Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.
Тэмцээний эрхийг өнгөрөгч хоёрдугаар сард Энэтхэг улсад олгож, оны сүүлчээр явуулах чиглэлийг өгсөн. Коронавируст цар тахлын улмаас спортын олон уралдаан тэмцээнийг цуцалж дараа жилд зохион байгуулахаар болжээ.
Энэтхэгийн боксын холбооны гүйцэтгэх захирал Жай Коули тус тэмцээнийг 2021 онд зохион байгуулах болсныг батлав. Тэрбээр ASBC-гийн удирдах зөвлөлийн хуралд оролцогсдын бүрэлдэхүүнд байсан аж. Азийн боксын АШТ-ийг өмнө нь эрэгтэй, эмэгтэйгээр тусдаа явуулж байгаад 2020 (хойшлоод 2021) оноос эхлэн хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэтхэгт 1980 онд эрэгтэйчүүдийн (Бомбей хотод), 2008 онд эмэгтэйчүүдийн (Гувахати хотод) тэмцээнийг хүлээн авч байжээ.