орлогын татвараа төл, хүүхдийн мөнгийг зогсоолоо гэвэл юу болох вэ. Ямар нэг арга хэмжээ авч байгаа бол тэр нь хэр удаан үргэлжилж, тогтвортой байх вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй байна. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн хувьд энэ үед шууд хөрөнгө оруулалт хийнэ гэвэл маш тодорхойгүй байгаа. Тэд хүмүүс ажилгүй болж, юм худалдаж авахаа больчихвол яах вэ гэсэн эрсдэлийг тооцож байна. Түүнчлэн, зээлийн хүүг бууруулах хөтөлбөр гэж ярьж байна. Гэтэл ийм их алдагдалтай үед хүү буурах нөхцөл бүрдэж чадахгүй.

-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын өгөөж эдийн засагт урт удаан хадгалагдаж чадах уу?

-Төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох бага байлгах ёстой. Мөн хөрөнгө оруулалт хийж байгаа бол тууштай, тогтвортой байлгамаар байна. Нэг төсөл эхлүүлж өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд зогсоочихдог. Нөгөө мөнгө нь түгжигддэг. Бараг улсын мөнгө салхинд хийсчихлээ гэж ойлгож болно. Ер нь төсвийн зардал их байх нь эдийн засгийг улам л тогтворгүй болгодог. Үүний оронд хувийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг дэмжих шаардлагатай. Зөв бодлого ийм замаар л хэрэгждэг.

-Энэ жил олон сонгууль давхцаж байна. Төсөвт улс төрийн нөлөө орж байна уу?

-Ойлгомжтой зүйл. Бүгд л мэдэж байгаа. Мөнгөний нийлүүлэлтийн графикийг харахад л тодорхой байдаг. Улстөржилт бага байж тууштай тогтвортой бодлого хэрэгжүүлмээр байна. Нөгөөтэйгүүр, амлалт өгөхөд хязгаарлалт тавимаар байна. Жишээ нь, өнгөрсөн сонгуулийн үеэр харж байхад зарим нам мөрийн хөтөлбөртөө мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа юм. УИХ, Засгийн газар мөнгөний бодлого хэрэгжүүлэх эрх үүрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр сонгогчид хяналттай хандмаар байна. Хийж чадахгүй юмаа амлах, түүнийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарж, улс орныг эрсдэлд оруулдаг байж таарахгүй.

-Зээлийн хүүг бууруулахад төсвийн өндөр алдагдал хориг саад болж магадгүй. Ер нь хүүг бууруулах суурь зарчмыг яаж харах ёстой вэ?

-Зээлийн хүү яагаад өндөр байна гэвэл бид хадгалахаас илүү хөрөнгө оруулах хэрэгцээ байна. Хөгжиж байгаа учир мөнгө олоод хөрөнгө оруулалт хийгээд илүү сайхан амьдармаар байна. Тийм учраас хөгжсөн орнуудаас зээлийн хүү өндөр байна. Яагаад гэвэл хөгжсөн улсаас хөгжихийн тулд зээл авч байна шүү дээ. Хоёрдугаарт, итгэлцэл. Хэлсэн үгэндээ хүрдэг хүнд илүү бага хүүтэй зээл олдоно. Энэ агуулгаар хууль үйлчилдэг газар хүү бага байх магадлал өндөр. Дээрх хоёр нь хүүг тодорхойлдог гол хүчин зүйлс.

Эдийн засгийн үзүүлэлтээс нь дүгнэвэл, экспорт импортоосоо бага байгаад байвал бид гаднаас зээл авах хэрэгцээ шаардлагууд нэмэгдэж байдаг. Тэгэхээр урсгал тэнцлийн алдагдал их байвал манай төгрөгийн хүү өндөр, дээрээс нь төгрөгийн ханш сулрах төлөвт орчихож байна гэсэн үг. Ер нь хөрөнгө оруулагч хэн ч байсан урсгал тэнцлийн алдагдлыг харна. Өөрөөр хэлбэл, уг улс хийж байгаагаасаа илүү худалдан авах сонирхолтой байна гэсэн утга л даа. Энэ гурвыг харгалзаж байж зээлийн суурь хүү өөрчлөгдөнө. Мэдээж хадгаламж, зээлийн хоорондох хүүний зөрүүг бууруулах алхмууд хийгээд байгаа. Энэ нь банкны салбарын өрсөлдөөнөөс шалтгаалах зүйл.

Хүчээр хүүг бууруулъя гэдэг. Ингэхээр хадгаламжийн хүүг өөрчлөх хэрэгтэй болно. Тэгвэл хувь хүн өөрийнхөө мөнгийг ямар хэлбэрээр хадгалахаа сонгох эрхтэй. Жишээ нь, хадгаламжийг хүүг доошлуулаад зургаан хувийн хүүтэй болгочихвол манай урсгал тэнцлийн алдагдал өндөр, ханш суларч байгаа үед төгрөгөө доллар болгоод сейфэндээ хийхийг илүүд үзнэ. Тэгэхээр хөгжиж байгаа оронд зээлийн хүү валютын ханшаас хамаарч байдаг. Зээлийн хүүг бууруулах стратеги нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөр байх шаардлагатай.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *