Categories
мэдээ цаг-үе

​Зууны манлай генерал Ж.Цэнд-аюушийн зуун жилийн ой тохиож байна


Зүүн гараас: Партизан П.Тогтох, С.Батаа, Ю.Цэдэнбал, Ж.Цэнд-Аюуш Хоёрдугаар эгнээ: Ц.Содномдаржаа, Л.Вандан, Д.Гунгаа, П.Шагдарсүрэн. 1965 он.

Энэ онд төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ж.Цэнд-Аюушийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тус ойг тохиолдуулан энэ сарын 21-ний өдөр Монгол цэргийн музейд хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Ж.Цэнд-Аюуш нь 1943 оноос эхлэн Ардын армид сумангийн улс төрийн удирдагч, хорооны намын товчооны дарга, дивизийн намын ажлын зааварлагч, Намын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ардын цэргийн Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдон ажилласан юм. 1969 оноос БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны анхны даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд тавдугаар дивизийн 28 дугаар хорооны намын товчооны даргаар оролцож, Өвөр Монгол ба Хятадын нутагт гурван сар шахам явж Цагаан хэрэм, Долоннуур, Жэхэ хотод ажилласан байна. Түүнийг чөлөөлөх дайнд эрэлхэг, зоригтой, гарамгай гавьяа байгуулсан учир Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний мэндэлсний 100 жилийн ой чөлөөлөх дайны 75 жилийн ойтой зэрэгцэн тохиож байгаа юм. Тэрбээр энэ дайны галын шугаманд шалгарсан олон мянган эрэлхэг эх орончдын нэг юм.

Монголын Ардын Армийн Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдсон Ж.Цэнд-Аюушийг зэвсэгт хүчнийхэн “загалмайлсан эцэг” хэмээн бишрэн хүндэтгэдэг байв. Харин өнөөдөр бид түүний зээ хүү, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Дашпунцагийн Ганзоригийн ажил дээр саатаад мордлоо. Түүний өрөөнд чөлөөнд байгаа хурандаа Г.Буянхишиг болон Цэргийн улс төрийн ажилтны ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нар ирсэн байлаа. Ж.Цэнд-Аюуш генералын 100 насны ойг тэмдэглэх санаачилгыг Цэргийн улс төрийн ажилтны нэгдсэн холбооны зөвлөх генерал Г.Дугарсүрэн, Цэргийн улс төрийн ажилтны төрийн бус байгууллагын тэргүүн хурандаа Б.Жуваа нар гаргаж, төрөл төрөгсөд нь дэмжиж, ийн ирэх бямба гаригт тэмдэглэхээр болжээ. Энэ өдөр дашнямтай өдөр тохиож байгаагаараа онцлог. Түүнчлэн эл өдөр Чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн давааг эзэлсэн өдөр юм билээ. Мөн Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Цэргийн музейд дурсамж уулзалт, ярилцлага хийж, үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэ үйл ажиллагаануудад Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга, Батлан хамгаалахын төв архив хамтран ажиллах юм байна. Мөн Батлан хамгаалах болон Жанжин штабын удирдах албан тушаалтнууд урилгаар ирнэ гэлээ.

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙГ БАЙГУУЛАХЫГ ӨВӨӨ МИНЬ САНААЧИЛЖ, БИ СУУРИЙГ НЬ ТАВИЛЦСАН


Ж.Цэнд-Аюуш генералын зээ хүү Д.Ганзоригтой ярилцсанаа хүргэе.

-Таны өвөө бол зэвсэгт хүчнийхэн дунд “Загалмайлсан эцэг” хэмээн бишрэн хүндэтгүүлж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн. энэ хүний үр удам гэдгээрээ бахархаж явдаг байх. өвөөгийнхөө талаар хуучлахгүй юу?

-Ж.Цэнд-Аюуш генерал 1920 оны есдүгээр сарын 10-нд одоогийн Архангай аймгийн Одон сумын Бургалтай гэдэг газар төрсөн. Эгч Дуламжав, ах Тогоохүүгийн хамт эхээс гурвуулаа. 1939 онд сайн дураараа цэрэгт явах гэсэн боловч тухайн үеийн нийгмийн шаардлагаас шалтгаалан цэрэгт татаагүй гэдэг. 1940 онд дэлхийн хоёрдугаар дайн эхэлж олон хүнийг цэрэгт татахад өвөө маань бичиг үсэгтэй учраас тэр дунд нь багтаж чадсан хэрэг. Чухамдаа нисгэгч болох хүсэлтэйгээр цэрэгт орсон юм билээ. Бичиг үсэгтэй, тоо сайн боддог учраас артлерийн ангид хуваарилагдаж, байлдагчаас генерал болсон түүхтэй. Ид залуу насандаа их бууны дивизонд улс төрийн орлогчоор ажиллаж байгаад ахлах дэслэгч цолтойдоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчийн 95 дугаар тогтоолоор Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж байсан. Цэрэгт байх хугацаандаа олон ч цэргүүдээс ялгарч чадсан учраас дарга нар нь цэргийн сургуульд оруулж байсан гэдэг шүү. Тухайн үед Цэргийн Ерөнхий дээд сургууль нэртэй, Одоогийн Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн үндэс суурь болсон сургууль л даа. Энэ сургуулийн түр курсыг 1941-1943 оны хооронд улс төрийн ангийг ахлах дэслэгч цолтой төгсөөд, дараа нь Чөлөөлөх дайнд оролцож байсан.

Генерал Ж.Цэнд-Аюушийн дурсгалд зориулан энэхүү хөргийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дэлэгням 1971 онд бүтээжээ.

-Энэ нэр хүндтэй хүнийг мартахгүй хойч үедээ сануулж байхын тулд буурлууд Чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор, одоогоос таван жилийн өмнө номын цагаан суварга босгосон юм билээ?

-Энэ номыг уншихад талийгаач С.Гомбосүрэн генералын үг миний сэтгэлийг их татдаг. Тэрээр, “Батлан хамгаалах яамны гол хаалгаар ормогц баруун талын ханан дээр Монгол Улсын цэргийн нэрт зүтгэлтнүүдийг бичсэн гантиг самбар байна. Тэр самбар дээр Д.Сүхбаатар жанжин, Хатанбаатар Магсаржав зэрэг гайхамшигтай хүмүүсийн нэр дотор Жамцын Цэнд-Аюуш хэмээх нэр байдаг. Энэ хүний тухай миний хэртэй хүн бичиж зүрхэлнэ гэдэг дэндүү хэрээ мэдэхгүй оролдлого болохыг ойлгож байгаа боловч би номондоо Ж.Цэнд-Аюуш гуайн тухай дурсахгүй байж зүрхлэхгүй нь ээ” хэмээгээд манай өвөөгийн тухай бичсэн байдаг. Би бага байсан учраас ажлын арга барилыг нь мэдэхгүй ч номноос уншихад ямар мундаг улс төрийн ажилтан байсныг нь ойлгосон. Тэр үед нам төвтэй засаг байхад намаар далайлгаж ажил хийдэггүй, бие биеэ хүндэлсэн улс төрийн аргаар ажилладаг байсан. Тухайлбал, Яамны коллегийн хурал хэмээх их том хурлын сайд нь Ж.Лхагвасүрэн жанжин, Жанжин штабын дарга нь Б.Цог генерал зэрэг алтан үеийн мундаг генералуудтай хамт ажилладаг байсан. Хурал дээр бүгд Цэнд-Аюуш генералын үгийг сонсдог байсан. Энэ номыг уншихад тухайн үеийн хүмүүс ямар ихээр биесээ хүндэлж, гар нийлэн ажилладаг байсныг харж, одоогийн бид тэрхүү арга барилд нь суралцмаар санагддаг. Манай өвөө их намуухан зөөлөн хүн байсан ч ажил үйлс нь дандаа хэрэгждэг байснаас нь үзвэл гаргууд удирдагч байсныг нь мэдэж болно.

-Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдсон юм билээ…

-Эхлээд хурандаа цолтой байхдаа Москва руу сургуульд явах болж, ажлаа өгсөн. Сургуулиа төгсөж ирээд мөнөөх албан тушаалдаа томилогдсон. Ажлаа хийж байх хугацаанд нь биеийн байдал тааруун улмаас Армиас гарч төрсөн нутаг Архангайдаа очиж намын хорооны даргаар ажилласан. 1960-аад оны үед манай хоёр хөршийн хоорондын харилцаа муудаж, армийг урьд өмнө нь байгаагүйгээр өргөтгөн зохион байгуулах болж, Ю.Цэдэнбал дарга хамгийн түрүүнд эргээд армид нь дуудсан. Удалгүй Лхагвасүрэн жанжинтай хамт Москва руу очиж Никитович Сергейвич Варшавтай уулзсан. Энэ үед манай арми зэвсэг техникийн хувьд урьд хожид байгаагүйгээрээ өргөжсөн байгаа юм. Мөн Төв хорооны гишүүн, Ардын хурлын тэргүүлэгчдийн гишүүн ч байсан. Ц.Лоохууз, Сурмаажав нарын хэргээр Төв хороо өдөр шөнөгүй хуралдахад тэр хуралд суусаар байгаад бие нь тун тааруу болсон. Тус хуралд үг хэлж байгаад ухаан алдсанаас хойш сэрэхгүй байсаар нас барсан даа. Би хүүхэд байхдаа Цэргийн-64 гэдэг газар төрж, өвөөтэй хамт өссөн. Намайг бага байхад өвөө Ю.Цэдэнбал даргын санаачлан байгуулсан Ахмад зүтгэлтний хорооны анхны даргаар нь томилогдож байсан. Тэр үед өвөөгийн бие их тааруу байсан.


Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев, Яамны сайд Ж.Лхагвасүрэн, Улс төрийн газрын дарга Ж.ЦЭнд-Аюуш нарын түүхэн уулзалт. Москва Кремль 1963 он

-Өвөөгийнхөө сайн сайхан зан чанарын талаар хуучлахгүй юу. хүүхдэд их хайртай байсан гэдэг юм билээ…

-Өвөө хүүхдэд их хайртай, хоёр халаасандаа дүүрэн чихэр хийж гараад тэр хавийн хүүхдүүдэд тараана. Хүмүүсийн нэрийг сайн тогтоодог, бүх хүнийг нэрээр нь дуудаж харьцдаг байсан. Хүүхдэд их хайртай байдаг нь сонин түүхтэй л дээ. Өөрийн ах Тогоохүү нь арван хүүхэдтэй байгаад залуугаараа нас барсан. Тэр үед эгчийгээ Архангайгаас авчраад ахынхаа хүүхдүүдийг өсгөсөн. Тэгээд ахынхаа сүүлд гарсан таван хүүхдийг нь өөрийнхөө нэрээр овоглосон. Өөрөө нэг ч хүүхэдгүй. Ахаасаа өргөж авсан хүүхдүүдийнх нэг нь манай ээж юм. Цэргийн-64-т дөрвөн өрөө байранд 20 гаруй хүмүүс хамт амьдардаг байсан. Тэр олон хүнийг тээр шаалгүй бүгдийг нь өөрийнхөө хүүхэд мэтээр хайрлаж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тийм л сайхан сэтгэлтэй, бурхан шиг хүн байж дээ гэж одоо боддог.

-Сонирхолтой юм. Таны өвөө бол зууны манлай генерал гэгддэг хүн. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр цэргийн амьдралыг сонгож байв уу?

-Орхоны хөндий гэж сайхан хөндий бий шүү дээ. Энэ хөндийд манай өвөг дээдэс эрт үеэс нутагладаг байсан. Социализмын үед атаржих хөдөлгөөн явагдаж бэлчээрийг нь хагалаад мал бэлчих газаргүй болсон учраас бүх малаа нэгдэлд тушаагаад хотод орж ирсэн юм билээ. Ингээд л өвөөгийн минь цэргийн амьдралын гараа эхэлсэн гэдэг. Манай удмынхан дунд цэргийн амьдрал сонгосон хүн надаас өөр байхгүй. Өвөө минь намайг сургуульд ороогүй байхад нас барсан учраас ямар цэргийн сургууль төгссөн, ямар албан тушаал эрхэлдэг байсныг нь ч мэддэггүй байлаа. Дунд сургуулиа төгсөхөд хэн ч намайг цэргийн сургуульд ор гэж хэлээгүй. Гэтэл яг өвөөгийнхөө төгссөн улс төрийн ангид орчихсон байсан. Үүнийг хувь тавилан гэж боддог. Цэргийн сургуульд байхад өвөөг маань их магтаж ярьдаг байсан. Тэгэхэд манай өвөө гэж гайхуулаад байлгүй чимээгүй даруухан байсаар сургуулиа төгссөн дөө.

-Өвөөтэйгөө холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

-Нэгэнт энэ хүний тухай ярьж байгаа учраас хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх. Хүний түүхэн хувь заяа гэж бий. 1987 онд би цэргийн сургуулийн гуравдугаар курст байхдаа энэ музейн суурийг ухаж байсан юм. Сүүлд сонсох нь ээ, 1966 оны нэгдүгээр сарын 13-нд Ж.Цэнд-Аюуш генерал “Монголын Ардын армийн өнөөгийн зорилт” хэмээх илтгэлдээ музей байгуулах тухай санал гаргаж байсан юм билээ. Энэхүү саналыг нь Ю.Цэдэнбал дарга тэргүүтэй Улс төрийн товчоо дэмжиж, түүхэн шийдвэрийг нь гаргуулсан аж. Би сонсогч байх үедээ музейн суурийг тавилцаж байсан бол өвөөгөө музейн талаар анх ярьж байснаас 50 гаруй жилийн дараа музейн захирлаар томилогдон ирж байна. Энэ бол хувь заяа гэж боддог. Намайг музейд ажилласнаас хойш зургаан сарын дараа манай музей “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байлаа. Үүнээс хоёр хоногийн дараа би хурандаа цол авсан. Ингээд бодохоор музей минь надтай түүхэн хувь заяатай гэж боддог.

Ж.ЦЭНД-АЮУШ ГЕНЕРАЛ БОЛ АМЬД БУРХАН, БАХАРХАН ДУУРАЙХ АРИУН ҮЙЛСТЭН

Чөлөөнд байгаа хурандаа Г.Буянхишиг “Ж.Цэнд-Аюуш дарга 50 насандаа Алтан гадас одонгоор шагнуулаад, 1971 онд буюу тавин нэгэн насандаа нас барсан. Хагас зуун жил гаруй хугацаа өнгөрч байхад энэ их хүмүүний талаар” ард олон марталгүйгээр ярьж байгаа нь сайхан байна. 1960 онд би хөдөөний сургуулийн багш байсан юм. Энэ хүний ачаар цэрэгт явж мөрөөдлөө биелүүлж, армийн ахмад дарга болж байсан. Түүний биеийн байдал нь их тааруухан учраас Ю.Цэдэнбал дарга эрүүл агаарт гаргахаар төрсөн нутаг Архангай руу нь онгоцоор явуулж байсан. Тэгэхэд Архангайд хамгийн анхны онгоц газардаж байсан гэдэг.

Ж.Цэнд-Аюуш даргын үед Зөвлөлтийн цэргийн академи, дээд сургуульд суралцаж төгссөн улс төрийн ажилтнууд 1970-1990 онуудад улс төрийн газрын хэлтэс, нэгдэл, нэгтгэлийн улс төрийн хэлтэс, хороо, тусгай ажилчдын улс төрийн байгууллагуудыг удирдаж байсан. Энэ бол Ж.Цэнд-Аюушийн алсын хараа, зөв бодлогын үр дүн гэж үзэх бүрэн үндэстэй. “Өндөр уул нөмөр ихтэй, өргөн тал хараа сайтай” гэдэг мэргэдийн үг бий. Ж.Цэнд-Аюуш дарга түшигтэй, элч ээл ихтэй, халуун сэтгэл, саруул ухаантай, оновчтой санаачилга, шинэ арга барилыг эрэлхийлдэг бүтээлч зохион байгуулагч байв. Ж.Цэнд-Аюуш даргын санаачлан хийж хэрэгжүүлсэн зарим ажлаас жишээ болгон цухас дурдахад, Улс төрийн газрын товчоог буй болгосон нь ардчилал шударга ёсыг эрхэмлэсэн хамтын удирдлагын нөлөө бүхий тогтолцоотой болов. Улс төрийн газрын бүтцэд соёлын хэлтэс байгуулсан явдал армид соёл урлагийн хөгжил ололтод ахиц алхам ч болсон.

Тэрээр, төр түмний итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан олноос онцгой хүн юм байсан” хэмээн хуучиллаа.


БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүд: Зүүн гараас: С.Батаа, Ж.Самбуу, Ц.Готов. Хоёрдугаар эгнээнд Г.Чимэд, Ч.Пүрэвжав, С.Удвал, Ж.Цэнд-Аюуш, Д.Ядамсүрэн 1966 он

Тус аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга асан С.Намжилмаа дурсамжиндаа:

Цэнд-Аюуш даргыг нутгийн хүн ирлээ гэж тааламжтай байсан хэдий ч цэргийн хүний хатуу чанга гарт орлоо доо.Хөдөөгийн ажил амьдралын талаар мэдлэг, дадлага туршлага ямар бол доо гэцгээж байсан. Гэтэл тэрээр маш элэгсэг дотно харьцаатай, орон нутгийн ажлыг сайн мэддэг, зохион байгуулах чадвар туршлагатайг түмэн олон хүлээн зөвшөөрч хүрээлсэн. Аймгийн бүхий л ажилд ахиц дэвшил гарсан” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Олон сайхан шинж чанар бүрдсэн хүнийг бид амьд бурхан хэмээн дээдлэн хүндэлдэг билээ. Ж.Цэнд-Аюуш генерал бол ёстой амьд бурхан, бахархан дуурайх ариун үйлстэн байлаа. Цагийн өнгө, салхины урсгалд эрэлхэг гарамгай эх орончдын суу алдар, гавьяат үйлс мартагдах, бүдгэрэх, хойч үе залуус маань эс мэдэх, үл тоох ёсгүй хэмээн бодном.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *