Categories
мэдээ цаг-үе

“Хандын эрэг”-ийн сургуулийн анхны төгсөгчид

Байгаль цаг уур газарзүйн нөхцөлөөс шалтгаалан 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 63, аймгийн АДХГЗ-ны 24-р тогтоолоор дөрвөн бригадтай Дөрвөлжин сумыг мөн аймгийн Алдархаан сумын Цогтжаргалан, Буурал айраг бригадтай нэгтгэн сумын төвийг Цогтжаргалангийн нутаг Их Монголын элсийг эмжин чимэглэсэн Зүр, Буга хайрханыг тольдсон мөрөнгийн энтэй Завхан голын хөвөөнд “Хандын эрэг” хэмээх газарт шинээр төвхнүүлж сумын нэрийг “Дөрвөлжин” нэрээр тогтоохоор шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү Дөрвөлжин сумын төв бүхэлдээ 150км-т нүүж Хандын эрэгт төвхнөн уртаашаа 270км гаруй, өргөөшөө 30-80км нутагтай дөрвөн бригадтай сум болсон түүхтэй юм. Манай сум зэргэлдээ гурван сумдын нутагтай бараг дүйцэхүйц нутагтай том сум санагддаг.

Дөрвөлжин сум Цогтжаргалантай нэгдэн шинэ сумын төв, сумын тэргүүлэх бага сургууль шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах үед тэр сургуулийн дөрөвдүгээр ангийг 1965 онд төгссөн 44 бор андуудаа дурсан санаж ангийнхныхаа хөгжөөнтэй, дурсамжтай, ажилсаг, оюунлаг чанаруудаас хойчийн дүү нар, үр хүүхдүүдийнхээ мэдлэг ойлгоцод нэмэр болох үүднээс ангийн багшийн дурсамжаар “Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” булангаас мэндчилье. Бусад ангийн төгсөгчидтэй давхцаад байхгүй зарим онцлогуудаа гаргахыг хичээв. Биднийг удаалан энэ сургуулийг төгссөн 60 шахам жилийн дүү нараараа бид бахархдаг шүү. Ангийнхныхаа тухай мэдээ, материал, одоогийн дүр зургийг бэлтгэхэд онцгойлон чармайлт гаргасан Р.Лхагва, Н.Ренчиндорж нартаа талархал илэрхийлье.

Багш Хоохор ангийнхаа анхны унаган шавь нараа дурсахуй:

Таван толгойн бага сургууль, Цогтжаргалангийн бага сургууль хоёр 1965 онд Хандын эрэг дээр нүүдэллэн ирснээр Дөрвөлжин сумын төвд бага сургууль шинээр бий боллоо. Харин газар нутгийн алслалтаас шалтгаалан Онц бригад, Таван толгой бригадын хүүхдүүд хуучин сумын төвдөө үлдэж, Г.Маналжав, С.Бошёл хоёр маань салбар сургуульдаа багшилж үлдсэн. Таван толгойгоос сумаа дагаж багш Бүрэнхүү бид хоёр 1-4 дүгээр ангийн хүүхдүүдтэйгээ “Хандын эрэг”-т очсон нь энэ. Буурал бригадын хүүхдүүд ч мөн шинэ сургуульдаа суурьшив. Цогтжаргалангаас Гимаамидар багш бага ангийн хүүхдүүдтэйгээ ирж тус сургуулийг төвхнүүлэн анхны галыг асаалцаж байсан юм.


Баруун гар талаас урд эгнээнд З.Бадамгарав, Д.Өвдөлмаа, Лхагийсүрэн, Д.Жадамба, Н.Ренчин, Ц.Лханаа, О.Цэндсүрэн, Амайнцоо, Отгонбилэг, Пам, дунд эгнээнд Ш.Аюушжав, Г.Ренчин, Н.Бямба, Л.Лханаа,Г.Балхүү, М.Буянхишиг, М.Загал, Б.Мягмар, С.Балжиннням, Ч.Бямбахүү, Ичинноров, арын эгнээнд С.Наранцэцэг, Л.Бямбаа, Ганбат, Ц.Сувд, С.Бямбаа, М.Халтархүү, Д.Ганжуур, Д.Сосорбурам, Б.Нямхүү, Сэсээр, Цогзол, Сүрэн, Бавуужав.

Таван толгойгоос дөрөвдүгээр ангийн 13 сурагч, Цогтжаргалангаас 10 сурагч ирж, дөрөвдүгээр ангид орж нэг улирал хичээллэн шинэ сумын шинэ бага сургуулийн анхны төгсөгчид болсон. Эдгээр сурагчдыг нэрлэвэл, Таван толгойгоос З.Бадамгарав, С.Балхүү, Н.Бямба, С.Бямбаа, М.Буянхишиг, Д.Ганжуур, Д.Жадамба, Б.Ичинноров, Б.Мягмар, Г.Ренчин, Б.Халтархүү, О.Цэндсүрэн, С.Балжинням, Цогтжаргалангаас С.Александр, С.Балданрагчаа, Жаргал, Р.Лхагва, Лхагваа, Марууш, Сэрэг-Отгон, Удвал, Цогцолмаа, Р.Янжиндулам нарын 10 сурагч шилжин ирж билээ.

Шинэ сумын шинэ бага сургуулийн эрхлэгчээр Цогтжаргалангийн сургуулийн багш Гимаамидар томилогдож, би нэг ба дөрөвдүгээр ангийг, Бүрэнхүү багш гуравдугаар ангийг, Шагдар гэдэг залуу багш хоёрдугаар ангийг даан авч хичээл заах болов. Ингэж Дөрвөлжин суманд шинэ бага сургуулийн үндэс суурийг тавилцаж байснаараа бид бахархаж явдаг юм. 1970 онд бага сургууль маань найман жилийн сургууль болж өргөжиж одоог хүртэл ажиллаж байна. Сум нүүхийн өмнө Таван толгойд суралцаж байсан сурагчдын зургийг тайлбартай өгөв. Манай ангиас Бямбахүү, Бадамгарав, Балхүү, Буянхишиг, Ганжуур, Р.Лхагва, Ганбат, Лханаа, Наранцэцэг, Нямхүү, Сувд нар дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгссөн. Цогтжаргалангийн нутаг Хандын эрэг нь харгана бут, урт хайрхан элбэгтэй хатуувтар хөрстэй газар байсан. Сумын төв нь сургууль, сум нэгдлийн захиргаа, худалдаа бэлтгэлийн анги, дэлгүүр, хүн эмнэлэг гэсэн 7-8 монгол гэрийг өөр хооронд нь бага зэрэг зайтай харгана бутны чөлөөнд барьж төвхнөж эхэлсэн юм.

Багш нар хүүхдүүдтэйгээ хичээлээ хийчихээд сумын захиргаанаас тогтоосон норм зааврын дагуу харганыг үндсээр нь таслан авч сумын төвийн барилгыг барих талбайг бэлтгэж байсан нь сумыг шинээр тохинуулахад манлайлан оролцож эхэлсэн манай ангийнхны онцлог.

1965 оны тавдугаар сарын 8-нд Монголын хүүхдийн байгууллагын 40 жилийн ойг нижгэр тэмдэглэж, “Шидэт хүүхэн” багт жүжиг, сургуулийн нэгдсэн концерт тоглосон юм. Жүжгийн гол дүр болох шидэт хүүхэнд З.Бадамгарав, хүүд М.Буянхишиг, мууранд С.Балжинням, өвгөнд Б.Халтархүү болон ангийн бүх хүүхэд оролцон тоглож байв.

Дурсамжтай түүх өгүүлэхэд, сурагч Балжинням хуучин сумын сургуульдаа үлдсэн хэдий ч төд удалгүй багш дээрээ хүрээд ирэв. Сурагчаа цаашлуулан “Чи одоо буцаад яв” гэхэд “Би буцахгүй, энд сурна” гээд түлээний хайрцагт орж суучихаад зорьсондоо хүрэхээр тэмүүлж байсан нь өхөөрдөм байж билээ.

Энэ ангиас бүх ард түмний урлагийн үзлэгийн мөнгөн медальт дуучин С.Балжинням, дуучин С.Бямбаа, Л.Бямбаа нар төрөн гарсан онцлогтой юм. Хүүхдүүд маань анги нийтээрээ хөдөлмөрт дуртай, ажилсаг хичээнгүй, авьяаслаг нөхөрсөг зан чанартай хүүхдүүд байлаа.

Аймгийн төвөөс алслагдсан говийн сумын бага сургуулийг 44 хүүхэд нэг ангид төгссөн нь энэ ангийнхны нэг онцлог байв. Эдгээр сурагчдаас тэн хагас нь Алдархаан сумын дунд сургуульд шилжин суралцаж үлдсэн нь шинээр зохион байгуулагдан төвхнөж байсан сумын бүтээн байгуулалтад биечлэн оролцож эхэлсэн. Тухайлбал, Н.Бямба, Д.Жадамба нар сумын төвийг барилгажуулах, айл өрхийг модон шалтай болгох зэрэг бүх ажилд үеийн нөхдөө манлайлж байв. Н.Ренчиндорж сумын зарлагаар ажиллаж эхэлсэн. Хожим жолооч болсон бөгөөд одоо төв суурингаас очсон ангийн нөхдөдөө унаагаар тусалж байдаг гэсэн. Энэ зарлага улаач маань дүн өвлийн хүйтэнд өртөөний морины дэлийг сумлан засаж гангарсны улмаас сумын захиргаанаас донго хүртэж байсан хөгжөөнтэй явдал дуулдаж байв.

Дунд сургуульд дэвшин суралцаагүй хүүхдийн дийлэнх нь эцэг эхийн дэргэд мал аж ахуй эрхэлснээс сум, аймаг, улсын аварга малчид, сум, аймгийн алдарт уяачид болж орон нутагтаа хүндлэгдэж байдаг.

Дунд сургуульд дэвшин суралцсан сурагчдаас маань таван хүүхэд багш, нябо, худалдааны ажилтны дунд мэргэжил эзэмшсэн. Мөн 10 сурагч 10 дугаар анги төгсөн тав нь их дээд сургуульд орж тав нь конкурсээр улаан шугамын урд орохоор сурлагатай байсан хэдий ч өөрсдийн саналаар илгээлт аван малчин болсон. Гэвч тэд 2-3 жилийн дараа их дээд сургуульд орж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Дашрамд дурдахад Дөрвөлжин сумын хүүхдүүд аравдугаар анги төгсөх, их дээд сургуульд олноороо элсэх нь тасалдаж байсныг миний анхны ууган сурагчид маань ийнхүү сэргээж дүү нартаа үлгэр дуурайл үзүүлсэн юм. Дээд сургууль төгссөн шавь нар маань улсын хэмжээнд ажиллах чадварлаг мэргэжилтнүүд болсон.

Ууган шавь нараас маань төрийн одон медальтнууд, салбар, салбарын тэргүүний ажилтнууд, спортын зэрэгтнүүд сумын цолтой бөхчүүд төрсөн.

Шавь нарын нэгдсэн дурсамж: Багш маань техникум төгсөж ирээд манай ангийг даасан тул нас ойролцоо үе дотроо тул бид уулзсан үедээ үеийн найз нөхөд шиг харилцаатай байдаг юм. Өдгөө өндөр насыг насалж, өргөн дэлхийг тойрон 40 гаруй жил гүйхдээ хөдөлгөөн бол хүнийг урт наслуулдаг гэж өөрийн биеэр туулснаа өрөөл бусдад ярьсаар байнам. Бидний монгол хэл, математикийн хичээлийн дэвтрийг хувийн архивтаа 50-иад жил хадгалж байгаад Ч.Бямбаахүүгээр дамжуулан тарааж өгсөн. Өвөө эмээ болсон бид өчнөөн жилийн дараа өөрсдийн дэвтрээ үзээд өхөөрдөм хүүхэд настайгаа уулзах шиг болсон шүү. Манай ангийнхан 60 шахам жилийн дараа тохитой өвөө эмээ нар болоод байна.

Д.ГАНЖУУР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *