Сүхбаатарчууд 100 жилийн наадмын ууган болон отгон наадмын түрүүг аваад байгаа юм.
Анх 1921 оны долдугаар сард Ардын засгийн анхны наадам буюу “Бүх цэргийн наадам”-д их жанжин Д.Сүхбаатар сурын харваанд 20 сумнаас 20 онож “өсөх идэр мэргэн” цол хүртсэн бол тэр цагаас 99 жилийн дараа Л.Одсайхан Сүхбаатар аймгаас улсын мэргэн цол хүртсэн анхны эмэгтэй харваач болжээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, 4-р сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Л.Одсайхан 2020 оны Үндэсний их баяр наадамд 40 сумнаас 36 онож түрүүлсэн.
Монгол Улсын мэргэн Л.Одсайханы цолыг мялааж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын зүгээс “Даймонд таун” хотхонд нэг өрөө байр бэлэглэлээ. Тамирчин хүний хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлж, үндэсний спортоо эрхэмлэн дээдэлсэн сайхан үйл явдал болсон байна. Мэргэний хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс 250 гаруй шилдэг харваачид Баруун-Уртад очиж оролцов.