Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ, Төв банкныхан мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж үзээд байгаа хэрэг үү?

Ингэж асуумаар үйл явдал сүүлийн үед шил дарах боллоо. Монголбанк зээлийн хүү бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг парламентад өргөн барьж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно” гэж тэс хөндлөнтөв. Эрхэм гишүүн, бид өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төчнөөнөөр буулгасан, 2023 он гэхэд сарын нэг хувь болгоно энэ тэр гээд сүрхий сүржин мэдэгдэл хийж харагдсан. Б.Баттөмөр гэдэг гишүүнийг “Буулга” гэнгүүт буучихдаг эд биш л дээ, зээлийн хүү. Хэн нэг гишүүн, ямар нэг сайд, аль нэг УИХ, Засгийн газар дур мэдээд буулгачихдаг гэж бодвол хэтэрхий гэнэн хэрэг болно. Зах зээлийнхээ жам, жаягаар буурсаар өдий хүрсэн зүйл.

Түүх сөхье. Ерээд онд зээлийн сарын хүү 10 хувь, жилийнх нь 120 хувь байсан гэвэл олон хүн гайхах байх. Гэхдээ бодит амьдралд тийм л байсан. Банкууд зах зээлийнхээ жамаар буулгаж явсаар энэ аварга тоо 1998 онд сарын гурван хувь болж, жилээр нь тооцвол 45.8 хувь руу уруудаж байв. Цаг хугацааг бүр хойшлуулаад өнгөрсөн оны эхний улирлын тоо сөхье. Төгрөгийн зээлийн хүү жилийн 17.1 хувь гэсэн тоо дурайж байна. Сарын 1.4 хувь гэсэн үг. Зээлийн хүү буурсаар өнөөг хүрсэн, цаашдаа ч буурна. Гэхдээ улстөрчид хэлж ярьж, захирч тушаагаад буулгасан удаа нэг ч үгүй. Арилжааны банкууд зам, жамаараа зээлийн хүүгээ буулгасаар өнөөдрийг хүрсэн юм. Цаашид ч зээлийн хүү жамаараа бууна.Буулгах хүмүүс нь улстөрчид биш, банкныхан.

Энэ УИХ төв банкны өргөн барьсан тогтоолын төсөлд яг ямар заалтууд тусгаж эцэслэн батлахыг өнөөхөндөө хэлж таамаглахад хэцүү. Шууд төчнөөн хувиар буулгана гээд алх тогшчихож мэдэх улс. Тэрбайтугайг чихдүүлж байгаад баталчихдаг жишиг УИХ-д нэгэнт тогтчихсон болохоор ингэж хардаад сууна л даа. Зээлийн хүүг буулгах яриа хөөрөө хэдэн парламент дамжин өрнөж байгаа. Товчхондоо популист улстөрчдийг эртнээс тэжээсэн сэдэв. Зээлийн хүүг бууруулна гэж ярих нь зөв, хүүг бууруулахын төлөө бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ яаж бууруулах вэ гэдэг өөр асуудал. Эдийн засагтаа доргио үүсгэхгүй бодитой гарц гаргалгаа шийдэл яривал нэгдүгээрт манай улстөрчид илүү ухаалаг харагдана, хоёрдугаарт, гаргасан шийдвэр нь байндаа тусч, маньд өгөөжөө өгнө.

Банк хэний мөнгийг зээлдэг вэ гэсэн асуулт тавиад харъя. Аль ч банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүү амлаж татдаг. Ингэж татсан мөнгөө иргэд, компаниудад зээдэг. Тэгж зээлэхдээ хүүгийн бага сага зөрүү хардаг, хүүгийн зөрүүнээс олсон ашгаараа оршин тогтнодог. Бүдүүн баргаар төсөөлбөл банк бол нэг иймэрхүү л бизнес. Зээлийн хүүг хүчээр, огцом буулгах хууль баталбал хадгаламжийн хүү огцом буурна, хадгаламжийн хүү буурвал мөнгөө банкинд дэмий хадгалуулахыг хэн ч хүсэхгүй. Эсрэгээрээ хадгаламжаа банкнаас татаж хувиараа зээлдэгч болж, тав гурван төгрөгийн ашиг харсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Шуудхан хэлэхэд тэмцэнэ гээд байгаа өдрийн зээл нь жинхэнэ утгаараа цэцэглэнэ.

УИХ зээлийн хүүг хүчээр буулгавал нэг хэсэг иргэдээ харж үзсэн шийдэл байж болох нь нөгөө хэсэг иргэдээ хохироох эрсдэл бий. Тодруулж хэлбэл, энэ шийдвэр хэрэгжвэл золиос нь хадгаламж эзэмшигчид болно. Нийтлэлээ мөнгө хуримтлуулах нь гэмт хэрэг үү гэж гарчигласан нь цаанаа ийм утгатай.

Эндээс бас нэг логик ургаж гарч ирнэ. Хадгаламж эзэмшигчид мөнгөө ихээр татаад эхэлбэл зээлийн эх үүсвэр хомсдоно, зээлийн эх үүсвэр хомсдож банкууд зээлээ огцом хумивал жирийн иргэд хар захаас зээл авч эхэлнэ. Зээлийн хүүг хуулийн хүчээр буулгаж авна гэж хөөрцөглөж яваа улстөрчид “Банкны зээл буурчих юм чинь хэн ч өндөр хүүтэй зээл авахгүй” гэж бодож сууж мэдэх юм. Үүн шиг гэнэн төөрөгдөл байхгүй. Тахлын хөл хорионоос болж хаалгаа барьсан, барихад хүрсэн аж ахуйн нэгж өчнөөнөөрөө, ажлаа алдсан, алдах дөхсөн иргэд үйл олноороо засаг төр рүүгээ аврал эрсэн харцаар харж суугаа. Хадгаламжаа алдаж, зээлээ хумьсан банк тэдний өндийж босох бизнест нь зориулж зээлд өгч чадах уу? Итгэлтэй цөөн түнштэйгээ л харилцаад явахыг аль ч банк илүүд үзнэ. Коронагаас болж хэцүүдсэн аж ахуйн нэгж, компани, иргэд хар захаас өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрэх нь хэтэрхий тодорхой асуудал. Одоо ч тэгж амьдарч яваа компанийн захирал өчнөөн бий. Өнөөдөр л гэхэд 9911-тэй дугаараа барьцаалж зээл аваад ажилчдынхаа цалинг тавьж яваа компанийн захирлууд цөөнгүй байгаа.

Зээлийн хүү бууруулна гэж чанга дуугардаг улстөрчдийн хэлдэг бас нэг шалтгаан нь хөрөнгө, даатгалын зах зээл. “Санхүүгийн систем бол банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван тулгуур баганатай. Банкны монопол хэтрээд байна. Даатгалаа, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол горьгүй нь” гэж төв царайлдаг ч манай эрх мэдэлтнүүд хөрөнгийн зах зээлийг яг жинхэнэдээ нийт олонхид хүртээлтэй хөгжүүлэх хүсэл зориг огтоос гаргалгүй өнөөг хүрсэн нь хачирхмаар шүү. Хөрөнгийн зах дээр ногдол ашгаа хуваарилж, иргэдэд ч өөртөө ч ашигтай ажиллаж яваа цөөн компани бий, гэхдээ эргэлддэг мөнгө нь багахан. Том компаниудын хувьд нэгэнт гаршчихсан башир аргатай. Сонгодог жишээ нь Улсын их дэлгүүр. Улаанбаатарын төвд байрладаг, зөвхөн талбайн түрээсээсээ гэхэд өчнөөн мөнгө олдог Улсын их дэлгүүрийн хувьцааг худалдаж авсан иргэд өнөөг хүртэл таван төгрөгийн өгөөж хүртэж чадаагүй яваа. Дэргэдээ охин компани байгуулчихаад олсон ашиг өгөөжөө зээл гэх мэт элдэв шалтгаанаар дамжуулж бултуулаад явдаг муу арга Хөрөнгийн биржийн томчуудад нийтлэг анзаарагддаг.

Ер нь тэгээд бизнесийн шинэ төслүүд хэрэгжихэд таатай хөрстэй, чөлөөт өрсөлдөөн жинхэнэ утгаараа буцалж байдаг зах зээлд хөрөнгийн бирж нь хүчтэй оршдог бичигдээгүй хууль бий. Гэтэл манайд ямар байгаа билээ. Төр нь компани байгуулж бизнесүүдтэйгээ өрсөлддөг байдал газар авсан, хувийн хэвшлийнхнийг адалсан уур амьсгал хүч нөлөөгөө авчихсан, муусайн баячууд гэсэн сэтгэлгээ УИХ-ын гишүүн, сайдаас эхлээд жирийн олонхид бат суучихсан, мега төслүүд хөдлөх ямар ч орон зайгүй, мега төслүүдийг хөдөлгөхөөр зүтгэсэн, оролдсоноо шоронд хорьчихдог… Өөрсдийгөө гаднаас нь ажиглаад харвал иймэрхүү өнгө зураг л харагдаж байна. Ийм зах зээлд бизнесийн төслүүдийн амьд өрсөлдөөн буцлахгүй. Бизнес төслүүд шил дараалан хэрэгжихгүй гацчихсан учраас иргэдийн хорхойг асааж, хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөдөлгөөнд оруулах IPO-нууд уралдан гарахгүй. IPO-гоор өлссөн хөрөнгийн зах зээл амилж, иргэн Батад ашиг өгтлөө өдий. Даатгалын тухайд ч төгс утгаараа хөгжчихсөн юм өнөөхөндөө алга. Дэлхийн жишигт хүрсэн нь арилжааны банкууд л байна.

Банкинд мөнгөө хадгалуулж, ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж суугаа хүмүүс хураасан мөнгөөрөө бизнес хийх хувилбар, гарц уг нь бий. Харамсалтай нь тэр боломжийг нь төр хаасаар өнөөг хүрсэн учраас иргэд олсон хэдээ банкинд хадгалуулсаар ирсэн юм. Түрүүн хэлсэнчлэн шинэ бизнес төслүүд цэцэглэх орчин хумигдаж, төрийн гэх нэн шинэ бизнесүүдэд орон зайгаа алдаад байгаа учраас хурааж хумьснаараа бизнес хийх боломж хадгаламж эзэмшигчдэд олдоггүй. Товчхондоо олсноо үрэх биш, үржүүлэх хүсэлтэй хүмүүсийн багахан ашиг олдог газар нь банк л байгаа юм, өнөөхөндөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *