Categories
мэдээ нийгэм

​Кувейтийн сангаас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Зүүн бүсийн автозамын төсөлд үзүүлнэ


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд Монгол, Кувейтийн Засгийн газрын хоорондын Комиссын хуралдааныг КОВИД-19 цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдал намжмагц зохион байгуулахаар тохиролцсон байна.

Кувейтийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 400 гаруй км автозам, Монгол, Кувейтийн судалгааны төв, Баян-Өлгий аймагт баригдсан “Кувейт хотхон” зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн билээ.

Түүнчлэн Кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна. Саяхан Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна.

2020 онд Монгол, Кувейтийн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

Б.ОЮУНДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *