Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увс, Хяргас нуурын шумуул үүл мэт нүүгэлтэж байна

Долоо, наймдугаар сар бол монголчуудын дотоодын аяллын оргил цаг. Зуны дэлгэр цагаар гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт хаашаа очиж амрах вэ гэдэг төлөвлөгөөгөө жилийн өмнөөс гаргаад, зардал мөнгөө эртнээс бэлдэж, машин унаагаа зэхдэг. Өнөө жилийн хувьд урт хугацааны хөл хорионоос гарцгааж, уудам эх орныхоо зүг бүр тийш хүлгийн жолоо залж чилээгээ гаргаж байна. Иргэдийн хувьд Монголын үзэсгэлэнт газруудаар, урьд өмнө нь очиж байгаагүй аймаг, сумдад хөл тавихыг хүсдэг. Ингэхдээ хүмүүсийн шагшин магтаж буй, олноороо зорин очиж байгаа газарт очиж амрахыг эрмэлздэг.

Өнөө жилийн хувьд хүмүүсийн зорин очсон газруудын нэг бол Увс аймгийн Хяргас, Увс нуур байлаа. Тус аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон нь дотоодын аялагчдыг татсан нэг том шалтгаан гэж хэлж болно. Мөн сошиалаар Увс аймгийн үзэсгэлэнт газрууд, нууруудын тухай элдэв мэдээ мэдээлэл, пост харсан хүмүүс хамаг цаг заваа зориулан, зардал чирэгдэл болж гэр бүлээрээ тийш очицгоож байх шиг байна. Гэтэлд сошиалаар харуулсан байгаль, орчин байдал нь бодит байдлаасаа зөрүүтэй байсныг тэнд очоод ирсэн амрагчид ярьж байна. Дээхнэ үед Халх гол, Сэлэнгийн шумуул гэж нүүгэлтсэн юм байдаг, очсон хүн орилоод зугтдаг, хазуулаад халуурдаг гэж ярьцгаадаг байлаа. Үнэхээр тийм ч байсан тал бий. Битүү хувцас өмсөж, нүүр амаа таглаж, шумуул үргээсээр байгаад ядардаг. Тийм ч болохоор Халх гол, Сэлэнгийг шумуулаараа “алдартай” гэдэг. Тэгвэл Хяргас, Увс нуурын шумуул гэж тэндээс аюултай юм байна. Юун Халх голын шумуул, Сэлэнгийн хэдгэнэ вэ. Нуур руу дөхөж эхлэхэд л нүүгэлтсэн бөөн шумуул угтаж байна, цаана чинь. Шаагьж шуугьсан их шумуул машинаас буусан хүнийг бүчиж аваад өргөөд явчихын наагуур улаан булдруу болгож, суусан үүл мэт нуурын эрэг дээр нүүгэлтэж байна

Увс нуур Улаангомоос 36 км-ийн зайд орших бөгөөд тийш явдаг зам нь маш муу, нэг талдаа хоёр цаг гаруй явж байна. Харин Хяргас нуурын араар засмал зам өнгөрдөг учир очиход асуудалгүй. Хүмүүс фэйсбүүк, твиттер, инстаграмдаа Увс нуур, Хяргас нуурт очсон зургаа оруулаад сайхан аялж буй тухайгаа бичсэн байдаг мөртлөө өдийд тэнд очиход үймсэн их шумуул угтдаг, тэнд шумуулнаас болоод тухлах ямар ч боломж байдаггүй талаар огт хэлдэггүй. Өдрийн аагим нарнаар шумуулнуудын эрчим арай багасах ч нар буугаад ирэхэд шуугилдаад л дайрна. Нуурын эрэг дээр амгалан тайван сууж, нуурын мандлыг ажиглан усны чимээ сонсоно гэж тэнд лав үгүй санж. Нүүр, нүдээ таглаж, шумуул үргээгч ашиглаж, бушуухан л майхан савандаа орохгүй бол хувцасныхаа гаднаас хатгуулна. Хэрвээ хоноглохгүй гэвэл шалавхан гэгч машиндаа сууж зугтацгааж байна. Ямартаа ч өдийд, наймдугаар сард Увс, Хяргас нуурт амрах гэж очиход зохимжгүй юм байна. Сошиалд гоё ганган, сайн сайхан гэж байсан юмс бодит байдал дээрээ өөр байдгийн тод жишээ энэ л дээ. Интернэтээр хувцас, бараа захиалахад зурагнаасаа тэс өөр, хөндлөн юм ирдэгтэй агаар нэг юм. Хүмүүс Увс, Хяргас нуурт оччихоод тэнд тав тухгүй, салхи шуургатай, шумуултай байсан талаар нэг ч үг цухуйлгахгүй, харин “Сайхан байлаа” гэж ганц өгүүлбэрээр нэрэлхээд өнгөрдөг. Хамаг мөнгөө шавхаж, бензин тосоо зарцуулаад очсон газар нь санаанд нь хүрэхгүй, гонсгор үлдэх тохиолдолд нэрэлхээд дуугүй өнгөрдөг нь монголчуудын нийтлэг зан.

Нутгийн иргэдийн хувьд яалаа гэж нуур нь, нутаг нь шумуултай гэж хэлэх билээ. Нэг ч гэсэн хүн ирж, хийсэн хоол, цайг нь идэж, цайны газраар нь орж байвал амьдралд нь нэмэртэй шүү дээ. Дөнгөж шинэхэн засмал зам орсон болохоор тэндхийнхний хувьд аялал жуулчлалын талаар мэдэж байгаа юм огт байхгүй. Нутгийн ард иргэдийн зан харилцаанаас эхлүүлээд анхаармаар юм их бий. Зам харилцаа нь хөгжөөд, дотоодын аялагчид зорин ирж байхад сайхан угтахаас тэр орон нутгийн хөгжил хамаардаг. Нийслэлээс 1382 км-ийн зайд оршдог Увс аймгийн хувьд Ю.Цэдэнбал даргын үед хөгжөөгүй, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын үед ч хөгжөөгүй, хязгаар нутаг хэвээрээ л байна. Гэхдээ Улаанбаатартай хатуу хучилттай авто замтай холбогдсон учир яваандаа хөгжих нь дамжиггүй.

Дотоодын аялал жуулчлалын холбоод, энэ чиглэлийн мэргэжилтнүүд аялагчдад зориулсан маш тодорхой танилцуулгыг өгөх шаардлагатай юм. Энэ удаад Увс, Хяргас нуурын жишээн дээр ярилаа. Тэр хол 1400 км зам туулан очиход үймсэн их шумуул угтахад хэн сайхан амарч, алжаалаа тайлах юм бэ. Гэтэл өдийд нутгийн иргэд нь өөрсдөө нуурын хөвөө рүүгээ зүглэдэг ч үгүй юм байна. Уул руугаа, хэц рүүгээ нүүгээд гарчихдаг. Шумуул харих цагаар сая нэг бууж ирцгээдэг. Гэтэл орон нутгийн ийм өвөрмөц нөхцөл байдлыг аялагчдад сануулаагүйгээс хичнээн хүн тэндээс сэтгэл дундуур буцаж байгаа бол. Хэрвээ Увс, Хяргас нуурт очиход шумуул багатай, зохимжтой үеийг нь зөвлөөд өгвөл иргэд тэр дагуу төлөвлөгөөгөө гаргаж очицгоож таарна.

Хөвсгөлийнхөн нуурандаа зургадугаар сард амарцгаадаг юм билээ. Наадмын дараа нуурын ус хүйтэрчихдэг учир тийшээ барагтай бол очдоггүй. Гэтэл тэрийг нь мэдэхгүй дотоодын аялагчид наадмаар, наймдугаар сард тийш очоод даарч, хөрж, хоолой нь өвдөж ирдэг.

Ховдынхон тарвасаараа гайхагддаг. Долдугаар сард гардаг тарвасаа нутгийнхан нь өөрсдөө иддэггүй, үхэртээ өгдөг юм билээ. Тэгтэл тэр тарвасыг нь хотоос очсон аялагчид баярлаад үмхлэх. Энэ мэт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аялагчдын сэтгэлийг дундуур үлдээдэг зүйлс байна. Үүнийг аялагчдад таниулж мэдүүлж байвал яалаа гэж түүхий тарвас идэж, шумууланд бариулж, хоолойгоо өвтгөн өвтгөн хурааж хуримтлуулсан мөнгөө баран явах юм бэ. Өөр сонголт бий шүү дээ. Нөгөөтэйгүүр сошиалын солиорол, тэнд оруулсан пост зургуудад огт итгэж болохгүй гэдгийг энэ бүгд харуулж байгаа юм. Аялалд гарахад судалгаа хэрэгтэй. Ийм судалгааг аялал жуулчлалын мэргэжилтнүүд тодорхой гаргаад өгөх үүрэгтэй. Буруу төлөвлөсөн, судалгаагүй аяллын цаана нэг өрхөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа бол. Энэ мэт нарийн ширийн юмнуудаа монголчууд нь монголчууддаа хэлээд өгөхөд яахав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *